Мэдэгдэл: Монголыг дарангуйлал руу хөтлөх санаархал газар авч байгааг АН эсэргүүцэж байна

УИХ дахь АН-ын бүлгээс  мэдэгдэл гаргажээ. Хаврын чуулганы нээлттэй давхцуулан гаргасан энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв.
Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институти хоорондын уялдааг зөрчилдүүлж, Үндсэн хууль, эрхзүйн актуудыг дур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард нийтийг айдас, бухимдлаар хөглөн турхирч,Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж буйг үл зөвшөөрч, Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалж тэмцэн, хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн.
УИХ-ын 2016 оны сонгуулийг гуйвуулж, 60 тэрбумын схемээр төрийн албыг, төлөөллийн ардчиллыг худалдаж авсан өнөөгийн эрх баригчид хуулийг өөрчлөх замаар дарангуйллыг тогтоох эхлэлийг тавьлаа.
Энэ хаврын чуулганы хугацаанд эрхбаригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.
  1. Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.
  2. Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улстөржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.
  3. Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.
  4. Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.
  5. Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсаны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна.
Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон төлөөлөх эрхийг хууль бусаар эдэлж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болж, барьцаалагдсан УИХ өөрөө тарах ёстой гэдэг Ардчилсан намын гишүүдийн байр суурь хэвээр байна.
Бидний шаардлага байр суурийг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж хамтран тэмцэхийг АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН НИЙТ ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ
Улаанбаатар хот 2019.04.05
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ