Ч.Уртнасан: Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлагч их эмч, Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын магистр Ч.УРТНАСАНТАЙ ярилцлаа.

-Нийслэл хот төдийгүй орон нутагт томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэслээ. Сүүлийн үед нөхцөл байдал ямар байна вэ?

-Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байна. Гэхдээ улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд хүрээгүй байна. Томуу болон ковидын омикрон хувилбар амьсгалын дээд замын халдвар учраас илрэх эмнэл зүйн шинж тэмдэг нь ойролцоо. Иймээс томуу болон ковид гэж ялгахад хэцүү, зөвхөн лабораторийн шинжилгээгээр ялгана. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 10 мянган хүн амд томуугийн 44 тохиолдол бүртгэгдэж байна. Бид долоо хоног тутам томуугийн цар тахал болон улирлын томуугийн эрсдэлийн үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээгээр томуу улсын хэмжээнд идэвхжлийн, харин орон нутагт зургаан аймагт дэгдэлтийн түвшинд байна гэж гарсан. Насны хувьд аваад үзвэл, өвчлөгсдийн 60 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Үүнээс 40 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд. Цар тахал гарахаас өмнө нийт өвчлөлийн 70-80 хувийг ес хүртэлх насны хүүхэд эзэлдэг байсан. Ковидоор хүүхдүүд харьцангуй бага, насанд хүрэгчид их өвчилж байна. Иймээс манай насны бүлэгт бага зэргийн өөрчлөлт гарсан. Харин сүүлийн үед бага насны хүүхдүүдийн эзлэх хувь нэмэгдэх боллоо. Ковидын халдвар насанд хүрэгчдийн дунд өндөр байгаатайд зэрэгцэн бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдвэл эмнэлгийн ачаалал 2-3 дахин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс бид бага насны хүүхдүүдийг амьсгалын замын халдварт өвчин тусахаас сэргийлж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн 22 хувь нь амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвсэлтэй. Насны бүлгийг ангилбал 16 хүртэлх насныхан 42.5 хувийг эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад энэ долоо хоногт 1-9 насныхны дунд өвчлөл нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа. Мөн лабораторийн шинжилгээгээр томуугийн А хүрээний Н3N2, хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл, эндэгдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй амьсгалын замын сенсеталь вирусийн өвчлөл өндөр хувьтай байгаа нь илэрсэн. Түүнчлэн энэ жил томуу, томуу төст өвчний 4-5 төрлийн цар тахал үүсгэж буй ковидын вирус зэрэг орчилд орж байгаа нь өндөр эрсдэл дагуулж байна.

-Томуу, томуу төст өвчин болон цар тахлын вирусийн шинж тэмдгүүдийг ялгах боломжтой юу?

-Ковидын хувьд тархвар зүйн асуумжийг заавал асуудаг. Ковидоор өвчилсөн тохиолдолтой хамт байсан бол томуу биш ковид байх магадлал өндөр. Томуу тусахад өндөр халуурч, ерөнхий хордлогын шинж тэмдгүүд илэрдэг. Ковид цар тахал буюу омикрон хувилбарт харьцангуй бага халуурдаг.

МӨН ТОМУУГИЙН БОЛОН КОВИДЫН ВИРУС ХҮҮХДЭД ЛАРАНГИТ ХЭЛБЭРЭЭР ХҮНДЭРДЭГ. ЯГ АДИЛХАН ШИНЖ ТЭМДГЭЭР ХҮНДЭРЧ БАЙГАА УЧРААС КОВИД ЭСВЭЛ ТОМУУ ГЭЖ ЯЛГАХАД АМАРГҮЙ. БИДНИЙ АЖИГЛАСНААР КОВИДЫН ҮЕД БАГА ХАЛУУРДАГ.

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, жил бүрийн намар вакцин хийдэг. Өнгөрсөн жил хүүхдүүд вакцинд хэр хамрагдсан бэ?

 -Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин. Жил бүрийн намар томуугийн улирал угтаж, эрсдэлт бүлгийн хүн амаа вакцинд хамруулдаг. Үүнд 65-аас дээш насныхан, архаг хуучтай өвчтөн, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд багтдаг. Өнгөрсөн намрын хувьд бид томуугийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдээ вакцинжуулсан. Нийт 360 мянган тун томуугийн вакцин хүлээн авч 334 мянган хүүхдийг вакцинд хамруулсан. Бид жил бүрийн вакцинд жирэмсэн эхчүүдээ яагаад хамруулдаг вэ гэхээр жирэмсэн үедээ вакцинд хамрагдсанаар өөрийгөө болон гэдсэнд байгаа ургаа зургаан сар хүртэл томуугийн өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой байдаг. Тэгэхээр эхээс төрөхдөө хүүхэд томуугийн дархлаатай байна гэсэн үг.

-Хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдсан ч тайвширч болохгүй биз дээ?

-Томууг үүсгэж байгаа 200 гаруй вирус бий. Олон улсад хийсэн судалгаагаар хүйтэн бүсийн иргэд жилд 4-6 удаа томуугийн халдварт өртдөг. Гэхдээ өвчин хүндрэх эсэх нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална. Дархлаа сул хүн бол жилд зургаан удаа томуугаар өвчлөх эрсдэлтэй. Харин дархлаа сайтай хүн өвчин хүндрэхгүй, хөнгөн тусах магадлалтай. Зарим эцэг, эх хүүхдээ тав хоногт эмнэлэгт эмчилгээ хийлгэж хэвтүүлчихээд эмчийн өгсөн заавар зөвлөгөөг дагадаггүй. Тав хоногт миний хүүхэд бүрэн эдгэрсэн гэж боддог. Гэтэл эмч нь дахиад хэд хоногийн эмчилгээ, зөвлөгөөг өгдөг. Зөвлөсний дагуу хүүхдээ асарч, сувилснаар хүүхэд бүрэн эдгэрч дахин өвдөхгүй байх боломжтой. Эмнэлгээс гарсны дараах асаргаа сувилгаа хамгийн чухал.

-Эцэг эхчүүд томуу, ковидоо ялгахгүй буруу эмчилгээ хийж хүүхдээ хүндрүүлэх эрсдэл байна уу. Юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Бага насны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандаж, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх ёстой. Хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрмэгц зарим эцэг, эх өндөр тунгаар антибиотек уулгадаг.

АНТИБИОТЕК ВИРУСИЙН ЭСРЭГ ЯМАР Ч ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГГҮЙ. ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ 90-95 ХУВЬ НЬ ВИРУСИЙН ГАРАЛТАЙ БАЙДАГ.

Тиймээс хүүхдийн биеийн байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Ямар ч тохиолдолд антибиотекийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Заавал мэргэжлийн эмчийн хяналт, зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.

 -Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хэдэн хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа вэ?

-Мэдээллийг есөн дүүрэг, 21 аймгийн эмнэлгүүдээс долоо хоног тутам авдаг. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн 70 орчим хувь амьсгалын замын хүнд халдварт өвчинтэй. Орон нутагт 68, Улаанбаатар 71 орчим хувийг эзэлж байна. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн өвчлөлийн 72 хувийг амьсгалын замын хүнд халдвар эзэлж байна. Одоо томуугийн дэгдэлтийн улирал эхэлсэн. Манай улсын хувьд томуугийн идэвхжил аравдугаар сарын сүүлээс эхлээд нэг, хоёрдугаар сард оргилдоо хүрч эргээд буурдаг. Сүүлийн хоёр жил томуугийн вирус орчилд ороогүй байсан. Энэ жилийн хувьд олон төрлийн вирус орчилд байгаа учраас хүндрэл дагуулах эрсдэлтэй. Мөн хоёр жилийн хугацаанд хүүхдүүд хөл хорионд гэртээ хичээллэж, орчноос тусгаарлагдсан. Эргээд энэ жилээс нийгмийн харилцаанд орж эхэлсэн. Орчин тойрон дахь вирустэйгээ анх удаа танилцаж байна гэсэн үг. Тиймээс өмнөхөөсөө илүү хүндрэх магадлалтай. Энэ жилийн хувьд эмнэлгийн орны ачаалал өндөр байна. Улсын хэмжээнд 1400 орчим ор дэлгэн зохицуулалт хийж ажиллаж байна.

-Энэ эрсдэл өндөртэй цаг мөчид эцэг эхчүүд юуг анхаарч, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Танд болон таны хүүхдэд халуурах, ханиах, найтаах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлаарай. Шаардлагагүй бол бага насны хүүхдийг олон нийтийн газраар битгий дагуулж яв. Амны хаалтаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих зөвлөгөөнүүд ямар үр дүнтэйг дэлхий дахинд сүүлийн хоёр жилд харуулж байна. Энэ халдвар хамгааллын зөвлөгөө нь дан ганц ковид биш амьсгалын замын халдварт бүх өвчлөлийг бууруулахад өндөр үр дүнтэй. Гэртээ байгаа бага насны хүүхдүүд насанд хүрэгчдээс халдвар авч байна. Хүүхдээ гэртээ хорьчихоод өөрсдөө гадуур явдаг. Тэгэхээр бага насны хүүхэд гэлтгүй томчууд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, шаардлагагүй бол олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх хэрэгтэй. Ингэж чадвал та болон таны хүүхэд өвчлөх эрсдэл хоёр дахин буурч, эрүүл байх бүрэн боломжтой. Мөн насанд хүрэгчид гэртээ ормогцоо хүүхдээ тэвэрч үнсдэг нь маш буруу. Амны хаалтаа тайлж, гараа ариутгаж, угааж цэвэрлээд, хоолой амаа зайлсны дараа хүүхэдтэйгээ харилцаж хэвших хэрэгтэй.

-Энэ өвөл ротавирусийн халдвар бага насныхны дунд өндөр байлаа. Эцэг, эхчүүд томуугийн вакцинтай адил ротавирусийн вакцин хүүхдүүддээ хийлгэх хэрэгтэй гэж үзэж байна. Ийм боломж бидэнд байгаа юу?

-Гэдэсний хямрал үүсгэдэг ротавирус нь 9-11 дүгээр сард дэгдэлтийн хэмжээнд хүрдэг. Одоо дэгдэлт харьцангуй буурсан. Ротавирусийн вакцины тандалт судалгааг хийж байна. Вакцин нэвтрүүлэхийн тулд олон тандалт судалгаа хийдэг. Хамгийн гол нь хүүхдүүдээ эмчлэх үү, вакцинаар хамгаалах уу, аль нь эдийн засгийн хувьд ашиг тустайг тооцож үзнэ.

ТОМУУГИЙН ХУВЬД ВАКЦИН ХИЙСЭН НЬ ЭМЧИЛГЭЭНЭЭС ИЛҮҮ ӨНДӨР, ҮР ДҮНТЭЙ НЬ СУДАЛГААГААР БАТЛАГДСАН УЧИР БИД ЖИЛ БҮР ВАКЦИНЖУУЛАЛТ ХИЙДЭГ.

Г.НЯМСҮРЭН

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...