БНХАУ-д коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор тус улсын эдийн засаг хүнд байдалд ороод байгаа. Хубэй мужид бүх үйлдвэрүүд тэг зогсолт хийж, хилийн чинадад ажилладаг Хятадын 290 сая орчим ажилчид ажилгүй, эсвэл маш бага цалинтайгаар ажиллахаас аргагүйд хүрээд бйагаа юм. “Goldman Sachs”-ийн саяхны судалгаагаар тус улсын ДНБ 2020 оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 9 хувь буурна гэж тооцоолжээ. Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн сүүлийн 10 жилд гарч байгаагүй бууралт юм. Гэвч тус улс коронавирусний халдварын хоёр дахь дэгдэлт гарч магадгүй гэж байгаа ч эдийн засгийн хүнд байдлаасаа гарахаар хичээж эхэлжээ. Энэ долоо хоногоос Хубэй муж дэх үйлдвэрүүд ажлаа эхэлсэн байна.
БНХАУ эдийн засгийн уналт маш хүнд хэмжээнд байгаа тул засгийн газар нь анхааралтай байхын хажуугаар эдийн засгаа аврахын тулд ажлын зах зээлийг боломжийн хэмжээнд хүргэж тэнцвэржүүлэхээр хичээж байна. Гэхдээ вирус бүрэн устаагүй байхад ийм алхам хийх нь тийм ч зөв алхам биш гэж “BNP Paribas” олон улсын байгууллагын эдийн засагч Шиндон Чен CNN агентлагт хэлжээ.
Бээжин, үйлдвэрүүдийн хэвийн ажиллагааг эргэн сэргээхийн тулд анхаарч ажиллаж буй бөгөөд засгийн газар нь вирустэй тэмцэхэд мөнгө гаргахаас гадна ажлын байр нэмэгдүүлэх дэд бүтцийн төслүүдэд ч мөнгө зарцуулсаар байна Гуравдугаар сарын 17 гэхэд аж үйлдвэрүүдийн 90 хувь нь ажиллаж байх болно. Жижиг аж ахуйн нэгжүүд эргэн сэргэхэд тун хэцүү байгаа. Тэдний 60 хувь нь л энэ сарын дунд гэхэд ажлаа эхлүүлж чадна гэж Бээжин тооцоолжээ. Иймээс жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг багасгах, зээл төлөхөд хүндрэлтэй байгаа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хүнд байдлаас гарахад нь туслах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна.
Гэвч БНХАУ-д одоо ч гэсэн коронавирусний халдварууд бүртгэгдсээр байгаа бөгөөд ялангуяа Хонконгд халдварын хоёр дахь давалгаа эхэлж шинэ тохиолдлууд олноор бүргэгдэж байгаа юм. Энэ үед Бээжин халдварын хоёр дахь давалгаанаас хэрхэн бултаж, эдийн засгаа эргэн сэргээх төлөвлөгөөгөө яаж уялдуулан хэрэгжүүлэхийг дэлхийн нийт анхааран ажиглаж байна.