Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Гэхдээ бид эдийн засгаа солонгоруулахад өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тодорхой шийдвэр, бодлого гаргахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд З.Мэндсайхантай салбартаа хийж, хэрэгжүүлж байгаа бодлогын талаар ярилцлаа.
-Салбарын сайдаар томилогдсоноос хойш таны автор болж үлдэх бодлого нь цахим хөдөө аж ахуй гэж тодорхойлж байна. Газар тариалан, мал аж ахуй гээд өргөн хүрээний салбар учраас цахим хөдөө аж ахуй гэж юу вэ гэдгийг товчхон танилцуулбал?
-Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэх бодлогын олон ажил байна. Хамгийн түрүүнд хийх бодлогын ажил бол цахим хөдөө аж ахуй буюу салбарын цахим шилжилт юм. Цахим шилжилтийн үр дүнг бид хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэж тодорхойлж болно. Энэ цахим шинэчлэл нь мал аж ахуй болон газар тариалангийн салбарын мөшгих, чанарын удирдлагын систем, арилжааны буюу биржийн систем, төлөвлөлт, хяналт, мониторингийн системийн цогц сүлжээ юм.
Цахим шилжилтэд бүрэн шилжсэнээр хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бүтээмж, өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид экспортын гарц нэмэгдүүлэхэд хамгийн том түлхэц болно.
“ХАА-Н САЛБАР БҮХ УЛИРАЛД ОРЛОГОТОЙ БОЛНО”
-Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөө аж ахуйг түшиглэн эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярьсан. Одоо байгаа боломж, дата мэдээлэл дээр суурилсан биржийн системтэй болох нь. Илүү ойлгомжтой байх үүднээс газар тариалангийн салбарыг авч үзье. Сэлэнгийн ногоочны эрүүл, чанартай бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчийн гар дээр ирэхэд бодлогоор яаж хангаж, зохицуулна гэсэн үг вэ?
-Томьёолж хэлбэл, хөдөө аж ахуйн салбар улирлын шинж чанартай орлоготой салбар. Малчид гэхэд хавар ноолуурын, намар мах бэлтгэлийн үеэр тодорхой орлогын урсгалтай болдог. Тариаланчид намар ургацаа хурааж авснаар тодорхой мөнгөн урсгалтай болдог. Бид хамгийн түрүүнд энэ салбарыг улирлын бус тогтвортой орлоготой болгохын тулд яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол төлөвлөлт, мониторинг, арилжааны системийг цогцоор нь хийх явдал. Улирал хамаарахгүй орлоготой болно гэсэн үг. Тиймээс хөдөө аж ахуйн биржийн шинэчлэлийг бүрэн хийх ёстой. Өнөөдөр бид ирээдүйд бий болж болох бүтээгдэхүүн, баялгийг үнэт цаас гаргаж, бирж дээр арилжаалж чаддаг тэр системийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, энэ салбарт баялаг бүтээж байгаа малчид, тариаланчид улирлын орлогоос хамаарч, зээлийн эх үүсвэрээр бусад үеэ нөхөөд явна. Бид зээл авах биш ирээдүйд бий болох баялгаа урьдчилж борлуулж, өгөөжөө хүртэж чаддаг, түүгээрээ дамжуулж графикт ажлаа явуулж чаддаг системийг бий болгох юм. Нөгөө талдаа энэ системийг дагаад хариуцлага бий болгоно. Тэр нь өөрөө хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн мөшгих систем. Мөшгих системийг бий болгосноор бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бий болгоно. Үнийн чөлөөт бодлоготой явж байгаа учраас үүн дээр нэмж чанарын удирдлагын тогтолцоог бий болгохын тулд мөшгих системийг нэвтрүүлнэ.
Мөшгих систем гэдэг нь хэн нэгэн ногоочин, малчны бий болгосон баялаг анх бий болсон цагаас эхлэн хэрэглэгчийн ширээн дээр ирэх хүртэлх хугацааны үйлдэл бүрийг цахимжуулж, бүртгэлийн системд хамруулна гэсэн үг. Малын төрөх, өсгөх, бэлчээрлэх, вакцинжуулах, мал эмнэлгийн үйлчилгээ авах бүх мэдээлэл энэ системд орно.
Хэдэн настай, ямар малыг хаана ямар эрүүл ахуйн дүрэм баримталсан үйлдвэрт төхөөрч, яаж ангилж савлаж, тээвэрлэж байгааг ил тод мэдээлнэ. Газар тариалангийн салбар ч мөн адил. Ногоочны ногоо ямар үрээр, ямар ургамал хамгааллын бодис хэрэглэсэн, ямар бордоогоор, ямар хөрсөнд ургуулсан, яаж хадгалж, тээвэрлэж ирэх мэдээлэл тодорхой, нээлттэй болгож байгаа нь мөшгих систем. Ингэж бүртгэлийн системийг бий болгох нь шууд өрсөлдөх чадварт нөлөөлнө. Нөгөө талдаа бид арилжааны биржийн шинэчлэлийг хийснээр хөдөө аж ахуйн гаралтай бүх бүтээгдэхүүн чөлөөт зах зээлийн зарчмаар биржээр арилжаалагдана.
Тодорхой хэлбэл, өнөөдөр бидний хүүхдүүд гар утаснаасаа хоолоо захиалаад иддэг болсон. Эсрэгээрээ бид гар утсаараа бий болгосон баялгаа зарж чаддаг байх ёстой. Тэр баялгийг арилжаалах систем буюу хөдөө аж ахуйн биржийн бодлогын зөөлөн дэд бүтцийг бид хийнэ.
Үүнийг дагаад биржийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэд албан ёсны брокер диллерүүдийн статустай болно. Энэ нь цаад утгаараа бид далд эдийн засгийг зөв голдрилд оруулахад хүчтэй нөлөөлнө. Системийг дагаад бүтээгдэхүүн эрүүл байх ёстой. Үүнийг дагаад мал эмнэлэг, даатгал зэрэг цогц үйлчилгээнүүд бий болж байж цогц үйлчилгээтэй болно. Энэ бүхний өгөөжийг баялаг бий болгож байгаа малчид, тариачид, үйлдвэрлэгчид хүртэж, хэрэглэгчид нь ч эрүүл аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ.
Нөгөө талдаа төр өөрөө хөдөө аж ахуйн салбарыг урамшууллын системээр дэмждэг. Бид хүнсний аюулгүй байдал, бодлого хамгаалах, мал аж ахуйгаа дэмжихийн тулд бирж дээр гарсан эдийн засгийн өгөөж дээр суурилсан урамшууллын тогтолцоо хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, малчин хэдэн тонн ноос, ноолуур тушаасан нь бирж дээр тодорхой гараад ирнэ. Түүнийг дагасан урамшуулал нь арилжааны үндэслэл дээр тулгуурлана. Бүх зүйл шилэн болчих учраас ямар нэг эргэлзээ байхгүй болно. Баялаг, түүхий эд, газар тариалангийн бүтээгдэхүүн бий болгож байгаа иргэд, аж ахуй нэгж төрөөс авч байгаа урамшууллаа шууд авч чадна гэсэн үг. Төрийн урамшуулал оновчтой, дэмжлэг болж чадна. Одоо бол урамшуулал зарим хүмүүст татаас шиг, татаасны салбар шиг харагдаад буруу ойлгогддог зүйл бий. Тодорхой хэмжээний төрөөс олгож байгаа урамшууллыг бид зөв голдрилд нь оруулах систем нь цахим шилжилт.
-Газар тариалангийн салбарт гэхэд биржийн тогтолцоотой болоод ирэхээр хувиараа аж ахуй эрхэлдэг хувь хүн, жижиг аж ахуй нэгжүүд нь үлдээд монопол, том аж ахуй нэгжүүд нь идэвхтэй тоглогч болоод явчих вий гэсэн болгоомжлол байна. Арьс ширний салбарт гэхэд хувь хүн, жижиг аж ахуй нэгжүүд олон бий. Тэднийг яаж биржийн систем рүүгээ оруулах вэ?
-Одоо энэ хүмүүс л брокер болж биржийн арилжаанд оролцогч болно. Брокер диллер болон хоршоологчид болно гэсэн үг. Тэгэхээр ногоочид ганцаараа бий болгосон бүтээгдэхүүнээ борлуулах уу, хоршоолол байгуулж, биржээр дамжуулан борлуулалт хийх үү. Мэдээж хоршоолол байгуулж, биржээр дамжуулах нь үнийн давуу талыг үүсгэнэ. Нийлүүлэлт дээр тулгуурласан үнийн давуу талыг бий болгоно. Энэ бол ногоочдод маш том боломж бий болгоно. Нэг ёсондоо малчид, ногоочид маань хоршооллын хэлбэрээр ажиллах боломжийг цахим худалдааг төгөлдөржүүлснээр бий болгож байгаа юм. Үүний цаана технологийн хөрөнгө оруулалт, залгамж халаа, төлөвлөлт гээд олон үр дүнг гарах хүлээлт бий. Цахим дата мэдээллээс хөдөө аж ахуйн салбарынхан мэдээлэл, зах зээлийн судалгаагаа авч, бүрэн төлөвлөгөөгөө хийх боломж нь мэдээллийн санд бий болно. Цаашид төр өөртөө байгаа мэдээллээ салбарынхандаа нээлттэй болгож өгөх ёстой. Салбарт оролцогчид мэдээллийн зөрүүтэй урсгалаас ямар нэг эрсдэл учирч болохгүй. Ингэж байж төр, хувийн хэвшлийн хамтрал үүснэ. Төр ногоог нь зарж, агуулахыг нь барьж өгөх гэж байгаа асуудал биш. Тэр бүх боломжийг бий болгох арилжааны системийн зөөлөн дэд бүтцийг, чанарын удирдлагын мөшгих системийг бид хийж өгөх ёстой. Ингэж байж энэ салбарын нийлүүлэлт дээр тулгуурласан үнийн бодлогыг хэрэгжүүлдэг давуу тал бий болно. Шууд өгөөжөө өгөөд явах систем.
“ДАРХАН, СЭЛЭНГИЙН БҮСЭД УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙГ ХОРИГЛОЖ, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛНЭ”
-Нөгөө талдаа хэрэглэгч эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхийн тулд сонголтыг нь бий болгох боломжийг нээж өгч байна гэсэн үг?
-Цар тахал хүн төрлөхтөнд нэг л зүйлийг ойлгууллаа. Даяаршсан ертөнцөд хамгийн хэврэг зүйл бол хүнсний аюулгүй байдал гэдгийг ойлгосон. Дэлхий нийтээр хилээ хаагаад бүтэн жил болоход ямар хүндрэл учрав. Монгол Улсын хувьд 10 сарын турш цар тахлыг дотооддоо алдахгүй барьж чадсан. Мөн хөдөө аж ахуй дээр суурилсан нөөцөд тулгуурлаж бид хүнсний гачигдалд орохгүйгээр даваад гарсан. Гэхдээ биднийг өөр хэдэн цар тахал, ямар эрсдэл хүлээж байгааг мэдэхгүй. Тиймээс ирээдүйд учирч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд хүнсний аюулгүй байдал буюу хүнсний бүтээгдэхүүний чанар, найдвартай ханган нийлүүлэлтийг цогцоор нь бие дааж шийдэх ёстой. Энэ бол тусгаар тогтнол юм байна гэж би харж байгаа. Ингэхийн тулд төлөвлөлтөө зөв хийх ёстой. Жишээлбэл, 3,3 сая иргэнийг хүнсээр хангах боломжтой газар тариалангийн бүс бол Дархан, Сэлэнгийн бүс. Өөр бүс нутагт тариалан, ногоо тарих боломжтой ч 3,3 сая иргэний хэрэглээг даагаад гарах хэмжээний хөрсний бүтэц байхгүй. Зөвхөн Дархан, Сэлэнгийн бүс нутагт тулгуурласан газар тариалангийн үйлдвэрлэлийг цогцоор нь дэмжих ёстой. Тэндээс гарч ирж байгаа бүтээгдэхүүн өөрөө хүнсний аюулгүй байдлыг хангаж чаддаг байх ёстой. Үүнийг нь төр юугаар дэмжиж болох вэ. Тэр бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгжийн бизнес өөрөө өгөөжөө өгдөг, тэлдэг, хөгждөг, цэцэглэдэг байхын тулд чөлөөт өрсөлдөөний худалдааны систем юм.
Энэ системийг бий болгож өгөөгүйгээс өнөөдөр ченж, импортын бүтээгдэхүүний өрсөлдөөнд дарагдчихсан. Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг муу, муухай гэж би хэлэхгүй, бид дутуугаа импортоор нөхдөг. Гэхдээ бидний дутагдаж байгаа хэрэглээг нөхөж байгаа хүнсний бүтээгдэхүүн мөшгих систем буюу ямар ч мэдээлэлгүй орж байгаа.
Жишээлбэл, ямар хөрсөнд хэн тарьсан, ямар бордоогоор бордож, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэл, тээвэрлэлтээр дамжиж бидний гарт орж ирж байна гэдэг нь тодорхойгүй, бид мэдэхгүй. Эцсийн дүнд хэрэглэгч хордож үлдэж болохгүй. Бид чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, тэр нь нийлүүлэлт талаасаа тасралтгүй байх ёстой. Нөгөө талдаа түүнийг нь нийлүүлж байгаа үйлдвэрлэгч нь өгөөжөө хүртдэг байх систем рүү л явна. Дархан, Сэлэнгийн бүс тариалангийн бүс нутаг гэж зарласан учраас газар тариаланг дагасан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байна. Энэ бүс нутагт байгаа уламжлалт мал аж ахуйг бусад орон нутаг руу шилжүүлэх ажлыг зайлшгүй хийнэ. Дархан, Сэлэнгийн бүс нутагт 1,8 сая мал бий гэж тооцоход газар тариаланд үзүүлж байгаа хохирол нэг жилийн ургацын 20 хувийг алдаж байна. 3,3 сая иргэний хүнсний хэрэглээний 20 хувийг 1,8 сая малаа зохицуулж чадаагүйгээс алдах ёстой юу гэдэг асуулт гарч ирнэ. Малчдын эрх ашгийг хөндөж байгаа юм биш. Малчид малаа маллая гэвэл энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх эсвэл өөр бүс нутагт суурьших ёстой. Гэхдээ бид тухайн бүс нутгаас малаа аваад шилжинэ гэвэл төрөөс дэмжлэг үзүүлнэ.
-Дархан, Сэлэнгийн бүс газар тариаланг түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх юм байна. Бид 86 сая малтай. Тэгвэл бусад малчдын малаас гарах түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах биржийн систем рүүгээ яаж татан оролцуулах юм бэ?
-Бүс нутгаас үл хамаараад бүгд оролцогч байх ёстой. Ховд, Баян-Өлгий, Дорнод аймагт байхаас үл хамаарч бүгд оролцогч байх ч өрсөлдөх чадвараас хамаарч бүтээгдэхүүн, баялаг нь чанар дээр тулгуурласан үнийн өрсөлдөөн бий болно. Тэгэхээр малаа эрүүл байлгаж, чанартай түүхий эд гаргах, мал эмнэлгийн үйлчилгээ авах, даатгал, эрсдэл, мөшгих системээр дамжуулан чанарын удирдлагыг сум, орон нутагт нь байгаа хөдөө аж ахуйн мэргэжилтнээр дамжуулан, мэдээллийн датаг бий болгоно. Ингэж байж тухайн малчны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Жишээлбэл, зүүн бүсээс улирлын вакцинд хамрагдаагүй, мал эмнэлгийн үйлчилгээ аваагүй ч нэг кг махыг 7000 төгрөгөөр зарна гэж бодоход баруун аймгийн мах нь мөшгих системийн дагуу бүртгэлээ хийлгэсэн, ямар вакцинд хамрагдсан, ямар бэлчээрт өссөн гээд дата мэдээлэл дээр суурилж кг нь 10 мянган төгрөгөөр зарагдана гэж бодъё. Хэрэглэгч мэдээлэл нь ил тод, нөгөө нь ил тод биш махны алийг нь сонгох вэ.
-Тэгэхээр хэрэглэгч бас ухаалаг болох, сонголтоо зөв хийх нь нээлттэй болж ирэх нь?
-Бид бүгд эрүүл амьдарч, чанартай хүнс хэрэглэх л зорилготой. Эрүүл чанартай хүнсээр хангах нь манай салбарын үүрэг гэж сайдын хувьд харж байна. Энэ үүргээ биелүүлэхийн тулд хөдөө аж ахуйн цахим шилжилтийг зайлшгүй хийх ёстой.
“НАМРААС ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛНЭ”
-Цахим шилжилтийг ирэх намраас эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа юм байна. Мэдээллийн бааз бий юу. Жишээлбэл, Ховдын тэр сумын малчин тэрний тийм мал гэх мэтчилэн бүх бүртгэл мэдээллийн баазыг бүрдүүлж чадах уу?
-Манай яаманд малын генетик нөөцийн хэлтэс гэж бий. Малын бүртгэлийг бүрэн хийж байна. Мал тооллого чухал биш. Миний хэдэн малын хэд нь эрүүл байна вэ гэдэг тоо чухал. Тэрийг л мал эмнэлгийн мөшгих систем, малын бүртгэлийн мөшгих систем хоёр дээр тулгуурлаад бий болгочихсон. Мөшгих системүүдийг ерөнхийд нь бэлэн болгочихсон. Одоо харин биржтэйгээ уялдуулах ажил хийгдэж байна. Газар тариалан дээр ч ялгаагүй. Химийн бодис, бордооны бүртгэлийн систем, мөшгих системийг бий болгочихсон. Одоо бид бүх системийг нэг флатпорм дээр уяж, багцална. Цахим хөдөө аж ахуй дээр гэхэд хувийн аж ахуй нэгжүүд хамтарч, мэдээлэл солилцоод дэмжээд оролцоод явж байна. Энэ шилжилтийг ганц бид биш дэлхийн бүх улс орон хэрэгжүүлсэн. Энэтхэг улс гэхэд цахим хөдөө аж ахуйг нэвтрүүлчихсэн. Одоо тэр улс хэн юу тарьж, ямар зах зээл дээр гаргаж байгаа нь өөрөө бүртгэлийн системтэй, ил тод. Үүнийгээ дагаад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь дэлхийн зах зээл дээр гарч ирсэн. Жишээлбэл, Энэтхэгийн сүүний үйлдвэрлэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр өрсөлдөгч болсон. Энэ мэтчилэн дэлхийн бүх улс орнууд цахим хөдөө аж ахуйг нэвтрүүлж, таваарын биржтэйгээ холбож, цогцоор нь шийдвэрлэсэн байдаг. Бид төрийн үйлчилгээг цахимд шилжүүлснийгээ цахим шилжилт гэж ойлгож болохгүй.
Энэ салбарын бүх бүтээгдэхүүний мэдээлэл ил тод, нээлттэй байж, түүгээрээ дамжуулан зах зээлээ тэлдэг, чанарждаг, экспортод гардаг байх ёстой. Үүнийг л цахим цогц шилжилт гэнэ.
-Цахим хөдөө аж ахуйг бий болгож, биржийн системд нэвтрүүлээд явахаар одоогийн Хөдөө аж ахуйн биржийн бүтэц, хууль эрх зүйн хувьд өөрчлөлт орох уу. Эсвэл одоогийн байгаа мэдээлэлд суурилж, байгаа бүтцээ ашиглаад илүү урагшлах уу?
-Одоо бидэнд арилжааны системийн дэд бүтцийн асуудал бий. Гэхдээ үүнийг шийдэх боломжтой. Цаашид энэ зах зээлээ магадгүй Эрдэс баялаг, таваарын бирж рүү нэгдсэн байдлаар гаргах боломжтой. Дэлхийн зах зээл дээр буудай, хүнсний ногооны үнэ нэг байж болох ч бид хямд зарж байна. Аж ахуй нэгжүүдийн хувьд экспортод гарах сонирхол өндөр, түүнийгээ ч илэрхийлдэг. Бирж бол өөрөө итгэлцэл, чанарын харилцаа. Бид буудай тариад байгаа боловч дэлхийн зах зээл дээр чанарын шаардлага хангаж байна уу, өрсөлдөхүйц бүтээгдэхүүн тарьж чадаж байгаа эсэх нь өөрөө мөшгих систем. Энэ системийг хийхгүйгээр дэлхийн зах зээл рүү гарах ямар ч боломжгүй. Нөгөө талдаа үйлдвэрүүдэд экспортын гарцыг нь нээж өгөх ёстой. Ингэж байж түүхий эд үйлдвэрлэл нэмэгдэнэ. Хөдөө аж ахуйн гаралтай аж үйлдвэрийн паркуудыг байгуулж, ашиглалтад оруулах ёстой. Ингэж байж дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг бий болгоно. Бид хөдөө аж ахуй бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг, баялаг бүтээдэг, бие даасан хөдөө аж ахуйн салбарыг бүрдүүлэхийн төлөө төр, иргэд, аж ахуй нэгжүүд нь сонголтоо хийгээд явах ёстой юм. Одоо байгаагаар явбал бэлтгэн нийлүүлэгч улс болж хувирна.
-Төр хөдөө аж ахуйн салбарын аж ахуй нэгжүүдээ татварын болон бусад байдлаар дэмжлэг үзүүлдэг. Төрөөс олгож байгаа хөнгөлөлтүүдэд цөөхөн хэдэн монопол аж ахуй нэгжүүд хүртдэг гэж шүүмжилдэг. Тэгэхээр газар тариалан, мал аж ахуйн салбарт бүгд тоглогч байх боломж өнөөгийн нөхцөлд бий юу?
-Бид бүх салбарт үндэсний том компаниудыг бий болгох ёстой. Ийм компаниудыг нэгтгэх, бизнесээ тэлж өргөжүүлэх, салбарынх нь өрсөлдөөнийг ил тод болгож өгөх ёстой. Төрийн дэмжлэг нь өөрөө өрсөлдөөнийг дэмжсэн байх ёстой. Өрсөлдөөнийг дэмжсэн бодлого руу оруулж өгөхийн тулд л чанарын удирдлагын тогтолцоог бий болгох гээд байгаа юм. Та хэрвээ мөшгих систем дээр бий болоогүй түүхий эд таваараар зах зээлд оролцох гэж байгаа бол ялагч биш хожигдогч байна. Түүнийг дагаад ялагч нар нь цаашаа томроод явна. Эцсийн дүндээ салбар дотор тэргүүлэгч аж ахуй нэгж бий болсноор тэднийг дагаж бид дэлхийн зах зээл рүү гарна. Түүнээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэлхийн зах зээл рүү гарахгүй. Үндэсний том компаниудыг бий болгох, дэмжих, нэгдэх сонголтыг бий болгох ёстой. Тухайлбал, Монголоос экспортод гарах гэж байгаа мах аль үйлдвэрт боловсруулагдсан бэ гэсэн дата мэдээллийг бид ил тод болгож байж дэлхийн зах зээл дээр өрсөлдөнө. Мөшгих системийг бүрэн болгосноор цаашид зах зээлээ нэмэгдүүлэх, гадаад зах зээл рүү гарах боломж гэж харж байгаа. Энэ ажлыг хувийн хэвшлээ дэмжиж хийнэ.
Яам мөшгих ситем дээр суурилсан боловсруулах үйлдвэрүүдийн экспортод гарах улс орны тоо, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэл бодлогоо болгож ажиллана. Энэ бол бидний үүрэг.
“ЭХНИЙ ЭЭЛЖИНД ДАРХАН, ХОВДЫН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА”
-Бүх мэдээлэл ил тод болчихлоо. Гэтэл бид ихэнх түүхий эд, бүтээгдэхүүн, баялгаа боловсруулж чадахгүй байна. Ядаж хагас боловсруулах үйлдвэрүүд барих, нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ. Мөшгих систем, биржийн арилжаа руу ороод ирэхээр боловсруулах үйлдвэрлэл зэрэгцээд хөгжих ёстой болно?
-Бид боловсруулах үйлдвэр малын эрүүл мэнд гэсэн хоёр асуудлыг давхар авч явж байгаа. Биокомбинатын үйлдвэрлэлийн шинэчлэлийг хоёр жилийн хугацаанд хийж дуусгана. Малын халдварт өвчний гол гурван вакциныг импортоор авч байгааг Биокомбинатын шинэчлэл хийснээр дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ. Ингэснээр бид малын эрүүл мэнд, эмчлэх, эм тариагаа өөрсдөө үйлдвэрлэх чадвартай болно. Мал эмнэлгийн хүрээлэн дээр манай эрдэмтдийн бий болгосон маш олон төрлийн вакцинууд бий. Үр дүнд нь бид эрүүл малтай болно. Нөгөө талд эрүүл малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлтэй болох ёстой. Ноос ноолуур, арьс шир, махны үйлдвэрлэлүүд. Эхний ээлжинд бид арьс ширийг боловсруулахын тулд Дархан-Уул, Ховд аймагт арьс, шир боловсруулах цогцолбор бий болгож байна. Дархан-Уул аймагт 10 сая ширхэг арьс, шир боловсруулах, 2000 тонн ноос, ноолуур угаах үйлдвэр, Ховдод нэг сая арьс, шир боловсруулах, ноос ноолуурын үйлдвэр байгуулахаар дэд бүтцийн ажил үргэлжилж байна. 2024 онд багтааж дуусгахын төлөө бүх төлөвлөлтөө хийж ажиллаж байна. Мал эрүүл болсны дараа төхөөрөх үед маш их алдаа гардаг. Нэг хонины арьсны 40 хувь нь үйлдвэрлэлд хэрэглэгдэж, 60 хувь нь хаягддаг. Энэ нь празит, мал төхөөрөх явцад арьс хэрэгцээгүй болдог. Тиймээс сум, орон нутагт мал төхөөрөх, технологийн дагуу арьс хуулах цех байгуулна.
-Хөдөө ахуйн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулахын тулд үйлдвэрлэлийг бий болгоно, олон аж үйлдвэрийн паркууд барина гээд бодлогын шийдвэрүүд гарч байсан, өмнө нь. Тэгэхээр Дархан, Ховдоос гадна бүсчлэх, эсвэл дэд бүтцээ дагуул үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж, төлөвлөгөө бий юу, ойрын хугацаанд?
-Эхний ээлжинд бид Дархан, Ховдоо дуусгана. Нийт малын 70 орчим хувь нь нийслэлээс баруун тийш байдаг. Зүүн талаас ирэх дэд бүтэц боломжтой учраас одоогоор Дархан-Уул аймагт төвлөрүүлээд дэд бүтцийн асуудлаар шийдэх төлөвлөгөө бий. Гэхдээ би өмнөхөө хийгээгүй байж, дараагийн асуудлыг яримааргүй байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд санхүүжилтийг нь шийдэж, ажлыг нь эрчимжүүлнэ.
Энэ ажлыг хийхгүй бол Монголын арьс, шир жалгандаа хэвтэж л байна.
-Үйлдвэрлэл, түүхий эдийн боловсруулалтаа дагаад ажлын байр нэмэгдэх боломжтой болох нь?
-Хөдөө аж ахуй салбарын онцлог бол ажлын байрыг олноор нэмэгдүүлэх боломжтой салбар. Бирж рүү орохын тулд биржийн баталгаат агуулах болгож, цахимд холбож өгөх юм. 5 тоннын багтаамжтай агуулахтай иргэн байя гэж бодоход биржид холбогдсоноор өөр бусад иргэдийн бүтээгдэхүүнийг хадгалуулах, түүнийхээ хөлсийг авдаг байх. Гэх мэтчилэн биржийн арилжаанд оролцож байгаа бүх талууд ашгаа хүртэх зарчим. Мөшгих систем гэдэг нь нэмүү өртгийг шингээсэн, чанар дээр суурилсан өрсөлдөх үнэ тогтоно.
“БИД БОДЛОГОО ТОДОРХОЙЛЧИХСОН, ААН-ҮҮДЭЭ ДЭМЖИНЭ”
-Яам бодлогоо тодорхойлоод хэрэгжүүлээд эхэлж. Хөдөө аж ахуйн салбарын аж ахуй нэгж, иргэдийг тэгш оролцуулах боломжоор хэрхэн хангах вэ?
-Бид бодлогоо тодорхойлчихлоо. Цаашид бид хүлэмжийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжинэ, боловсруулах үйлдвэрээ дэмжинэ, үүн дээр суурилж, төр татварын бодлогоор дэмжинэ. Энэ салбарт оролцож байгаа аж ахуй нэгжүүдээ бид дэмжинэ. Оролцох аж ахуй нэгжүүддээ бодлогоор, татварын, тоног төхөөрөмжийн зээл олгох байдлаар тодорхой болгож байгаа. Төр өөрөө бизнес рүү орохгүй зөвхөн бодлогоор дэмжинэ. Экспортын баримжаатай болгохын тулд түүхий эдийг чанартай болгох ёстой. Малаа эрүүл, газар тариалангийн бүтээгдэхүүнээ чанартай болгохыг л зорьж байгаа юм. Өрсөлдөх чадвартай болгохын тулд бид хяналтын систем буюу мөшгих системээр дамжиж үйлдвэрлэгчийн түүхий эдийн чанарыг хангаж өгөх бодлого баримталж байгаа юм.
-Өнгөрсөн хугацаанд бид олон сайхан зүйл ярьж, хөдөө аж ахуйг түшиглэсэн эдийн засгаа сэргээе гэж ярьж хэлж ирсэн. Гэхдээ хийсэн ажил нь цөөн. Тэгэхээр таны хийж хэрэгжүүлэх гэж байгаа бодлого эсэргүүцэлтэй тулж магадгүй нь гэж хараад байна?
-Би бол эсэргүүцнэ гэхээс илүү дэмжинэ гэж бодож байна. Одоо цаг нь болсон. Цахим шилжилтийг хийснээр бүх оролцогч хожно, өгөөжөө хүртэнэ. Яагаад бид өөрийнхөө өмнө ирсэн байгаа боломжоос татгалзах ёстой гэж. Миний хүлээсэн үүрэг бол зөвөөр ойлгуулах. Оролцогч бүхэн өгөөжөө хүртэх боломжийг цахим шилжилт учраас бүгдээрээ хамтдаа алхъя гэдгээ малчид, тариаланчид, энэ салбарын хүмүүстээ уриалмаар байгаа юм.
Эх сурвалж: News.mn Сэтгүүлч Ш.Оюунчимэг