Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагаанд Монгол Улс нэгдлээ. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс Ковид-19 цар тахлын дараа аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг хурдан хугацаанд дахин эхлүүлэх, сэргээхэд чиглэсэн шинэ хэвийн байдалд мөрдөхөд удирдамжийг боловсруулаад байна. Энэхүү удирдамжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улс “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
“Аюулгүй аяллын шошго” бол Ковид19 цар тахлын халдвартай тэмцэх зорилгоор тусгайлан бий болгосон дэлхийн аялал жуулчлалын салбарын анхны аюулгүй байдал, эрүүл ахуйн тэмдэг юм. Энэхүү тэмдэг нь дэлхийн өнцөг булан бүрийн зорин очих улс орнууд “Аюулгүй аяллын удирдамж”-тай хэрхэн нийцүүлэн хэрэгжүүлснийг аялагчид болон аялал жуулчлалын сонирхогч талуудад таних боломжийг олгоно.
Монгол Улсад “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагааг БОАЖЯ, Аялал жуучлалын хөгжлийн төв ААТӨҮГ хамтран хэрэгжүүлэх бөгөөд “Аюулгүй аяллын удирдамж”-ийг хэрэгжүүлэх, “Аюулгүй аяллын шошго” авахтай холбоотой нэгдмэл ойлголтонд хүрэх зорилгоор цахим форум зохион байгуулав. Тус форумд БОАЖЯ, АЖХТ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагууд, ЗТХЯ, мэргэжлийн холбоод, 21 аймгийн БОАЖГ зэрэг салбар бүрийн төлөөлөл оролцож, “Аюулгүй аяллын шошго” олгох үйл явцын талаар нэгдсэн мэдээлэл авсан юм.
Аюулгүй аяллын шошгыг хэн авах боломжтой вэ?
- Агаарын тээвэр
- Богино хугацааны түрээс
- Зочлох үйлчилгээ
- Нисэх онгоцны буудал
- Хурал, цуглаан арга хэмжээ зохион байгуулах
- Тур оператор
- Жижиглэн худалдаа
- Авто машины түрээсийн үйлчилгээ
- Үзмэр үйлчилгээ
- Адал явдалт аялал жуулчлал
Аюулгүй аяллын шошгыг авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- Аж ахуй нэгжийн хүсэлт албан бичиг /өргөдлийн маягтыг хавсаргах/
- Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний цогц төлөвлөгөө
- Эрсдэлийн үнэлгээний журам
- Ариун цэвэр, ариутгал, халдваргүйтгэл, гүн цэвэрлэгээний журам /хяналтын хуудас, тусгай ариутгал, цэвэрлэгээ г.м зүйлсийг багтаасан/
- Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс зүйн талаарх шинэчилсэн боловсруулсан дүрэм, журам
- Аялагчдад баримтлах ёс зүйн дүрэм
- Цар тахлын халдвар авсан эсвэл сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө /ажилтан болон тусгаарлах өрөөг бэлтгэсэн байх/
- Ковидын нөхцөл байдлын үед ажилтнуудын давтан сургалтыг зохион байгуулсан тухай нотлох баримт /гэрчилгээ гэх мэт холбогдох мэдээлэл/
- Оролцогч бүх талуудтай ижил төстэй журам хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ
Шошгыг хэрхэн авах вэ?
- “Аюулгүй аяллын удирдамж” болон түүний шалгуур үзүүлэлт, шошго ашиглах гэрээний төсөлтэй танилцах хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлнэ.
- Аюулгүй аяллын шошго авах хүсэлтэй аж ахуйн нэгж нь шалгуур үзүүлэлтийн дагуу боловсруулсан дотоод журам, төлөвлөгөө болон хэрэгжүүлж буй арга хэмжээний баримтжуулсан мэдээллийг өргөдлийн маягтад хавсаргаж, албан бичгээр [email protected] хаягт илгээнэ.
- АЖХТ-с ирүүлсэн баримт бичигт дүн шижилгээ хийж, шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна.
- Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид шошгыг цахим хэлбэрээр олгоно.
- Шошго авах хүсэлтийг шийдвэрлэх хугацаа ажлын 15 өдөр байна.