МУИС-ийн хичээлийн бүх байр /1, 2, 3, 4, 5, 6/, Монгол-Япон төв, Номын сан, Оюутны 1, 2, 3, 4, 5-р байруудын газар эзэмших гэрээг шинээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэн газрын гэрчилгээ бүртээ “Э” дугаар авлаа. МУИС-ийн хичээлийн болон оюутны байруудад хаяг, код авснаар гэрээгээ шинэчилсэн юм.БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ оны хоёрдугаар сард яамны харьяа байгууллагуудын удирдлагатай уулзахдаа “БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Баталгаажуулж аваагүйн улмаас газраа алддаг, маргаан зөрчил гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан хүмүүсийн халдлага явуулгад өртөх зэрэг ямар нэг байдлаар газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг онцгой анхааруулж байна” гэж хатуу анхааруулж байсан юм.
МУИС-ийн хувьд 2017 оноос эхлэн эзэмшилд байдаг газруудын хаяг, байршлын зургийг албажуулан, Нийслэлийн Засаг даргын захирамжтай, гэрчилгээтэй болгох ажлыг зохион байгуулсан. Шинэчлэгдсэн гэрээгээр МУИС-ийн оюутны 5-р байр, СХД-ийн Баянголын ам, ХУД-ийн 14-р хороо, Доод Өлзийт зэрэг 8 газар төлбөрөөс чөлөөлөгдлөө. Өмнө нь эдгээр газрын төлбөрт жил бүр 2 сая гаруй төгрөг төлдөг байжээ. Газраа эзэмшилдээ бүрэн шилжүүлж авснаар төлбөр төлөхгүй, тэр хэрээр зардал мөнгө хэмнэж байна.
Түүнчлэн зөвхөн барилгын сууриар газраа эзэмшиж байсан зарим байрыг хашаагаар нь эзэмшихээр болжээ. Газраа тэлж, сургалтын чиглэлээр газраа бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэв. Газар эзэмших гэрээгээ шинэчилснээр МУИС-ийн хичээлийн болон бүх дотуур байр эзэмшлийн газраа баталгаажуулсан тул газрын төлбөр төлөхгүй, иж бүрэн хотхон буюу кампусын зарчмаар хөгжих боломжтой болж буй аж.