Баян-Өлгий аймаг энэ онд 10 мянга орчим гадаадын жуулчин хүлээж авна гэсэн урьдчилсан тооцоог аймгийн БОАЖГ-аас гаргасан байна.
Тус аймагт 2018 онд найман мянга орчим гадаадын иргэн, дөрвөн мянга орчим дотоодын жуулчин зочилжээ. Гадаадын жуулчдын ихэнх нь орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцах, Алтай Таван богдын байгалийн үзэсгэлэнт газар болон жил бүрийн 10 дугаар сард болох Бүргэдийн баярыг үзэж сонирхохоор ирсэн аж. Үүнээс аймгийн эдийн засагт найм орчим сая америк долларын орлого оржээ. Энэ жилийн хувьд дээрх амжилтаа ахиулахыг зорьж байгаа бөгөөд орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс зочлох үйлчилгээний чанарыг сайжруулах, жуулчдад тав тухтай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал БОАЖЯ болон “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв” ТББ-тай хамтран “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг тавдугаар сарын 29-нөөс энэ сарын 3-ны өдрийн хооронд Өлгий хотод зохион байгуулжээ. Уг сургалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 41 компани, иргэдийн төлөөллөөс 310 хүн оролцжээ. Энэ үеэр жолооч, тогооч, орчуулагч, хөтөч, өрөөний үйлчлэгч, ачаа зөөгч, угтагч зэрэг есөн мэргэжлээр сургалт явуулж, сертификат гардуулсан байна.