Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Намжилын Чинбат дөнгөж сая сонгогдлоо.
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдав.
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн олонхийн санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгожээ.
Н.Чинбат Монгол Улсын Их Хурлын 2017 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байгаа нэгэн юм.
Н.Чинбат 1956 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол:
1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
1979 онд МУИС-ийн хуулийн анги төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр цолтой.
Ажилласан байдал:
1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,
1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Их Хурлын 1998 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны есдүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн байна.
Улсын дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2017 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна.
Тэрээр 1997 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, 2002 онд Алтан гадас одон, 2008 онд Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнагджээ.