2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгох журмыг баталсан. Журамд заасан шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 2020 оны 11 дүгээр сард 1,939,944.0 литр шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн.
Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
Хөдөө аж ахуйн нэг гол бүтээгдэхүүн сүүний хувьд манай улс дотооддоо үйлдвэрийн аргаар жилд нийт 117.4 сая литр сүү үйлдвэрлэдэг. Үүн дээр импортоор жил бүр 5 мянган тонн хуурай сүү авч хэрэглэдэг байна. Иргэдийнхээ өвлийн хэрэгцээнд зориулж импортолдог энэхүү хуурай сүүг шингэн сүүнд шилжүүлбэл 47.1 сая литр сүү импортоор авч байгаа гэж хэлж болно.
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэчих юм бол импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгох шийдвэр гаргасан ажээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгож байх юм.