ХСҮТ-ийн Хорт хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албаны эпидемиологич,их эмч Ц.Туултай Умайн хүзүүний хорт хавдрын талаар ярилцлаа.
-Та энэ салбарт хэр удаан ажиллаж байна вэ. Монголд умайн хүзүүний хорт хавдрын нөхцөл байдал хэр хэмжээнд байна вэ?
-Тус төвд 2003 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2010 оноос хорт хавдрын үндэсний бүртгэл, 2013 оноос Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилт болон техникийн дэмжлэгтэйгээр хорт хавдрын илрүүлгийг манай улсад умайн хүзүү, хөхний хорт хавдрын илрүүлгээр эхлүүлэх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилд оролцож, одоог хүртэл үндэсний хэмжээнд хавдрын илрүүлгийн бүртгэл, зохицуулалтын чиглэлээр үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Эхлээд хорт хавдрын тухай ойлголт, умайн хүзүүний хорт хавдрын онцлог, энэ өвчин дэлхий дахинаа болон монгол улсад хэр зэрэг асуудал үүсгэж байгаа талаар товч дурдах нь зүйтэй байх. Хорт хавдар гэж аливаа нэг эд, эрхтний эсийн түвшинд үрэвсэл, өөрчлөлт гарснаас хэвийн бус эс үүсэж, улмаар хяналт, зохицуулалтгүйгээр хуваагдаж, олширох үзэгдлийг хэлдэг. Тэгэхээр энэ хэвийн бус эсийн замбараагүй ургах үзэгдэл эмэгтэйн умайн хүзүүний хавтгай хучуур болон булчирхайлаг эсэд байршин явагдаж байгаа процессыг умайн хүзүүний хорт хавдар гэж нэрлэдэг. Олон улсын хавдар судлалын байгууллагуудын сүүлийн үеийн мэдээгээр, умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийн хэмжээнд хорт хавдрын өвчлөл дотроо дөрөвдүгээр байрт, тэр дундаа Азийн орнуудад гуравдугаар байрт орж байгаа бол дэлхий дээр хоёр минут тутамд нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраас шалтгаалан хорвоог орхиж байна гэж мэдээлсэн байна.
МАНАЙ УЛСЫН ХУВЬД ХАВДРЫН ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛИЙН ТАЙЛАНГААР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙН ТҮВШИН 100 МЯНГАН ЭМЭГТЭЙ ХҮН АМД ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР 61, УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР 26 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, ХОЁРДУГААР БАЙРАНД ОРЖ БАЙНА.
Харин умайн хүзүүний хорт хавдраас шалтгаалсан нас баралтын хувьд эмэгтэй хүйсэнд авч үзвэл элэг, ходоодны хорт хавдрын дараа гуравдугаарт орж байна.Энэ бол умайн хүзүүний хорт хавдар /УХХХ/ нь олон улсад төдийгүй манай улсын хувьд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал мөн болохыг харуулж байгаа юм.
-Умайн хүзүүний хорт хавдрын цогц хяналтын зааврыг шинэчлэн баталсан. Ямар өөрчлөлтүүд багтсан бол?
-2020 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Умайн хүзүүний хорт хавдрын цогц хяналтын заавар”-ыг шинэчлэн боловсруулж батлуулсан, энэ нь 2011 онд батлагдсан “Умайн хүзүүний хорт өмөнгийн эмнэлзүйн удирдамж”-аас ялгаатай нь энэхүү хавдраас сэргийлэх, хянах болон оношлогоо, эмчилгээний сүүлийн үеийн болон олон улсын хавдрын судалгааны байгууллагуудаас зөвлөж буй шинэ арга, технологийг нэвтрүүлэх чиглэлийг тусгаснаас гадна илрүүлэгт Хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээг нэвтрүүлэх, илрүүлгээр илэрсэн өөрчлөлтөөс хамаарч авах дараагийн арга хэмжээг эмч, мэргэжилтнүүдэд тодорхой заавар болгож оруулснаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, УХХХ-ын илрүүлэгт оношлогооны мэдрэг чанар сайтай аргыг нэвтрүүлэхээс гадна эмэгтэй 30-60 насныхаа хооронд нийт 11 удаа илрүүлгийн хүрээнд эсийн шинжилгээнд хамрагдах байснаас 35 ба 45 насандаа буюу амьдралдаа хоёрхон удаа хавдраас сэргийлж, эрт илрүүлж болох ХПВ-ийн УХХХ үүсгэх өндөр эрсдэлтэй хэв шинжийн халдвар авсан эсэхийг шинжлэх аргыг улсын хэмжээнд нэвтрүүлэх бодлогын баримт бичиг батлагдаж гарсан гэсэн үг. Энэ аргыг хэрэгжүүлснээр илрүүлгийн оношлогооны мэдрэг чанар улам сайжрахаас гадна эмэгтэйд чирэгдэл багатай, улс орны хувьд эдийн засгийн хэмнэлттэй гэх мэт олон талаар үр дүнтэй гэж үзэж байгаа.
Мөн зөвхөн эрүүл мэндийн байгууллага /ЭМБ/, эмч мэргэжилтнүүд энэ чиглэлээр ажиллахаас гадна Эрүүл мэндийн сайн дурын идэвхтнийг хэрхэн сурган бэлтгэж, татан оролцуулах, тэдний хийх ажлын чиглэл, хүн амд өгөх зөвлөгөө, мэдээлэл сурталчилгааны загвар, чиглэлийг тусгаж өгсөн. Энэ нь эрүүл мэндийн салбарын энэ чиглэлээр хийгдэх ажлын ачааллаас хуваалцах, төрийн ба төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах давуу талтай. Ингэснээр эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус, төрийн бус болон бусад байгууллагын улмаар хувь иргэний оролцоо хэрэгтэй гэдэг чиглэлийг тусгаснаараа давуу талтай.
Тус зааврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ХСҮТ-ээс ДЭМБ-ын санхүүжилт болон техникийн дэмжлэгээр Өвөрхангай, Дорнод, Өмнөговь аймгуудад Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг нь түшиглэн өрх сум, тосгоны болон аймгийн ЭМБ-ын холбогдох эмч, мэргэжилтнүүдэд тус зааврыг танилцуулах, гардан үйлдлийн болон бүртгэлийг хэрхэн хийх талаар мэргэшүүлэх сургалтыг 2021 онд зохион байгуулсан. Цаашид бүх аймаг, дүүргийг энэхүү сургалтад хамруулах чиглэлээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн шинэ зааврыг хэвлүүлэн өрх сум, тосгоны болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад түгээж эхлээд байна. Тиймээс хүн амд мэдээлэхэд одоогоор ХПВ илрүүлэх шинжилгээг илрүүлэгт хэрэглэх бэлтгэл ажлыг хангах шатандаа үйл ажиллагаа явж байна. Өөрөөр хэлбэл эмч мэргэжилтнүүдийг сургах, шинжилгээний материал, лаборатори, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн асуудлыг тодорхой болгох зэрэг олон ажлыг ойрын хугацаанд хангах шаардлагатай байгаа.
Мөн бүх аймаг, дүүрэгт илрүүлгийн хүрээнд ХПВ илрүүлэх шинжилгээ нэг зэрэг шууд хийгдэж эхлэхгүй. Тухайн орон нутгийн ЭМБ-ын чадамжаас хамааран тус шинжилгээг хийх чадамж хараахан бүрдээгүй үед илрүүлгийг умайн хүзүүний эсийн шинжилгээнд суурилсан аргаараа үргэлжлүүлэн хийнэ. Улмаар ХПВ илрүүлэх шинжилгээнд суурилсан илрүүлгийг хэрэгжүүлэхэд бүх аймаг, дүүргийн ЭМБ шилжих талаар ЭМЯ, ХСҮТ-өөс чиглүүлэн ажиллах болно.
Сүүлийн жилүүдэд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнөөс сэргийлэх, илрүүлэг, эрт илрүүлэх чиглэлээр үйл ажиллагааг хариуцсан тусдаа байгууллага бий болгох чиглэлээр анхаарч ирсний дүнд ХСҮТ-ийн дэргэд Хорт хавдрын эрт илрүүлгийн төв барих төслийн санхүүжилт шийдэгдсэн. Улмаар аймаг, дүүргийн зарим төлөөлөлд мөн эрт илрүүлгийн нэгжийг байгуулах ажил мөн хийгдэхээр болж байгаа тухай ард иргэддээ дуулгахад таатай байна. Энэхүү ажилд манай салбараас УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн манай төвд эмчээр, захирлаар ажиллаж байхдаа ч хавдрын илрүүлэг, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар байнга ярьж, энэ чиглэлээр дуу хоолойгоо бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэж байсан нь их тус дэм боллоо.
-Умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Сэргийлэх, эрт илрүүлэхэд чиглэсэн хоёр гол үйл ажиллагааг олон улсад хэрэгжүүлдэг. Үүний нэгдүгээрт вакцинжуулалт. Вакцин нь УХХХ үүсэхэд голлох шалтгаан болж буй ХПВ-ийн өндөр эрсдэлтэй хэв шинжийн халдвараас сэргийлэхэд чиглэдэг. Ингэснээр УХХХ-аар өвдөх эрсдлийг бууруулна. Хоёрдугаарт илрүүлэг. Тухайн орны хувьд эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон, ямар хүйсийн, ямар ямар насны хүмүүс дунд зонхилон тохиолдож байна гэдгээс хамаараад аливаа өвчнөөр өвдсөн болон өвдөх нөхцлийг бүрдүүлээд явж байгаагаа мэдэхгүй, ямар нэг зовиур шаналгаа, шинж тэмдэг хараахан илрээгүй, өөрийгөө харьцангуй эрүүл гэж бодож яваа хүмүүсийг тодорхой үзлэг, шинжилгээнд хамруулж өвчнийг илрүүлэх, хавдраар хараахан өвдөөгүй, хүндрээгүй бол өвдөх эрсдэл тухайн хүнд байна уу гэдгийг тодорхойлж, өвдөхөөс сэргийлсэн арга хэмжээ авахад чиглэсэн үйл ажиллагааг илрүүлэг гэж нэрлээд байгаа юм.
Аливаа өвчний илрүүлгийг хэрэгжүүлэхэд тодорхой шалгуурууд байдаг, тэрнээс биш өвчин бүрийг илрүүлнэ гэж үзэж болохгүй. Энгийн иргэн байтугай манай эрүүл мэндийн салбарын эмч, удирдах ажилтнууд дотор ч илрүүлэг, эрт илрүүлэлт гэдгийг хооронд хольж ойлгох байдал ажиглагддаг, илрүүлгийн талаар дээр дурьдсан бол эрт илрүүлэлт гэдэг нь аливаа өвчний шинж тэмдэг, зовиур илэрсэн үйлчлүүлэгчийн өвчнийг аль болох эрт үед нь оношлож, эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хэлдэг. Аливаа өвчнөөс сэргийлэхийн тулд шалтгааныг тодорхойлж, түүний эсрэг сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөдөг. Дээр дурдснаар, УХХХ-ын хувьд гол шалтгаан нь Хүний папиллома вирусийн халдвар бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд тархалт өндөртэй вирусийн бүлэгт хамаардаг. Хүний папиллома вирус нь 100 гаруй хэв шинжтэй. Түүнээс хорт хавдрын шалтгаан болдог 14 хэв шинж бий. Эдгээрийг УХХХ үүсгэх өндөр эрсдэлтэй хэв шинжүүд гэж нэрлэдэг. УХХХ болон түүний урьдал эмгэг үүсгэх шалтгааны 70 хувийг энэхүү вирусийн 16 ба 18 дугаар хэв шинж дангаараа нөхцөлдүүлдэг гэж олон улсын судлаачид үзэж байна. Энэ вирусийн халдвар нь зөвхөн УХХХ үүсэхэд нөлөөлөөд зогсохгүй бэлгийн уруул, үтрээ, хошного /anus/, ам залгиурын хорт хавдраас гадна эрэгтэйн шодойн хавдар /penis/ үүсэхэд нөлөөлж байна гэсэн нотолгоо байдаг. Иймээс дахин хэлэхэд УХХХ-аас сэргийлэх гол арга бол мэдээж дархлаажуулалт, вакцинжуулалт юм.
-Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгоонд монгол эмэгтэйчүүд хэр идэвхтэй хамрагддаг вэ. Хаана хандаж үзлэгт орох боломжтой вэ?
-Өрх, сум тосгоны эмнэлгээрээ үйлчлүүлдэг хүн бүр “…. онд төрсөн 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60настай эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын илрүүлгийн эсийн шинжилгээндээ хамрагдана уу” гэсэн зарыг оны эхэнд шинэчилсэн байдлаар Зарлал гаргасан байгааг харж байсан байх. Мөн энэхүү илрүүлгийн үзлэг, шинжилгээ 2013 оноос хойш үнэ, төлбөргүйгээр өрх, сум тосгоны эмнэлэгт хийгдэж ирсэн, одоо ч хэвээрээ үргэлжилж байгаа.
Умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэснээр эсийн өөрчлөлт гарсан байдлаар нь хавдрын урьдал эмгэг байна уу, эсийн өөрчлөлт гарвал хавдар онош батлагдах хүртэл лавлагаа нэмэлт шинжилгээ хийж, урьдал эмгэг илэрвэл аймаг, дүүргийн ЭМБ-ын түвшинд эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авч, хавдраар хүндрэхээс сэргийлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх заавартай.
ГЭТЭЛ МАНАЙ УЛСАД ТУС ИЛРҮҮЛГИЙН ДЭЭРХ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМРАГДАЛТ ИЛРҮҮЛЭГ ЭХЭЛСНЭЭС ХОЙШИХ ОНУУДЫН ДУНДАЖИЙГ АВЧ ҮЗВЭЛ, УЛСЫН ХЭМЖЭЭНД 39.8 ХУВЬТАЙ БАЙГАА НЬ ДЭМБ-ААС ТУС ИЛРҮҮЛЭГТ ЗОРИЛТОТ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 ХУВЬ ХАМРАГДАЖ БАЙЖ ҮР ДҮНТЭЙ ГЭЖ ЗӨВЛӨДӨГ ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА.
Улсын нийт хүн амынхаа талаас илүү нь амьдарч байгаа нийслэлийн хувьд илрүүлгийн хамрагдалтын хувийг авч үзвэл аймаг болон улсын дундажаас байнга бага байгааг холбогдох байгууллага, удирдлагууд анхаарахаас гадна эмэгтэй та өөртөө хайртай байж, илрүүлэгтээ хамрагдаж эрүүл мэндээ хамгаалаарай гэж хүсмээр байна. Мөн ажил олгогч байгууллагуудад санал болгоход, тухайн онд хэдэн эмэгтэй илрүүлэгт хамрагдах насандаа байна, тухайн эмэгтэйчүүдэд эрүүл мэнддээ анхаарах өдөр, боломж болгож цалинтай нэг өдрийн чөлөөг яагаад олгож болохгүй гэж, үүнийг санаачлан байгууллагын соёлдоо нэвтрүүлэн ажиллаасай гэж хүсмээр байна. Энэ чиглэлээр хөшүүргийн аргыг бодлогын баримт бичигт тусгуулах чиглэлээр манай төвөөс холбогдох дээд байгууллагад санал, санаачилгыг бас хүргүүлэн ажиллаж байгаа.
Аливаа хорт хавдар оношлогдсоны дараах эмчилгээ, хяналтын үр дүнг олон улсад тухайн хавдраас өвчилсөн хүмүүсийн хэдэн хувь нь тав ба түүнээс дээш жил амьдарч байна вэ гэдгээр үнэлдэг. Тэрнээс биш бусад өвчин шиг хэдэн хувь нь эдгэрсэн гэдгээр үнэлэхгүй байгааг та бүхэн сайн бодоод үзээрэй. Үүнээс хавдар гэж ямар ноцтой эрүүл мэндийн асуудал үүсгэдэг өвчин бэ гэдгийг ойлгох байх. Нэг үеэ бодвол, хавдрын тухай, хавдраас сэргийлэх тухай хүн амын дундах мэдлэг, хандлага өөр болж, хавдартай өвчингүй ч айл өрх цөөрөх хандлагатай байгаа үед хавдрын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмч ажилтны ачаалал дээд цэгтээ хүрч байна. Манай салбараас үүнд чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байгааг бас ард түмэндээ дуулгахад таатай байна.
Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг хийгдэж эхэлснээс хойш 2020 оны эрт илрүүлгийн тоо баримтаас харахад, умайн хүзүүний хорт хавдрын шинэ өвчлөлийн 75 хувь нь эрт үе шатандаа оношлогдсон байна. Мөн шинэ өвчлөлийн дөрвөн тохиолдлын нэг нь илрүүлгээр илэрсэн байна. Тиймээс илрүүлэгтээ товлолт насандаа хамрагдаж хавдрын урьдал эмгэг, хавдрын эрт үе шатанд нь илрүүлснээр төгс эмчлэгдэх боломжтой болно.
-Дэлхийн бусад улсуудад бага наснаас нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин хийдэг. Ер нь хэчнээн оронд энэ вакциныг хийдэг вэ?
-ДЭМБ-ын мэдээлж буйгаар 2019 оны байдлаар дэлхийн 100 улс ХПВ-ийн эсрэг вакциныг улсынхаа Дархлаажуулалтын товлолдоо оруулан хэрэгжүүлж, эдгээр орнуудад дунджаар зорилтот хүн амынхаа 30 хувийг хамруулж байна гэжээ. Энэ үзүүлэлт хөгжиж буй орнуудад тааруу хэмжээнд байгаа учраас УХХХ-ын өвчлөл, нас баралт эдгээр орнуудад өндөр байгаад нөлөөлж байна гэж бичиж байна. ДЭМБ-аас ХПВ-ийн вакциныг 9-13 насны охидод хийхийг зөвлөдөг.
-ХПВ-ийн эсрэг вакцин Монголд орж ирсэн үү? Хэдэн насны охидод хэдэн тунг хэрхэн хийх вэ?
-Манай улсад ХПВ-ийн вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын албанд сайн дурын үндсэн дээр хийдэг, өөрөөр хэлбэл манай улс Дархлаажуулалтын товлолдоо энэ вакциныг хараахан оруулаагүй улс орны нэг гэсэн үг.
ДЭМБ-аас баталгаажилт авсан гурван тунт вакциныг 9-13 насны охидод тун тус бүрийг 20 мянган төгрөгөөр, тун хоорондын хугацаа нь нэгдүгээр тун хийлгэснээс хойш хоёр сарын дараа хоёрдугаар тунг хийлгэж, эхний тунгаас зургаан сарын дараа гуравдугаар тунг хийдэг.
-Умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ. Эсвэл мэдэгддэггүй хэрэг үү?
-Ер нь аливаа эрхтний хавдрын эхэн үед шинж тэмдэг, зовиур багатай байдаг. Иймээс ихэнх хүмүүс шинж тэмдэг, зовиур илэрсэн үед эмнэлэгт ханддаг. Тийм болохоор манай улсад хорт хавдрын шинэ өвчлөлийн 70 гаруй хувь нь хожуу шатандаа оношлогддог. УХХХ-ын хувьд ч адил, эрт үе шатандаа шинж тэмдэг, зовиур барагтай илрэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэлээд хүндэрч хожуу шатандаа орсон үед бэлгийн харьцааны дараа эсвэл энгийн үед эвгүй үнэртэй усархаг, цусархаг шүүрэл гарах, хэвлийн доод хэсгээр хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Умайн хүзүүний хорт хавдрын эрсдэл хэзээнээс үүсэх вэ. Эмэгтэй хүн бүр умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх үү?
Harald zur Hausen гэгч вирус судлаач Германы эрдэмтэн Хүний папиллома вирусээс шалтгаалан УХХХ үүсч байгаа тухай нээж 2008 онд Нобелийн шагнал авсан бөгөөд үүнд үндэслэн тус халдвараас, улмаар хавдраар өвдөхөөс сэргийлж вакцин нээх санаа, сэдэл гарахад хүрснээрээ маш ач холбогдолтой гэж үзсэн байна. Энэ вирус нь умайн хүзүүний эсэд нэвтэрч эсийн генд нөлөөлснөөр хавдар үүсэх суурь тавигддаг. Тус вирусийн халдвар авсан эмэгтэй бүр УХХХ-аар өвдөх үү гэвэл бас үгүй, хувь хүний дархлааны онцлог, байдлаас хамаарч халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 90 хувьд нь хоёр жилийн дотор вирусийн халдвар устаж, буцаж эдгэрдэг. Үлдсэн 10 хувьд нь 10-30 жилийн хугацаанд хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. Вакцин хийгдсэн тохиолдолд УХХХ-аар өвдөх эрсдэл буурна гэсэн үг.
Монгол Улсын Хавдрын үндэсний бүртгэлийн 2020 оны мэдээгээр УХХХ-ын өвчлөлийг насны бүлэг тус бүрт тохиолдсон байдлыг хувиар илэрхийлж үзвэл, 30-34 насанд 8.5, 35-39 насанд 9.6, 40-44 насанд 13.3, 45-49 насанд 15.8, 50-54 насанд 14.2, 55-59 насанд 13.3, 60-64 насанд 9.8, 65-69 насанд 6.3, 70-74 насанд 2.7, 75-аас дээш насанд 4.8 хувь байгаа нь 30-60 насанд өвчлөлийн тохиолдол бусад наснаас илүү байгааг харуулж байна. Иймээс нас залуу байна, би өвдөхгүй гэж хаялгүй, илрүүлэгтээ товлолт насандаа идэвхтэй хамрагдаарай.