Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах, зээлийн өргөдөл хүсэлтийг тавдугаар сарын 27-ноос 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд авч эхэлсэн. Одоогоор 85 төсөл хүлээж авсан бөгөөд энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төслөө хэрхэн бичиж материалаа бүрдүүлэх талаар олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллээр хангаж, зөвөлгөө дэмжлэгийг газар дээр нь өгч ажиллаж байгаа аж. Өдөрт дунджаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл ирж төслөө хэрхэн бичих, бичихдээ юуг анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хэзээ очиж материалуудаа өгөх гэх мэтээр олон зөвөлгөө мэдээлэл авч байгаа юм байна.
Төслийг хүлээж авах хугацаа зургадугаар сарын 10-ны 17 цаг 30 минутад зогсох юм байна. Жижиг дунд үйлдвэрээс зээл олгох журмын хүрээнд хуанлийн 14 хоног гэсэн учраас зургадугаар сарын 8-9-ний амралтын өдрүүдэд өглөөний 08:30 минутаас оройн 17:30 минут хүртэл ажиллаж, зургадугаар сарын 10-нд ч энэ хувиарын дагуу ажиллана гэдгээ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдээллээ.
Та төслөө Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төв байранд мөн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв дээр тус тус өгч болно. Мөн энэ жил төсөл хүлээн авах ажиллагааг цахим ертөнц ашиглан, программаар дамжуулан хүлээн авч байгаа ажээ.
Тухайн төсөл нь хэрэгжих болмжтой, зах зээлд танигдсан, төслийн хүрээнд олгох зээлийн таван жилийн хугацаанд өөрийнхөө төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, импортыг орлох, экспортод гаргахад анхаарсан төсөл байх юм бол дэмжигдэх магадлал өндөр гэж тус сангийн захирал Б.Батцэцэг онцолжээ.