Эзэн хаан Акахитогийн талаар бидний мэдэхгүй баримтууд

Японы эзэн хаан Акахито өнөөдөр хаан ширээнээсээ бууснаар гучин жил үргэлжилсэн Хэйсэйн эрин дуусгавар болов.  Энэхүү түүхэн үйл явдлын дараа түүний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Нарүхито тавдугаар сарын 1-нд хаан ширээнд суухаар болсон юм.

Түүх сөхвөл эзэн хаан Хирохито /Шова/ 1989 онд таалал төгссөний дараа түүний хүү Акихито 55 насандаа хаан ширээнд заларсан бөгөөд тэрээр дайны дараа Үндсэн хуулийн дагуу хаан ширээнд заларсан анхны эзэн хаан юм. Японы “төрийн бэлгэ тэмдэг”-ийн үүрэг гүйцэтгэж эзэн хаан Акахито нас дээр гарсны улмаас хааны албаа өөрийн санаачилгаар өгч байгаа нь сүүлийн 200 жилд гарч буй анхны тохиолдол ажээ.

Хаан ширээний уртаас урт гинжин хэлхээ

Тэрээр 1933 оны 12 дугаар сарын 23-нд мэндэлсэн ба Японы хаант уламжлалын 2600 жилийн түүхэн дэхь 125 дахь эзэн хаан нь юм.  Иймээс дэлхийн хамгийн урт удаан үргэлжилсэн хаант улсын угсаа залгамжлал нь Японых гэж дүгнэдэг. Хаант ёсны уламжлалын дагуу түүнийг хоёр настай байхад нь  эцэг эхээс нь салгаж, тусгай асрагч өсгөсөн гэдэг.

1500 жилийн уламжлалыг эвдсэн хаан

Хунтайж Акахито 1959 онд энгийн нэгэн бүсгүйтэй гэрлэснээр 1500 жилийн уламжлалыг эвдсэн нэгэн. Тэдний хайрын түүх теннисийн талбайд эхэлсэн бөгөөд тэд өдгөө 3 хүүхэд,  4 ач зээтэй.

Тэр бурхан биш

Японы Үндсэн хуулиар хаан нь төрийн бэлгэ тэмдэг юм. Гэвч эзэн  хааныгаа бурхан гэж итгэдэг, бурханчлан шүтдэг, тэгж боддоггүй байлаа ч бурхан  мэт хандах ёстой гэж итгэдэг хэсэг хүмүүс Японд одоо ч байдаг байна.

Буштай теннис тоглосон хаан

Акахито хаан дэлхийн олон оронд очиж, удирдагч, лидерүүдтэй нь уулзаж байсан. 1998 онд Элизабет хатан хаантай уулзсан бол АНУ-ын  ерөнхийлөгч Жорж Буштай ажил хэргийн уулзалтаас гадна сонирхол нэгдэн уулзаж байжээ. Тодруулбал, Буштай хоёр ч удаа халз теннис тоглож, тоглох бүртээ хожсон түүх түүнд бий.

Эрүүл мэндийн асуудал ингэж эхэлжээ

Хаан 2003 онд түрүү  булчирхайн хавдарын хагалгаанд орсон бөгөөд 2012 онд зүрхний бас нэгэн хүнд  хагалгаанд орсон байна. Түүнээс хойш эрүүл мэнд нь тэгтэл сайжрахгүй байсан тул эзэн хааны албаа өгөх тухай гурван жилийн өмнөөс цухуйлгаж эхэлсэн байдаг.

Ард иргэдтэйгээ ойр хаан

Акахито хаан харьцангуй нээлттэй, хуучинсаг  бус үзэлтэй нэгэн. Ард түмнийхээ дунд орж, ойр байхыг хичээдэг бөгөөд олон нийтийн газар жирийн иргэдийн адил бусадтайгаа үүр нүүрээ хараад харилцахыг хичээдэг байна. Нэгэн жишээ дурдахад хаан, хатны хамт нэгэн  мужид зочлох үеэр тэдний зургийг нэгэн  сурагч охин авч өөрийн твиттер хуудсандаа байршуулсан  байдаг. Ахмад үеийнхэн энэ явдлыг ахас ихэсдээ хүндлэлгүй харьцсан тохиолдол гэж үзсэн  бол залуу үеийнхэн нь  байдаг л нэг тохиолдол гэж дүгнэж байжээ.

2011 оны газар хөдлөлтөөр 20 мянган хүн нас барж, олон мянган хүн сураггүй болсон гамшгийн дараа Акахито хаан хамгийн анх телевизээр гарсан  байдаг. Энэ үеэр түүний хэлсэн үг япончуудад хамгийн ихээр хүрсэн гэж үздэг аж. Тэрээр  ” Энэ хүнд үед бид гар, гараасаа атган, нэгэндээ элгэмсэг сайхан хандаж, хүнд үеийг даван туулна гэж би чин зүрхнээсээ та бүхэндээ итгэж байна” гэж хэлсэн байдаг. Тэрээр хатны хамт гамшиг  болсон газруудаар очиж,  хүн ардынхаа хүнд үеийг давах итгэл, сэтгэлийн хамгийн том хөшүүрэг нь болж чадсан байдаг.

Дайны тухай түүний үзэл бодол

Дэлхийн хоёрдугаар дайны үед түүний аав Хирохитогийн нэр  хүнд унасан  байх үед Акахито энх тайван, сөргөлдөөнгүй үеийн эхлэлийг тавьсан гэж үздэг.  Тухайн үед түүнийг АНУ-ын бөмбөгдөлтөөс хол  хөдөө газар нүүлгэн шилжүүлсэн байсан ч Акахито тэр газраа орхин Токиог зорин ирж буцаж сургуульдаа суусан  байна. Тэрээр өнгөрсөн жил “Дайн байлдаантай өнгөрсөн  цаг хугацааг эргэн санах бүрт тийм аюумшигт дайн дахин бүү тохиолдоосой гэж би залбирдаг. Хөнөөлт дайнд амиа алдсан, шаналсан, шархалсан бүх хүний өмнө би чин зүрхнээсээ эмгэнэлт илэрхийлмээр байна” гэж хэлсэн юм.

“Загасчин” хаан

Эзэн хааны бас нэгэн сонирхол хобби бол далай буюу далайн амьтад. Тэрээр “goby fish” гэх загасны судлаач бөгөөд энэ төрлийн нэг загасыг түүний нэрээр нэрлэсэн нь ч бий. Японы сэтгүүл “Ichthyology”-д түүний энэ сонирхлын талаар хэд хэдэн удаа бичигдэж байжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...