Коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор аны хаалт болон зарим хэрэгцээт зүйлсийг борлуулна гэх нэрийдлээр залилан хийх гэмт хэрэг бүргэгдэх болсныг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Тодруулбал, нэр хүнд бүхий үйлдвэрийн нэр барьж амны хаалт хямд үнээр захиалга авна, хандив тусламж цуглуулах нэрийдлээр бусдыг залилсан хэргүүд нэлээдгүй гарсан байна. Эрээн хотод амьдардаг монгол иргэн Д маск нийлүүлнэ гэж иргэн Б-ээс 8 сая 400 мянган төгрөгийг нь залилсан бол, манай улсын иргэд цахим худалдаагаар маск авахаар 117 сая төгрөгийг Герман руу урьдчилан гуйвуулж залилуулсан харамсалтай хэргийг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байгаа ажээ.
Иймээс цагдаагийн байгууллагаас цахим орчин дахь элдэв мэдээлэлд хянуур хандах, түрүүлж мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, хандив тусламж өгөх гэж буй бол сайтар нягтлахыг анхаарууллаа.
Одоогоор энэ төрлийн 25 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.