“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Х.Бадамсүрэнг улираан ажиллуулахаар болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Ирэх сард гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийнэ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг нийслэлийн хэмжээнд ирэх сарын 24-26-ны өдрүүдэд хийхээр боллоо.

Сургуулилтад нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд, бүх яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болбол иргэдийн амь нас эрсдэх, айдаст автан эмх замбараагүй байдал үүсэх, орон сууц, сургууль, цэцэрлэг, барилга, байгууламж нурах, цахилгаан станц болон шатахуун түгээх станцууд дэлбэрэх, дулаан дамжуулах шугам хоолой задрах, цахилгаан тасрах, химийн бодис алдагдах, төмөр зам эвдрэх зэргээр их хэмжээний хохирол учирч, үндэсний аюулгүй байдалд сөргөөр болзошгүй тул сургуулилтыг өндөр түвшинд явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Газар хөдлөлтийн үед шуурхай арга хэмжээ авах, зарлан мэдээллийн дохио ажиллуулах, мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг хийх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гэмтэж бэртсэн иргэдийг хээрийн нөхцөлд эмчлэх зэрэг сургуулилт хийх юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад бэлэн байдлаа хангаж оролцохыг Гамшгаас хамгаалах улсын албадын дарга, яам, агентлагийн удирдлага, бүх шатны Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгалаа.

2013 оноос хойш манай улсад жил бүр 1000-1500 орчим газар хөдлөлт болсон гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн онд МУИС-ийн судалгааны баг, Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн байдалд судалгаа хийсэн байна. Ингэхэд нийслэлийн баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлд 50 орчим км үргэлжилсэн идэвхтэй хагарлын бүс байгаа нь тодорхой болжээ.

2018 оны Үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарчээ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

–  Макро эдийн засгийн бодлого 81.5 хувь

–  Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.0 хувь

–  Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь

–  Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2 хувь

–  Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувьтай гарчээ.

2018 оны эхний хагас жилтэй харьцуулахад Үндсэн чиглэлийн хэрэгжилт оны эцэст 25.8 хувиар өссөн байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 50 гаруй хувьтай байна

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна.

–  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь

–  Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь

–  Нийгмийн бодлого 51.1 хувь

–  Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь

–  Засаглалын бодлого 55.4 хувьтай байна.

Хэрэгжилт нь удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Товч мэдээ

–  Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хот, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод  Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. УИХ хэлэлцэн шийдвэр гаргана.

–  Автотээврийн тухай, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

–  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төсвийн байгууллагуудыг халаалтын нэгдсэн сүлжээнд холбоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэдүгээр сард тус суманд ажиллах үеэрээ санхүүжилтийг нь шийдвэрлэхээр болсон юм.

–  “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилов. Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...