Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулна

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Соёлын яам хамтран “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 7-9-ны хооронд гурван өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд үзэсгэлэн, чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг болох бөгөөд нээлт өнөөдөр боллоо.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 салбарын хүрээнд хөгжүүлж байгаа. Энэ хүрээнд ЖДҮҮ буюу гар урлалын чиглэлийг анхаарч байна. Гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс нэг удаагийн шинж чанартай бүтээл хийж байгааг бүтээгдэхүүн болгож, олон улсын зах зээлд хэрхэн гаргах вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа” хэмээсэн юм.

Энэхүү цогц арга хэмжээгээр ЖДҮҮ-ний салбарын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын салбараар дамжуулан бараа бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах боломжийг хэлэлцэнэ.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Өмнөх “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Улаанбаатар хотод хэчнээн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгаа вэ гэдгийг тодорхойлсон. Энэ жилийн онцлог нь уламжлалт гар урлалын шилдэг бүтээгдэхүүнүүдээ шалгаруулж байгаа явдал юм. Үнэлгээний 10 хороо ажиллаж байгаа. Улаанбаатар хотод уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 мянга гаруй хүн байдаг. Энэ удаагийн арга хэмжээнд Улаанбаатараар хязгаарлагдахгүй, орон нутгаас иргэд оролцож байна. Өнөөдрийн арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй бүтээл дэлгэгдлээ. Өөрөөр хэлбэл, 10 төрөл тус бүрд 100 бүтээгдэхүүнээр оролцож байна гэсэн үг. Орон нутгаас мөн ийм тооны бүтээгдэхүүнээр оролцож байна. Шилдэг 100 бүтээгдэхүүнийг шалгаруулж, 1-3 жилийн хугацаанд бойжуулж, олон улсын зах зээлд гаргахад хамтарч ажиллана” хэмээв.

Уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс экспортын чиг баримжаатай 100 шилдгийг шалгаруулж батламжлан, олон улсын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Ч.Энхтүвшин “2006 онд нүүдэлчин ахуй соёлыг хүүхэлдэйн урлагаар хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор 208 хүүхэлдэйн үзэсгэлэнг Монголд анх удаа гаргасан. Үүнээс хойш  Америк, Японд хүүхэлдэйн урлагийн мастертай хамтарсан үзэсгэлэн гаргасан. N’COOSH брэндийг үүсгэн байгуулаад 16 жил болж байна. Таван нэр төрлөөр бүтээгдэхүүн хийдэг. Үндэсний туульд гардаг үлгэрийн баатрууд орчин үед ямар байх вэ гэдэг зөгнөлт дүрүүдээр кибер бүтээлүүд хийж байна. Бид Матрёшка гэдэг шиг үндэсний брэндтэй болох ёстой. Түүгээрээ соёл, урлаг, үндэсний хэв маягаа сурталчилдаг байх ёстой” хэмээсэн юм.

Гар урлаачдын үзэсгэлэнд уламжлалт гар урлалын 82 төрөлд багтах 2000 орчим бүтээлээр 21 аймаг, есөн дүүргийн гар урлаач, ЖДҮҮ эрхлэгчид оролцож байна. Мөн уламжлалт гар урлаачдад зориулсан сургалтыг арваннэгдүгээр сарын 8, 9-нд “Бизнес маркетинг хөгжүүлэлт, орчин үеийн чиг хандлага”, “Уламжлалт ар урлалын брэнд хөгжүүлэлт”, “Оюуны өмч ба үйлдвэрлэл”, “Экспортын замын зураг, тулгардаг асуудал, боломж шийдэл” сэдвээр зохион байгуулна. Түүнчлэн уламжлалт гар урлалыг хөгжүүлэх боломж, шийдэл хэлэлцүүлэг “Соёлын өвийн судалгаа, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт “Гар урлал”-ын чиг хандлага”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго”, “Гар урлал, ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг аялал жуулчлалаар дамжуулан эргэлтэд оруулах нь” сэдвийн хүрээнд арваннэгдүгээр сарын 7, 8-нд болно.

Монгол Улсын нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 гаруй хувийг ЖДҮҮ-ний салбар бүрдүүлдэг. Эдгээр ЖДҮҮ эрхлэгчдийн 68 хувь нь буюу 43,236 аж ахуйн нэгж нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 11 мянган аж ахуйн нэгж, 30 мянга гаруй “Урлаач” ажиллаж байгаа юм. ЖДҮҮ-ний  салбар нь ДНБ-ий 18.3 хувь, нийт экспортын орлогын 2.4 хувийг бүрдүүлдэг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...