Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Мэргэжлийн байгууллагууд коронавирусын тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ тооцоолж байна. Иймд сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, ирэх хоёрдугаар сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.
МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.
2022 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3, их, дээд сургуулийн багш нарын 58 хувь нь тус тус хамрагджээ.
Мөн 12-15 насны хүүхдийн 77.5, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байна.
“Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна
“Оюу толгой ХХК”-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах талаар холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.
Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс хангах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний төслийг эцэслэн боловсруулж дуусчээ. Засгийн газрын хуралдаанаас гэрээг баталгаажуулж, үзэглэх эрхийг өгсөн байна. Өнөөдөр гарын үсэг зурна.
Гэрээ байгуулагдсанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг барьж байгуулах төслийн санхүүжилтэд чухал нөлөө үзүүлэх бөгөөд жил бүр 173 сая ам.долларын импортын цахилгааныг дотоодоос худалдан авснаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх юм.
Замын-Үүд боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна
Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тн чаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байна.