Н.Тилеухан: 2019 онд 4.5 их наяд төгрөгийн 7 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ

Барилгын салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар Барилга, хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Тилеухантай  ярилцлаа.

Барилгын салбарт одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар яриагаа эхлэх үү?
Одоо хэрэгжилтийн шатандаа явж байгаа 2018 онд эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд байгаа. Мөн баримт бичиг нь боловсруулагдаж буй, сонгон шалгаруулалт нь хийгдэж дуусаад газар шорооны ажил руугаа орсон төслүүд ч байгаа. Одоогоор 1.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 9 төслийн ажил явагдаж байна. Тухайлбал, та бүхний хамгийн сайн мэдэх БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй “Төв цэвэрлэх байгууламж”-ийн төсөл, 2018 онд эхэлсэн 2020  онд дуусгахаар ажиллаж байгаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”, 2021 онд дуусгах Австри улсын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх “Тайшир-Алтай усан хангамжийн төсөл”, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд “Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл”, “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжих “1008 айлын орон сууцны” төслүүдийг нэрлэж болох юм.

Өнгөрсөн онд барилгын салбарт ямар томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дууссан бэ?
Барилга, хот байгуулалтын яамны хувьд 2011-2018 онд нийт 815 тэрбум төгрөгний санхүүжилттай 8 том төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн төсөл”, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Гачууртын шинэ эх үүсвэрийн төсөл” гэх зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тун удахгүй “Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төсөл”-ийг улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Барилгын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөж, дэд бүтцийн болон нийгмийн шинж чанартай олон төсөл хөтөлбөр хэрэгжих төлөвлөгөө бий. Энэ жил эхлэх ямар төсөл, хөтөлбөр байгаа вэ? 
Барилга хот байгуулалтын яамнаас 4.5 их наяд төгрөгийн 7 төсөл арга хэмжээг 2019 онд санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гурван төслийг онцлон хэлье. “Агаар орчны бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр буюу 500 сая ам.доллараар орон сууц барихаар ТЭЗҮ хийгдэж байна. Түүнчлэн “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2018-2031 оны хооронд Баян-Өлгий, Ховд, Увс, Дорнод аймгуудад хэрэгжүүлнэ. Мөн ”БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Аймгийн төвүүдэд цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, таван аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг 2019-2021 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эдийн засгийн уналт, төр засгийн тогтворгүй байдлын улмаас барилгын салбарын гадаад хөрөнгө оруулалт буурсан байдаг. Салбарын хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ? 
Манай яамны хувьд улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарч ажилладаг. Ер нь барилга, хот байгуулалтын салбарыг хөрөнгө оруулалт, зээл тусламжгүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ. Манайд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон төслүүд байна. Тэдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хууль дүрэм, журмыг гаргах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг анхаарч, шийдвэрлэх нь манай яамны гол ажил. Гадаадын зээл тусламжаар 2011 оноос 2022 он хүртэл хэрэгжсэн, хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 24 төсөлд 7.1 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ байна. Ер нь бол гадны хөрөнгө оруулагч нартай уулзахад Монгол Улсад, тэр дундаа барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэл сонирхол маш их байгаа нь ажиглагдсан. Тэдний хувьд хөрөнгө оруулалтын таатай орчин, эрх зүйн хувьд тодорхой зарчмуудыг чухалчилдаг. Манай улс гадаад зээл, тусламж, хөрөнгө оруулалтын тал дээр хууль, эрх зүйн таатай орчин, зөв бодлоготой болчихвол хөрөнгө оруулалт нэлээдгүй нэмэгдэнэ гэж харж байгаа.

 Гадаад зээл, тусламж, хөрөнгө оруулалтаас гадна Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийж байгаа вэ?
Манай салбарын ихэнх хувийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгддэг. Жишээ нь, 2013 оноос хойш өнөөг хүртэл Барилга хот байгуулалтын сайдын багцад батлагдсан төсвөөс 688 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажлыг 21 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд бүх аймагт Барилга хот байгуулалтын сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр олон ажлууд хийгддэг гэсэн үг. 2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт нийт 989 төсөл арга хэмжээнд 1.9 их наяд төгрөгийн ажил хийгдэнэ.

Барилгын салбар гэхээр л өндөр барилга, байгууламж барина гэж ойлгодог. Гэтэл дэд бүтцийн олон асуудал ард үлдэх гээд байдаг талтай…?
Барилга, хот байгуулалтын яам салбарын жижиг нэгж бүрт анхаарч ажиллахыг хичээдэг, үүнд ч бодлогоо чиглүүлдэг. 2019 онд гэхэд үерийн далан, ус зайлуулах суваг, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, өргөтгөл, шинэчлэл, ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, сумын төвийн тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ, халуун ус, худгийн барилга, байруудын дулаалга, дээврийн их засвар, зогсоол, гэрэлтүүлэг, камерын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл 2019 оны хувьд улсын хэмжээнд энэ чиглэлийн ажлууд түлхүү хийгдэнэ гэсэн үг. Энэ онд Барилга, хот байгуулалтын сайдын багцад батлагдсан 157 төсөл хөтөлбөрийг 147 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлж байна. Энэ бол бидний ажлын үр дүн юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...