Х.Баттулга цочиж, Цэц сэрэв

УИХ-аас баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар гомдол иржээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын хүмүүс одоо болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй, харин Р.Гончигдорж болохоор одоогийн сонгууль зарласан нь буруу, одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх автоматаар 6 жил болсон гэж үзээд маргаан үүсгэсэн байдаг. Ирсэн гомдлын дагуу Цэцийн дунд суудлын хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө Цэц рүү гүйж очиж байр сууриа илэрхийлэв. Төрийн тэргүүн өөрөө Цэцэд морилсон анхны тохиолдол энэ байх. Жирийн үед бол гомдол ирж л байдаг, Цэц хэлэлцээд дүгнэлтээ гаргаж л байдаг. Харин өнөөдрийг жирийн гэж хэлэх боломжгүй.

Учир юу гэвэл үхэр жилийн хамгийн дуулиант үйл явдлаар нэрлэгдэх магадлалтай Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд тулж, улс төр буцалж эхлээд байна. Улс төрийн намууд сэрж, нийслэлийн төв талбайд жагсаал цуглаан идэвхжиж, нийгмийн сүлжээнд нууц бичлэгүүд ар араасаа хөвөрч байгааг бид өдөр алгасахгүй харж байна. Энэ бүх үйл явдал зөнгөөрөө өрнөж байгаа юу гэвэл үгүй. Бүгд улс төр, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгууль угтсан жүжигчилсэн тоглолтууд, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн болхи хэрнээ хорлонтой туршилтууд юм.

Цэцэд ирсэн гомдлыг энгийнээр хэлбэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэх. Тийм учраас төрийн тэргүүн Х.Баттулга цочиж, мөнхийн унтаа Цэц нойрноосоо түргэн сэрж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, Цэц ямар дүгнэлт гаргахаас Х.Баттулга дахин нэр дэвшиж чадах эсэх, бүр цаашлаад хугацаанаасаа өмнө огцрох үгүй нь шалтгаалж мэдэхээр учраас хэн хэн нь амар тайван суух ямар ч боломжгүй болсон. Дараагийн Ерөнхийлөгч бүх ард түмний санал хураалтаар тодрох уу, Цэцийн дүгнэлтээр шийдэгдэх үү гэсэн сонголтын өмнө ирээд байна гээд хэлчихэд буруудахгүй байх.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа огцрох үедээ нийслэлийн төв талбайд болсон жагсаал цуглааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга байсан, үймээн самуунд турхирсан нотлох баримтууд байгаа гэдгийг онцолсон. Үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах тангаргаасаа ийн няцсан тул хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хуулийн дагуу УИХ-д тавина гэдгээ ч тов тодорхой хэлсэн. Энэ мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга Монголд төрийн эргэлт гарлаа гэж УИХ-ын танхимд сүржин мэдэгдсэн.

Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйл.

1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна… гэж заажээ. Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэх гомдол Цэцэд очсон мэдээлэл одоогоор байхгүй ч огцрох, эс огцрох нь Цэцийн шийдвэрээс хамраалтай болохыг тодорхой зохицуулжээ. Ийм учраас Цэц  сэрж, Ерөнхийлөгч цочихоос ч аргагүй.

Одоогийн УИХ-ын онцлог бол нэг намын бүлэг 60 гаруй гишүүнтэй үнэмлэхүй олонхтой. Сөрөг хүчний бүлэг бий ч хүч сул, дуу хоолой нь сонсогдоггүй шахам. АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга өнгөрсөн жилүүдэд МАН-тай хүч хавсарч байгаад өөрийнхөө намыг өндийх ч тэнхэлгүй болтол сульдаачихсан. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгойд тусна гэгчээр өөрөө нэр дэвших эрхгүй болох дээрээ тулаад байна. УИХ дахь МАН-ын бүлэгт Үндсэн хуулийг дангаараа өөрчилж чадсан хүч байхад Ерөнхийлөгчийг огцруулах бол юу ч биш.

Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож, нэгэн өдөр эргэж эвлэхээргүй салж байсан МАН, МАХН хоёр эргээд дэр нэгтгэх тухай ярьж эхэллээ. Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг өрсөлдөгчгүй ялуулах тохироо хийгдсэн тухай хэвлэлүүд ид бичиж байна. 100 жилийнхээ ойгоор МАН-ын нэр дэвшигчийг Ерөнхийлөгч болгох их үйл хэргийн хажууд УИХ-ын ганц суудлыг өгөөш болгон шилдэх нь үнэндээ л нохойн наадам биз.

Ийм учир Үндсэн хуулийн цэцийн дээрх хөх тэнгэрт улс төрийн хар бараан үүлс аянга цахилгаан дагуулан хуралдаж эхлээд байна. Ирэх 6-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн Ерөнхийлөгчөөр тодрох нь Цэцийн шийдвэрээс шалтгаалах болчихлоо. Сонгууль хаяанд ирсэн, УИХ-ын чуулган 4-р сард нээлтээ хийх зэрэг шалтгаанаас болоод Ерөнхийлөгчийг огцруулах галтай алхмыг эрх баригчид хийж арай зориглохгүй байх. Тийм учраас одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй болгох, Цэцээс ийм шийдвэр гаргуулах сонирхол давамгайлж байх магадлалтай.

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аа хагалж, лидерүүдийг нь луйварчин, гэмт хэрэгтэн, авлигач мэтээр сошлоор сүүлийн хэдэн жилийн турш яллах, амьдаар нь булшлах ажлыг МАН-тай нийлж өнгөрсөн жилүүдэд хийлээ гэж АН-ынхан өөрсдөө хэлдэг. Цагтаа засгийн эрх мэдэл атгаж, МАН-тай ач тач өрсөлдөж явсан АН хоёр ч сонгууль дараалан ичгэвтэр ялагдал хүлээж, одоо сэхээний тасагт шилжсэн. АН-ын лидерүүдийг ил, далд намнасан гэгдэж буй Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МАН-д ашиглагдаад хаягдсан төдийгүй түших намгүй, тулах нөхөдгүй болж Цэцээс нэр дэвших эрх гуйж явна. Х.Баттулга Монгол ялна гэсэн. Өнөөдрийн хувьд МАН ялна болж хувирч байх шиг…

Б.ТҮВШИНТӨГС

2 СЭТГЭГДЭЛ

  1. Цаашид Төрийн тэргүүн “университет”-ийн болоовсролтой хүн байх хээрэгтэй юм байна даа Дүрслэхийн дунд. цэргийн ерөнхий хоёр арай биш ээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ