Хоригийг хүлээж авахгүй гэсэн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч дахин хориг тавив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Энэ тухайгаа “Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы …хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзнэ…”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заажээ.

Татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудыг үл хайхарсан, хуулиар тогтоосон дэг ёс, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг зөрчсөн, төрийн эрх барих дээд байгууллагын болон ард түмний элч болох Улсын Их Хурлын гишүүдийн шийдвэрт хууль бусаар нөлөөлсөн, хууль ёсны шийдвэрийг нь хууль зөрчин өөрчилсөн зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй, парламентын засаглал, Улсын Их Хурлын нэр хүндэд нэн сэвтэй зохисгүй үйл ажиллагаа явагдсан тул хууль зөрчиж гаргасан шийдвэрээ нягтлан үзэж, залруулах боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох үүднээс хориг тавих нь зүйтэй гэж үзлээ.

  1. Улсын Их Хурлын …бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Тус хуулийн 31 дүгээр зүйлд “Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх” дэгийг тусгайлан тогтоож, нарийвчлан зохицуулсан. Тухайлбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно”, 31.6 дахь хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ”, 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заажээ.

Татварын багц хуульд тавьсан хоригийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтыг байнгын хороодын “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 25 нь буюу 64.1 хувь нь дэмжин, 14 нь буюу 35.9 хувь нь татгалзаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн “…нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ” гэсэн заалтуудын дагуу татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээн авах хууль ёсны шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан.

Гэтэл Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн гаргасан “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль зүйн үндэслэлгүй “горимын санал”-аар санал хураалтын дүнг хүчингүй болгон, дахин санал хураалт явуулж, төрийн эрх барих дээд байгууллагын болон ард түмний элч болох Улсын Их Хурлын гишүүдийн хууль ёсны шийдвэрийг хууль бусаар өөрчилсөн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, бүдүүлэг, эрх зүйт төрийн ёсонд огт нийцэхгүй үйлдэл гэж үзэж болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гишүүнээс гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй” гэж заасан.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн санал нь “асуудлыг хэлэлцэх журам, дараалалтай огт холбогдолгүй” төдийгүй хэлэлцэж дууссан асуудлын үр дүнг өөрчлөх санаархалтай нь илэрхий тул “горимын санал”-д хамаарахгүй. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй гэдгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт маш тодорхой заажээ.

Тиймээс Улсын Их Хурлын хууль ёсны шийдвэрийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн гаргасан “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль зүйн үндэслэлгүй “горимын санал”-аар хүчингүй болгож өөрчилсөн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж байгаагаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы …хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзнэ…” гэсэнд нийцэхгүй юм. Тодруулбал 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэж, хүлээн авах шийдвэр гаргах үед нийт 39 гишүүний ирцтэй байсан нь Үндсэн хуулийн энэхүү шаардлага бүрэн хангагдсаныг нотлох бөгөөд “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх үндэслэлээр Улсын Их Хурлын шийдвэрийг хүчингүй болгох ямар ч боломжгүй гэдгийг харуулж байна.

  1. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг тогтоосон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно” гэж заасан бөгөөд татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэхүү заалт мөн зөрчигдсөн гэж үзэж болохоор байна.

Тухайлбал, Улсын Их Хурлын баталсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон түүнийг хэлэлцэж гаргасан байнгын хороодын санал, дүгнэлттэй холбоотой асуултад Улсын Их Хурлын бүтцэд хамаарахгүй, огт өөр чиг үүрэгтэй Сангийн яам, татварын байгууллагын албан тушаалтнууд хариулт өгч, тухайн хуулиудад байгаа зөрчил, дутагдлыг төөрөгдүүлэн хамгаалж, Улсын Их Хурлын гишүүдэд эндүү ташаа ойлголт өгч байсан нь нэн зохимжгүй алдаа гэж үзэж байна.

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар эдгээр байгууллага, албан тушаалтнууд Улсын Их Хурлын төдийгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан байдлаар төрийн тэргүүн, төрийн эрх барих дээд байгууллагын хооронд явагдаж буй хууль ёсны үйл ажиллагаанд хутгалдан оролцох боломжгүй юм.

  1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно”, 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан.

Улсын Их Хурлын гишүүд энэхүү хоригийг хүлээн авснаар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор явуулсан эхний санал хураалтын дүн буюу хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 64.1 хувь нь дэмжиж, 35.9 хувь нь татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болж, татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээн авах Улсын Их Хурлын хууль ёсны шийдвэр журмынхаа дагуу гарч баталгаажих нөхцөл бүрдэнэ.

Ингэснээр татварын багц хуульд туссан үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасны дагуу засаж, залруулах боломж мөн бүрдэх юм.

Нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зүй ёсоор хөндөж буй татварын багц хуульд залруулвал зохих алдаа, зөрчил олон байгааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, эрдэмтэн судлаачид зохих ёсоор мэдэгдэн эсэргүүцэж байгаа бол хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй татварын байгууллагын зарим шударга ажилтан, албан хаагчид мөн болохгүй зүйлүүдийг нь засаж залруулахын төлөө ажил, амьдралаа эрсдэлд оруулан зүтгэснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...