УИХ-ын чуулганы завсарлагаанаар өөрийн сонгогдсон тойрогт ажиллаж буй гишүүдийн нэг нь Д.Эрдэнэбат. УИХ-ын 27 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрбээр томилолтоо өнгөрсөн долоо хоногт Түшиг сумаас эхлэн ажилласан юм.
Монгол орны хүнсний гол тулгуур бүс Сэлэнгэд зах зээл эхэлсэн үеэс хойш нийгмийн асуудлууд нь ихээхэн хоцрогдсон байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудал голлон анхаарч ажиллаж байгаагаа Д.Эрдэнэбат сонгогчиддоо тайлагнав. Тэрбээр хүний хөгжил, боловсрол, соёл урлагийн чиглэлээр аймгийнхаа нутгийн удирдлагын болон боловсролын байгууллагуудтай хамтран ажилласан нь үр дүнгээ өгч эхэлжээ.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтууд ч энэ чиглэлд түлхүү туссан гэдгийг онцлов. Сургууль, цэцэрлэг шинээр барих, засварлах, өргөтгөх, сурагчдын дотуур байр, спорт заал гээд орон нутагт шийдлээ хүлээсэн олон асуудал байдаг. Харин аль сум, багт ямар хөрөнгө оруулалтаар дээрх асуудлуудыг шийдвэрлэж байгаагаа тэрбээр тайлагнасан. Чамлахааргүй хөрөнгө оруулалтууд УИХ-ын 27 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгийн баруун сумдад тусгагдан ажил өрнөж байна. Харин төсвийг нь шийдээд өгсөн ажил хэрхэн биелж байгааг тэрбээр танилцаж, “гол нь чанартай барина шүү” гэдгийг гүйцэтгэгч болон орон нутгийн удирдлагуудад анхааруулж явав.
Монгол орны хамгийн үржил шимтэй хөрстэй, хүнсний стратегийн гол түшиц нутаг бол Сэлэнгэ. Тэр дундаа Орхон-Сэлэнгийн бүс нутаг. Тиймдээ ч сэлэнгийнхэн энэ давуу байдлаа газар тариалан, мал аж ахуйн чиглэлээ илүү хөгжүүлж, эдийн засгийн өгөөжийг нь хүртэх том зорилготой. Гэхдээ тариалсан буудай, тарьсан ногоо, мал, махаа боловсруулах, борлуулах аргаа хүн бүр хувь хувиараа хөөцөлдөхөөс илүү төрийн бодлого, эрх зүйн орчноор шийдэх шаардлагатай байгаа. Цаашлаад энэ чиглэлээр хөгжих эрхзүйн шийдлүүд хэрэгтэй байгааг тойргийнхон нь сонгогдсон гишүүндээ уламжлав.
Монгол орны эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш, хөрш орнуудтай харилцах Монголын төрийн бодлого зэргээс болж, баялгаасаа үр шим хүртэхгүй байх нь олонтаа. Тиймээс ч сэлэнгийнхэн ялангуяа орхон сэлэнгийн бүсийн иргэд уул уурхайд найдаагүй. Харин эртнээс эрхэлж ирсэн газар тариалан, мал аж ахуйн салбарт илүү найдвар тавьж байна. Тэр ч утгаараа уул уурхайгүй, газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болох ёстой учраас дахин лиценз тус бүс нутаг олгохгүй байхад гэдэгт анхаарлаа хандуулж, ажиллаж өгөхийг Орхон-Сэлэнгийн бүсийнхэн хэлж байна.
Харин иргэд төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээлүүд эзэндээ хүрдэггүй, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх дорвитой алхам хийхгүй байгааг УИХ, Засгийн газрын түвшинд уламжилж өгөхийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас хүслээ.
Үүнээс гадна төрийн хэмжээнд улс төрийн талцал хуваагдал хэрээс хэтэрч байгаад шүүмжлэлтэй хандаж, бухимдалтай байна. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ихээхэн ярих болсон парламентын сул байдал болоод “Монгол Улс ШХАБ-т нэгдэх эсэх асуудал”-д ямар байр суурьтай байгааг Д.Эрдэнэбатаас онцгойлон тодруулж байв. Тэрбээр “ парламентын тухайд өнгөсөн гурван жилд талцал хуваагдлаар дүүрсэн, ажил хийх ямар ч чадваргүй болсон учраас тарах ёстой гэдэг байр суурnнаас хандаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Харин ШХАБ-д бол манайх шиг жижиг улс орон одоогийн статус болох ажиглагчийн байр сууриа хадгалж үлдэх нь зохистой” хэмээн хариулсан юм.