Э.Бат-Үүл, Ч.Хүрэлбаатар хоёроос өөр Ерөнхийлөгчид хэн үг хэлж байгаа юм бэ?

Э.Бат-Үүл нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр төрд халдсан хэргээр шүүгдэв. ер нь сүүлийн үед байнга нь шүүхийн үүд сахиж суудаг ажилтай болсон. Ардчилсан Үндсэн хууль баталсан өдрөөр хүртэл яллагдагчаар татагдчихсан шүүх танхимд өдрийг өнгөрөөсөн.

2019 оны зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэх гарчигтай нийтлэл бичсэн байдаг. Түүний нийтлэлд гүтгэлэг байна гэж үзээд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар зэрэг шүүхэд өгсөн. Шүүхээс Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө өгсөн нь энэ юм.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ. Улсын баатар Э.Бат-Үүлийг өмнө нь ардчилсан Үндсэн хууль баталсан өдөр шүүхэд дуудсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд амжсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ гэх хэмжээгүй эрхт бүтцээрээ дамжуулж Улсын дээд шүүхийн шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлдэг, Улсын ерөнхий прокурорыг ажлаас нь халдаг жишиг тогтоогоод удаж байна. Ийм байхад шүүх байгууллага Ерөнхийлөгчийн харцны аясаар хөдлөх, түүний хүслийг гүйцэлдүүлэх өндөр магадлал үүсэх нь тодорхой. Хараат бус хуульчид ч үүнийг хурцаар шүүмжлэх болсон.

Э.Бат-Үүл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлын үеэр түүнийг дэмжиж, сонгогдоход нь томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Харин Ерөнхийлөгч болсных нь дараа түүний зарим бодлого, үйл ажиллагаа, шийдвэрийг зоригтой шүүмжилж, ил хэлж, эсэргүүцэж байгаа нь мөн л Э.Бат-Үүл.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ, Засгийн газрыг хүртэл өөрийн аясаар хөдөлгөж байгааг улстөрчид хэлдэг. Хулгайчуудаар дүүрсэн тул УИХ-ыг тараах санаачилгыг хоёр ч удаа гаргаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргуулахдаа нөгөө хулгайчуудтайгаа хуйвалдаад, хамтрагч болоод сууж байсан нь лав үнэн. УИХ-ыг, Засгийн газрыг, шүүхийг, прокурорыг аясаараа хөдөлгөж суугаа агуу удирдагч Х.Баттулгыг шүүмжилж ч болохгүй цаг иржээ.

Өнөөдрийн улс төрд яг үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын өөдөөс үг хэлдэг хүнгүй болчихсон. Эрх баригч МАН, сөрөг хүчин АН гээд бүгд түүний далласан газар ил гарч, далайвал далд орж байгаа. Э.Бат-Үүл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёроос өөр Ерөнхийлөгчид үг хэлдэг хүн байхгүй болсон. Бусад нь бүгд өөрсдийнх нь хэлж заншсанаар төмсөгдүүлчихсэн. Ингэснийх нь төлөө Э.Бат-Үүлийг шүүхээр сүхдэх, Ч.Хүрэлбаатарыг сошлоор балбах болсон юмдаг.

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг шиг шүүмжилснийх нь төлөө шүүх цагдаагаар дарамтлуулдаг дарангуйлагч нийгэм эргэн ирсэн мэт. Х.Баттулгын хийсэн, хэлсэн бүхэн үнэн, бусдынх худал юм бол үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг Үндсэн хуулиас баллуурдъя. Шүүмжилсэн хүн бүрийг шүүхээр далайлгах юм бол Засгийн газраа огцруулаад, УИХ-аа тараагаад Х.Баттулга гэдэг цор ганц үндэсний удирдагчтай л болцгооё.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...