Хавар, намрын салхитай өдрүүдэд Эрдэнэт хот орчимд цагаан тоос дэгдсэн байхтай олонтаа таарч байв. Үйлдвэрийн хот болохоор хүдэр олборлосон шороон овоолгоос тоос босдог байх гэж боддог байлаа. Үе үехэн салхиар “сэрдэг” тэрхүү цагаан тоос хаанаас гардаг, хүний эрүүл мэндэд, байгаль орчинд, мал амьтанд үнэхээр хор хөнөөл учруулдаг уу гэсэн асуултад хариулт авахыг зорилоо. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалж цагаан тоос зөвхөн хавар, намрын салхи ихтэй улиралд биш зун, өвөл ч дэгддэг болсон талаар Эрдэнэт хотынхон ярих болсон. Аймгийн холбогдох төрийн байгууллага болон Эрдэнэт үйлдвэрийнхэн цагаан тоосыг дарах чиглэлээр Дэд хөтөлбөр боловсруулан ИТХ-аар батлуулжээ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр баяжуулах технологиор хүдрээс зэс молибден гарган авч олборлодог. Олборлосон хүдрээс 2 хувийг метал хэлбэрээр ялган аваад үлдсэн 98 хувийг өөрсдийнх нь тогтсон нэршлээр Хаягдлын аж ахуй руу илгээдэг ажээ. Булинга буюу хатуу шингэн хэлбэрийн нийлмэлийг тусгай талбайд хуримтуулдгаас цагаан тоосны үүсэл эхэлнэ.
Үйлдвэр тэртээ 40 жилийн өмнө тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн зураг төслөөр барьж ашиглалтад оруулахдаа л Хаягдлын аж ахуй гэх нэршил тогтжээ. Угтаа бол Ашигт малтмалын хуулиар Үүсмэл орд гэж нэрлэх учиртай юм билээ. Булингыг хаягдлын талбайд асгаад усыг нь 90 хүртэл хувиар шүүн авч үйлдвэрлэлийн хэрэгцээнд эргээд ашигладаг. Ингээд таван шат дамжлагаар буталж, нунтагласан хүдэр хатахаар салхитай үед цагаан тоос босдог юм байна. Уул уурхайн мэргжилтнүүдийн ярианаас үзвэл цагаан тоос босоод байгаа нарийн шороог кварцын элс гэж нэрлэдэг. Үйлдвэр ажиллаж эхэлснээс хойшхи 40 жилийн хугацаанд 800 гаруй сая тонн кварцын элс хуримтлагдсан гэсэн үг. Хаягдлын аж ахуй буюу үүсмэл ордын хуримтлал нэмэгдэж өндөрсөхийн хэрээр цагаан тоос босох давтамж нэмэгдэх болсон гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон хэллээ.
Өнөөлдрийн байдлаар цагаан тоос босдог эх үүсвэрийн 70 хувийг дарж чаджээ. ИТХ-аас баталсан дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд 80 хувь дарах зорилт дэвшүүлсэн ч 100 хувь дарахаар ажиллаж байгааг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх ярилаа. Хүмүүсийн санааг зовоогоод байгаа цагаан тоосыг технологийн хувьд гурван аргаар дарж байгаа юм байна. Нэгд, булингыг дарагч бодистой барьцалдуулах замаар дэгдэмхий чанарыг нь багасгадаг ажээ. Хоёрт, тоос дарагч бодисыг устай холих аргыг нэвтрүүлжээ. Энэхүү технологиор цагаан тоос дарахын тулд тусгай техник захиалсан гэдгийг албаны хүмүүс хэллээ. Гуравт, үйлдвэрлэлийн технологийн аргаар хаягдлын талбайг усалж байна. Эдгээр аргуудыг нэвтрүүлснээр цагаан тоос дэгддэг 800 га талбайн 560-ыг дарж чаджээ.
Цагаан тоосыг бүрэн дарах эдгээр зорилтод эргэлзэх хүн мэр сэр байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бодитой судалгаа, зорилт, хэрэгжүүлж байгаа алхмуудаас нь харахад цагаан тоосонд баяртай гэж хэлэх өдөр ойртжээ. Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ жил Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал харицсан хэлтэс шинээр байгуулсан байна. Үүнээс гадна цагаан тоос дарах алба хэмээх шинэ нэгж байгуулж хүн хүч, тоног төхөөрөмжөөр хангах тал дээр онцгой анхаарч байгааг хэлсэн. Өнөөдрийн байдлаар Цагаан тоос дарах албанд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа ярилаа. Энэхүү хөрөнгийг тоос дарахад шаардлагатай бодис худалдан авах, тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулжээ.
Цагаан тоос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн үү гэдэг асуулт зүй ёсоор гарна. Нүдээр харахад энэ нарийн тоос уушгийг баллаж байгаа даа гэх бодол хэнд ч төрөх байх. Эрдэнэт үйлдвэрийнхэн 2006 оноос эхлэн аймгийн холбогдох төрийн байгууллагуудтай хамтран нөлөөллийн бүсэд амьдарч байгаа хүмүүсийг хамруулсан 12 удаагийн үзлэг, шинжилгээ хийжээ. Ингэхэд цахиурын давхар ислээс шалтгаалсан уушги тоосчих өвчний тохиолдол илрээгүй гэж Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувилал цогцолборын үйл ажиллагаа хариуцсан орлогч, их эмч Ж.Ганчимэг хэллээ. Шинжилгээг энэ нутагт дунджаар 28.6 жил амьдарсан хүмүүсийн хамруулсан гэдгийг тодотгосон. Товчхондоо бол цагаан тоос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэл өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй ажээ. Гэхдээ шинжилгээгээр гарсан үр дүнд сэтгэл ханаад суух биш Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж нарийн шинжилгээ, дүгнэлт гаргуулахаар албан ёсоор хандаад байгаа юм байна.
Зөвлөлтийн мэргэжилтнүүд үйлдвэрийг анх байгуулах, төлөвлөхдөө хаягдлаас босох цагаан тоосыг хэрхэн дарах талаар тооцоолол хийгээгүй байдаг. Нэмэлт хайгуулын үр дүнд Эрдэнэт үйлдвэр дахиад 60 жил ажиллах боломж бүрдсэн талаар Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнгөрсөн онд хэлж байсан. Энэ ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г шинээр хийж байгаа бөгөөд хаягдлын асуудлыг хамгийн орчин үеийн технологиор шийдэхээр зорьж байгааг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх хэллээ. Ямартай ч Эрдэнэт хотынхны санааг зовоосон цагаан тоосны дэгдэлтийг ирэх жил гэхэд бүрэн дарахаар ажиллаж эхэлжээ. Ажил саадгүй энэ эрчээрээ урагшилбал цагаан тоосонд баяртай гэж хэлэх өдөр ойрхон болжээ.