УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Цар тахал дэгдсэн, эдийн засаг доройтсон, ээлжит сонгууль хаяанд тулсан цаг үед цахимаар хуралдахаар эрхэм гишүүд бэлтгэжээ. Чуулганы эхэнд Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн барьсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн цар тахлын үед эдийн засгаа аврах төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэхээр дараалалд оруулжээ.
Б.Батзориг гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад албан ёсоор өгчээ. Тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-ийн сангаас албан тшуаалтнуудад зээл олгосон, жирийн бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байгаа юм. Өмнө нь Улсын ерөнхий прокуророос түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан ч УИХ хамгаалж үлдэж байв.
Б.Батзориг харин энэ удаад өөрөө өргөдлөө өгч УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх гэж байгаа нь УИХ-ын ээлжит сонгууль угтаж эрх баригч МАН-аас хийж байгаа улс төрийн нүүдэл гэж ажиглагчид үзэж байна. Юутай ч одоогийн УИХ-ын отгон чуулганаар эрх баригчид дахин нэг гишүүнээ парламентын танхимаас гаргаж сул иргэн болгох нь тодорхой боллоо.