Энэ сарын 22-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “…сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “… эсхүл дутуу …” гэсэн заалт нь тус тус Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Цэц ийнхүү маргаан үүсгээд байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.” гэж тус тус хуульчилсан байна.
Гэвч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл … сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж хоёр өөр хугацаа тогтоожээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.”, хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж тус тус хуульчилснаас үзэхэд нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй, тэмдэглэгээ хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй гэж үзсэн атлаа mойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор зохицуулсан байна.” гэж нэр бүхий иргэд үзэж Цэцэд мэдээлэл гаргасан байна.