Соёлын яамтай байна гэдэг үндэстний дархлаагаа хамгаална, бэхжүүлнэ гэсэн үг

Хэдэн жилийн өмнө миний бие Ч.Сайханбилэгийн Засгийн газар Соёлын яамыг татан буулгахад “Соёлын яамгүй болбол харийн хавханд орно” хэмээн халаглан бичиж байсан юм. Бид улс орныхоо хөгжлийн маргаашийн бодлогыг “улстөрчид”-ийн улайрсан тэмцлээр, хэдэн “толгой”-г ямар ч үнээр хамаагүй эрхшээлдээ оруулах гэсэн хуйвалдааны сүүдрээр тодорхойлдог болчихов. Сэхээтнүүдээ чагнахгүй, ард түмнийхээ зүрхний цохилтыг сонсохоо байсан даг. Дэлхий ертөнц өнөөдөр дахин хуваагдлын ирмэг дээр ирчихлээ. Гэхдээ энэ нь дайн тулааны бус, соёл иргэншлийн мөргөлдөөний үр дүнд бий болох, жижиг үндэстэнд тун халтай даяаршил гээч хүчтэй, мөнгөтэй гүрнүүдийн эдийн засаг-технологийн болоод соёлын түрэлтээс үүдэх юм. Нөгөө солонгос хоол, үс засалт, бариу өмд, Хятадын сайхан дуу хөгжим, мөнгөний халуун үнэр, Америкийн тархи эргүүлсэн шоу гээд тоочвоос даяаршлын сүүдэр үлэмж их болно. Үүний үр дүнд бид эх нутаг дээрээ Монгол төрхөө өдрөөс өдөрт алдаж буйгаа анзаарахгүй бол дэндүү оройтлоо.
Дэлхийн түүхэн хөгжил түгээмэл шинжтэй байдаг болохоор бид түүхэн тэгшрэлийн хуулийн нөлөөгөөр түүхээ, ирээдүйгээ бүтээсээр өнөөдөртэй золгосон. Энэ бол даяаршилтай адил боловч арай өөр агаартай. Энэ нь хүний нийгмийн хөгжлийн аль нэг шинэ зүйл хөрш орнууд, алс холын оронд дамжин түгэх замаар хэрэгжихийг хэлж байна. Гэхдээ угсаатны, хувь хүний ухамсарт үйл ажиллагааны үр дүнд хэрэгждэг. Нийгэм дууриаллаар хөгждөг боловч хэнийг дууриах вэ, хэнд юугаа дууриалгахгүй байх вэ гэдэг нь тухайн улс орны тусгаар тогтнолын тэргүүлэх бодлогод ордог билээ. Юун түрүүнд түүх соёл, хэл, бичгээ хамгаалах нь орших уу, эс орших уу гэдгийн хариулт болно. Энэ бүхнийг тодорхойлдог, хянадаг, улс орноо гадаад ертөнцөд юун түрүүнд илэрхийлдэг салбар бол соёл урлагийн салбар юм. Энэ том салбар өөрийн яамгүй, хавсарга төдий явсаар ирсэн нь Монголын жинхэнэ эмгэнэл байлаа. Өөрөөр хэлбэл Соёлын яамгүй байна гэдэг Батлан хамгаалах яамгүйтэй адил хэрэг л дээ.
Шинэ засгаа байгуулах гэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ бүхнийг өөрчилж бие даасан Соёлын яамтай болгож буй нь юутай гэрэлтэй ирээдүй билээ. Сэтгэл тайтгарч байна.
Соёл урлагийн салбарын өвлөж, тээж, үйлдвэрлэж буй үнэт зүйлс, соёлын бодлого бол манай үндэстний гол дархлаа юм. Түүхэн замнал, өв уламжлал, ёс заншил, эх хэл, бичиг үсэг, угсаатны сэтгэхүйгээ алдваас, энэ нь суларсаар байх аваас угсаатан мөхдөг. Энэ бүхнийг атгаж, хянаж, тодорхойлж суух ёстой Соёлын яамгүй явсаар байсан бол бид өөртөө авсаа бэлдсэнтэй адил болох байв. Нүүдэлчин, тариачин хоёрыг угтаа бол Цагаан хэрэм ч тусгаарлаж чадаагүй. Бие биеийн соёл иргэншлийг үл хүлээн зөвшөөрөх угсаатны төлөвшил нь чухамдаа заагласаар ирсэн. Монголын тусгаар тогтнолын үнэт цоож болсон энэ “хил”-ийг хээв нэг туучин гарч болдоггүй. Ийм л учраас бид хөөмэйгээ, уртын дуугаа, монгол бичиг, монгол гэрээ, туулиа, эрийн гурван наадам, дээл хувцас, бий биелгээ, адуу малын тоног хэрэгслээ бусдаас, урд хөршөөс харамлаад байгаа юм.
Уржнан бид цус нэгтэй шүү хэмээн давтан өгүүлэх Өвөрмонголчууд дээрх бүхнийг “савардах урлаг” гэдэг нэрийн дор нэгтгэн базаад ЮНЕСКО-гийн соёлын өвд (хятадын нэрийн дор) бүртгүүлэхээр гүйлдэн буйг зүрх шимшрэн сонсч байлаа. Энэ нь тун аюултай. Дээрх соёлын өвүүдээ харь үндэстэнд алдаж байна. Дэлхий ертөнц биднийг хятадын нэг хэсэг гэж үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнолоо алдаж байна л даа. Энэ бүхэн шуудхан хэлбэл Соёлын яамгүйн эмгэнэл байсан. Үндэстний дархлаагаа хэн сайн хадгалж үлдэнэ, энэ бөмбөрцөгт дуу хоолойгоо хангинуулсаар байх билээ.
Хятадууд байтугай жижиг улс орнууд юун түрүүнд Соёлын яамаа тэтгэж, асар ихээр мөнгө төсөвлөж байдаг. Гэтэл бид яам ч үгүй сууж байсан. Хүчирхэг Оросууд өөрсдийгөө театрын эх орон хэмээн толгой дээгүүр алхдаг. Бид нефть, байгалийн хий, цөмийн зэвсэгтэй гэж хөөрцөглөдөггүй. Ерөнхийлөгч В.Путин нэрт найруулагч Олег Табаковтаа ой мод, цөөрөм бүхий эдлэн газар бэлэглэсэн. Энэ бүхний цаана Орос орны эрх ашиг, үндэстний дархлааны асуудал байгаа учраас тэр л дээ. Хоёр хоногийн өмнө Оросууд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийж жинхэнэ орос хуультай болов гэж тунхаглалаа. Үүнийгээ онцлон В.Путин хэлэхдээ “Орос үндэстний, ОХУ-ын гол тулгуур, оршин тогтнох эх булаг бол Оросын түүх, соёл, хэл” гэсэн. Нэгийг өгүүлээд байгаа биз.
Соёл урлаг нь хөгжсөн, дээгүүр үнэлэгддэг улс орны иргэд эргэлзэх сэтгэхүйтэй болдог. Эрүүл сэтгэхүйтэй гэж үүнийг хэлнэ. Иймгүйгээс бид цуурай маягаар харийн соёлын элементийг шууд хүлээн авч, эс бөгөөс хэрэгтэйг нь таягдан хаяж байна. Соёлын хамтын ажиллагаа, солилцоо байх нь зүй ёсны хэрэг боловч хятадууд, японууд, жүүдүүд, арабууд, хойд солонгосууд шиг юуг авч болох хийгээд болохгүйн учрыг дэнслэх туршлага сул байна л даа. Германы эрдэмтэн Амель гэгч “Монголд нэг өндөр настан нас нөгчих нь нэг номын сан устаж байгаатай адил” гэж дүгнэсэн байдаг. 80 настай Дорж ертөнцийн мөнх бусыг үзүүлнэ гэдэг түүний өвлөсөн, бүтээсэн соёл түүнтэй хамт дууслаа гэсэн үг. Тийм учраас бидэнд аман түүх, биет бус соёлын өвийн системтэй судалгааг эрчимтэй явуулах шаардлага үлэмж бий. Уг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай заалтад “Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж заасан юм шүү дээ. Төрийн дуулал дотор маань ч “Үндэс язгуур, хэл соёлоо үрийн үрд өвлөн бадраая” гэдэг чухал мөр бий. Тэгэхээр зарим эрхтэн дархтануудын ойлгодгоор соёл урлаг бол хүмүүсийг баясгагч төдийхөн зүйл биш юм. Бид үндэсний урлагаас гадна бидний дархлааг бэхжүүлэх уран зохиол, кино үйлдвэрлэл, музей, аялал жуулчлал, театрын урын сан, уран зураг гээд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлмээр, хөхиүлэн дэмжмээр байна. Энэ нь соёл урлагийн салбарт улс орны хөгжлийн цусны амин эргэлт гүйж байдгийг төрийн бодлогын дээд төвшинд анхаарахыг хэлж байна. Манай хоёр хөрш гэхэд л сүүлийн жилүүдэд кино үйлдвэрлэлээс олсон орлого нь Америкийг ч даван гарч байх жишээтэй. Эдийн засгийн үлэмж ашиг орлогоос гадна үндэстний хүчтэй идеал бий болж, үнэт зүйл, ухамсар маань сэргэн мандалтын хэмжээнд очих сайны нигууртай юм. Манайд гаднынхан ирэхэд, бид хилийн дээс алхах бүрт урлаг соёлынхон маань л нүүр тахалдаг, Монгол гэдэг чинь давтагдашгүй өвөрмөц үндэстэн юм шүү, бусдаас ялгамжаатай буурал түүхийн очтонууд гэдгийг таниулдаг бус уу.
Дээрх бүхнээс үүдээд өгүүлэхэд манайд Соёлын яам зайлшгүй байх ёстой, бүр чиглэлийн яам болгох нь үндэсний аюулгүй байдлын гол дархлаа болох юм. Олон үг эс нуршин өгүүлэхэд энэхүү үндэстний гол тулгуур болсон яамны сайд хэн байх вэ гэдэг нь яг одоо хэн бүхний анхаарлыг гойд татаж байгаа. Судлаачийн хувьд нягтлан шүүхэд дээр өгүүлсэн бүхнийг иш онолын үүднээс мэддэгээс гадна зүрх сэтгэл, яс цусаараа мэдэрдэг, үүний төлөө тэмцдэг нэгэн бол Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Намнангийн Наранбаатар мөн. Монголын ард түмний оюуны цангааг тайлсан төдийгүй нийгэмд эрүүл сэтгэхүй бий болоход үлэмж нөлөөлсөн түүний найруулсан жүжгүүдийг бүгд мэднэ. Хүлээн зөвшөөрдөг. Найруулагч хүн бусдыгаа чиглүүлдэг, хөтөлдөг, цэгцэлдэг. Хөлөг онгоцны капитан байдаг. Хөлөг онгоцыг мэргэжлийн хүн л удирддаг. Энэ үүднээс соёл урлагийн салбараа гадарладаг төдийгүй доторлодог, мэргэжлийн том орон зайтай Н.Наранбаатар л Соёлын яамаа удирдвал ойрын жилүүдэд алдагдсан энэ салбарын ажил гольдрилдоо орно. Шинэ ундаргатай ч болно. Тэр ил цагаан, шулуухан хэлчихдэг зантай. Гэхдээ бусдыг маш сайн сонсоно. Энэ чанараараа тэр төрийн залгамж чанар, төрийн чадамжийг сайн мэддэг.
Саявтар ойрын эх сурвалжаас нэг зүйлийг сонсов. Манай улс төрийн хүрээний томчууд “Н.Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” жүжгийг л улстөрчдөдөө үзүүлмээр байна. Шинээр парламентад орж ирж байгаа нөхдүүдэд төр гэж юу байх, төрд хэрхэн зүтгэх, ард түмэндээ биеэ хэрхэн зориулах вэ гэдэг нь эндээс тод харагддаг” гэж ярилцсан нь цаагуураа нэгийг өгүүлээд байна. Чухамдаа Монгол үндэстний хувь заяаны гол тулгуур болсон энэ яамыг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар толгойлоход яг тохирно. Тэр бол эрч хүчтэй, шинэ үеийн тод томруун сэхээтэн билээ.
Л.Ванган, Ч.Лодойдамба нарын театр урлагийн зүтгэлтнүүд Соёлын яамаа удирдсаар ирсэн уламжлал ч бий.
Их эзэн Чингис хаан “Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж байгтун” хэмээн зарлигласан шиг дэлхийн улс орнуудын соёл иргэншлийн сөргөлдөөн улам хурцдаж буй энэ үед “Өв соёлоо алдаж, бусдын соёлын нөлөөнд автсаар байх ахул энэ бөмбөрцгөөс бид үүрд арчигдана” гэдгийг өглөө бүр санан сэрцгээх цаг хоолойд тулж иржээ. Мөнх хөх тэнгэр биднийг ивээг!

МЗЭ-ийн болон нэрт найруулагч
Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, судлаач

Битогтохын ЦОГНЭМЭХ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ