Тухайн шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба /хуучин нэрээр/ тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэдэг. Хэрэв газрыг дундаа эзэмших бол нэг гэрээтэй байж болно. Гэрээ байгуулсны дараа газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл та газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газар дээр үл хөдлөх хөрөнгө барьж байгуулбал тэдгээр хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхгүй гэсэн үг.
Газар эзэмшигчийн эрх:
1. Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах,
2. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах,
3. Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх,
4. Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх,
5. Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах,
6. Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно,
7. Газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах
Газар эзэмшигчийн үүрэг:
1. Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх,
2. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх,
3. Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх,
4. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх,
5. Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх,
6. Хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх
Кадастрын зураглал хийх:
Кадастрын зураглалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хийнэ. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээр хийлгэсэн кадастрын зургийг аймаг, нийслэл дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ хүргүүлэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэх эсвэл өөрчлөлт оруулах шаардлагатай.
Эзэмшилд олгогдсон газраа газрын мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс үүдэн уг байршилд давхардуулан газар олголт хийх, өөр иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар дээр нь хашаа барьж газрын зөрчил маргаан үүсдэг тул заавал газрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг анхаарах нь зүйтэй.
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах талаар:
Газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч, ашиглагч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргана.
Бүрдүүлэх материал:
1. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ
2. Газрын төлбөрийг төлсөн тухай баримт
3. Байгаль орчинд нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт
Хүсэлтийг шийдвэрлэх хугацаа:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана.
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах талаар:
Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.
Газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл:
Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно.