Зүүнбаянд алба хааж байсан байлдагч цаг бусаар амиа алдсан хэргийн мөрөөр Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаад иржээ.
Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар: Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учир би ямар нэгэн хүний нэр ус хэлэх, процессийг тайлбарлах боломжгүйг хэлье. Энэ хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 14:30-16:00 цагийн хооронд болсон. Энэ хугацаанд ангийн захирагчийн тогтоосон дэг журмын дагуу цагийн хуваарь, өдөр тутмын үйл ажиллагааны 5-6 дугаар цагийн хичээл орж байх үе байсан юм.
Хэрэг явдал яагаад гарсан бэ гэвэл тухайн салбар уг өдөр харуулаас буусан байгаа юм. Энэ үед салбарын захирагчийн өгсөн үүргийн дагуу салбарын байранд үзлэг хийсэн. Үзлэгийн явцад эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас зэрэг зүйл салбарын байрнаас олдсон. Салбарын захирагч дотоод журмыг зөрчиж, гар утас ашигласан байна гээд нийт алба хаагчдад арга хэмжээ авах үүргийг ахлагчид өгсөн. Ахлагч цэргүүдийг биеийн тамирын талбай дээр гүйлгэсэн.
Гүйж байх явцад талийгаач дотор эвгүйрхээд би гүйж чадахгүй нь гэсэн тайлбарыг өгчээ. Энэ үед салаан захирагч нар өөр салаан захирагчийн хамт очин шийтгэлийг зогсоосон. Ингээд салбарын цэргүүдийг байранд нь оруулсан байгаа. Байранд оруулах явцад талийгаач байлдагчийн бие дахин муудаж, оронд нь оруулж хэвтүүлсэн. Дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдсон байгаа юм.
Энэ хооронд цэргийн алба хаагчид дараагийн хичээлд орсон тэр хооронд талийгаач таталт өгсөн. Тэгээд эмч дуудсан. Ангийн эмчийг ирэхэд талийгаач ухаан алдсан байдалтай, таталт өгснийг сувилагч эмчдээ хэлээд Зүүнбаянгийн багийн эмнэлэг рүү авч явах шийдвэр гаргаад багийн эмнэлэгт очих замдаа нас барсан. Багийн эмч үзээд энэ хүн нас барсан зүрх нь зогссон гэдгийг тогтоосон. Үүний дагуу Зүүнбаянгийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Багийн цагдаагийн хэсэг мөн Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс ажлын бүрэлдэхүүн дуудсан байгаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажилласан. Манай зүгээс ар гэртээ нь холбоо барьж ийм хэрэг боллоо гэдгийг дуулгасан. Нэгдүгээр сарын 23-ны өглөө 05:40 цагт ар гэрийнхэн нь Зүүнбаян багт очсон. Ар гэрийнхэн тэнд ажиллаж байсан байгууллага цэргийн удирдлагуудтай уулзсан. Энэ хэргийг шалгах ажлын хэсгийг хуурай замын цэргийн командлагчийн хувьд томилоод өнгөрсөн хоёр өдөр Зүүнбаян баг 336 дугаар анги дээр ажиллаад ирлээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр энд хэд хэдэн зөрчил дутагдал байжээ гэж үзэж байгаа.
1 Ангийн удирдлагаас өдөр тутмын ажиллагаанд тавих хяналт сул
2 Салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн
3 Эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн байна гэсэн ийм үндэслэлүүд тогтоогдсон.
Энэ дүгнэлтийг би салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан. Одоо Зүүнбаян багт Дорноговь аймгийн цагдаагийн мөрдөн шалгах алба, Дорноговь аймгийн тагнуулын газар хэргийн газар дээр ажиллаж байна. үйл ажиллагаанд тавигдах хяналт сул, цэргийн дүрэм зөрчигдөх асуудал байгаа учраас бид холбогдох шат шатны удирдлагад арга хэмжээ тооцох саналаа Батлан хамгаалахын сайдтай ярьсан.
Харамсалтай хэрэг гарсан явдалд гүнээ эмгэнэж байгаагаа талийгаачийн ар гэр, хамаатан садан, найз нөхдөд илэрхийлье гэлээ.
-Зодож дарамталдаг байсан гэх мэдээлэл байгаа. Зүгээр гүйж байгаад амиа алдах нөхцөл үүссэн гэж үзэж байна уу. Өрөөндөө орж ирэхдээ амиа алдсан гэсэн мэдээлэл бас бий?
-Зодсон тухайд ил биеийн үзлэгт ил шарх сорвигүй гэж дүгнэсэн. Гүйж байхдаа жагсаалаас гарахад нь ахлагч нь баашиллаа гээд цохисон байсан. Үүнийг нуухгүй. Хамт гүйж байсан цэргүүд нь ч хэлж байгаа. Харин тэр цохилт нь үхэлд хүргэсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна.
– Бичлэг байгаа гэсэн. Ямар бичлэг вэ?
-Бичлэг бий. Гэхдээ байлдагч ангидаа орж ирээд хувцсаа өлгөж чадахгүй, өлгүүртээ хүрч чадахгүй байхад нь ахлагч нь түшиж орон дээр суулгасан нь бичлэгт үлдсэн тухай мэдээлэл байна. Бичлэгийг цагдаагийн байгууллага авсан.
– Ангийн захирагч Өлзийбаяр яргалдаг, байлдагч нараа дэглэдэг тухай яриа байдаг?
-Өлзийбаяр өөр ангид алба хашиж байгаад томилогдсон. Цэргүүдийг яргалдаг, дэглэдэг зүйл байхгүй. Нийгмийн сүлжээнд байгаа бухимдлыг бид харж байгаа. Гэхдээ цэргийн ангид өдөр бүр дэглээд байдаг зүйл байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлье.
– Өмнө нь энэ ангид алба хааж байсан цэргийн алба хаагч хөлийн хуруугаа тайруулж байсан?
– 2017 онд ийм хэрэг гарсан. Тухайн үед ангийн удирдлагуудыг бүгдийг нь сольж, хуулийн хариуцлага тооцсон.