Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна

 “Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгов.

Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах боллоо. Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” захад 600 мянган ширхэг адууны шир хуримтлагдаад байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүд гар аргаар төхөөрөх үед гарсан эсгэлтийн гэмтэлтэй шир авдаггүй, механик гэмтэлтэй ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутмаг зэрэгтэй холбоотой юм. Тухайлбал 100 ширхэг адууны ширний 80 гаруй нь механик гэмтэлтэй байдаг гэсэн судалгаа ч гарчээ.

Ширийг экспортод гаргавал  дэл, сүүлтэй нэг ширний үнэ одоо байгаа 10-12 мянган төгрөгнөөс 45-50 мянга болж өсөх боломжтой гэж тооцоолж байна. Малын түүхий эд экспортлогчдын холбоо боловсруулаагүй, бэлэн байгаа адууны ширийг экспортод гаргах хүсэлтээ сүүлийн хоёр жил дараалан ХХААХҮЯ-нд ирүүлж байжээ.  Манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлддэг бөгөөд 30-40 мянган ширээр төрөл бүрийн гутал үйлдвэрлэдэг байна.

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийг батлав

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх, шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэж байхыг сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Хөтөлбөрт :

–  Ажлын орчин нөхцлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах

–  Ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх

–  Бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх

–  Нийгмийн хамгааллын чиглэлээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг дэмжиж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн дөрвөн чиглэл, 46 үйл ажиллагааг тусгажээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын орон сууц, ажлын нөхцөл, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг шат дараатай шийдэх энэ хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Манай улсад 52 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан байгаагийн 93 хувь нь эрүүл мэндийн салбарт ажилладаг. Нийт ажилтны 82 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарчээ.

2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь орон сууц болон хувийн тохилог орон сууцанд, 59.2 хувь нь хашаа байшинд, 15.2 хувь нь гэрт, 5.4 хувь нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 10.3 хувь нь орон сууцны зээлтэй бөгөөд 42 хувь нь түрээсийн орон сууцанд, 87.4 хувь нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.

Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ

Энэ жил улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 478 мянган га-д тариалалт хийнэ.

  Ингэснээр 508 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 64 мянган тонн тэжээлийн ургамал, 24 мянган тонн тосны ургамал, 166 мянган тонн төмс, 107 мянган тонн хүнсний ногоо хураан авна гэж төлөвлөж байна. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах боломжтой гэж үзжээ.

14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримал, 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт эрхлэхээр бэлтгэлээ хангаж байна.

Товч мэдээ

–  Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг,  дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

–  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав. Энэ талбайд түгээмэл ашигт малтмал ашиглах эрхийг төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгав.

–  Ирэх онд баригдаж эхлэх Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр /Үндэсний урлагийн их театр/, Үндэсний номын сангийн шинэ барилгын зураг төсөл гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

–  Бүгд Найрамдах Грек Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улстай байгуулах Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...