Хүний хувьслын ирээдүйн хачирхалтай 10 хувилбар

Уран зөгнөлт кинонд дүрслэгддэг алс ирээдүйн хүмүүсийн дүр төрх одоогийн биднээс ялгагддаггүй. Гэхдээ бид киборг болон хувирах, ДНХ-г өөрчлөх технологийг аль хэдийн гартаа оруулж эхлээд байгаа билээ. Энэ нь бидэнд өөрсдийгөө дахин нээх хязгааргүй боломжийг өгнө. Хүн төрөлхтөнг цаашид ямархуу мутаци, хувьсал хүлээж байгаа бол. Бидний өнгөрсөн түүх хувьсалд захирагдаж ирсэн бол ирээдүйд бид түүнийг захирах болно. Бага зэрэг аймшигтай санагдаж магадгүй хүний хувьслын ирээдүйн хачирхалтай 10 хувилбарыг танилцуулж байна.

1. Сайн дурын ухралт
Та зөвхөн хувьслын тухай бодож байгаа бол эндүүрэл болно. Учир нь жагсаалт “ухралт”-аас эхэлж байна. Ирээдүйн хүмүүс хязгааргүй хөгжсөн технологи ашиглан хүн төрөлхтөнг хүн үүсэхээс өмнөх байдалд нь эргүүлэн оруулна. Учир нь хүн амьтны бусад төрөл зүйл, байгаль орчин, эх дэлхийдээ туйлын балагтай амьтан тул хувьслын аюул заналгүй эхлэлийн шатанд аваачиж, дахин иргэншил үүсгэснээр олон асуудал шийдвэрлэгдэх боломжтой. Энэ нь “дэвшил бол хүний боломжийн өсөлт болон түүний зориудын сайжруулалтаас гадна ухралтаас ч бас давхар хамаарах ёстой” хэмээх хэт өндөр технологи бүхий дээд иргэншлийг эсэргүүцэгчдийн үзэл бодлоос үүдэлтэй таамаглал юм. Эцсийн шатанд иргэншил устгаж, бид бүгдээр ширэнгэн ойдоо буцацгаана.

2. Сайн дурын мөхөл
Ухралт хэтэрхий зөөлөн арга, ерөөсөө хүнийг ул мөргүй устгаж орхиё гэх сөрөг бодолтой хүн байхгүй гэж бодож байна уу. Хэдийгээр хамрах хүрээгээр бага боловч “хүн төрөлхтөнг устгах хөдөлгөөн” зарим улсад өрнөсөөр байна. Энэ хөдөлгөөн дэлхийн ирээдүйн төлөө хүн төрөлхтөнг зориудаар мөхөөх нь зөв гэж, үүний төлөө “үр удмаа үлдээдэг байдлаа зогсооцгооё” хэмээн уриалж байна. Хүн дэлхийгээс алга болвол амьтны бусад төрөл зүйл өөрийн жамаар төрж үхэж, хувьсан өөрчлөгдөнө. Ийм үзэл бодолд итгэх хүмүүсээс гадна хүнийг үзэн ядалгүйгээр мөхөлд хүргэх “эелдэг” хөдөлгөөн өрнүүлэхийг хүсч буй хүмүүс бас бий. Тэдний уриа бол “бүгдээрээ урт наслаж, жаргалтай амьдралаар дуусцгаая”.

3. Дахин загварчилсан эко хүн
Ухралт, мөхөл арай хэрцгий санагдаж байгаа бол хүнийг өөрчилж, дэлхийд ээлтэй амьтан болгоё. Мэтью Лиао нарын философчидийн “хүний инженерчлэл болон цаг уурын өөрчлөлт” өгүүлэл хүний биеийг өөрчилж, махан тэжээл хэрэглэдэггүй болгох, харах мэдрэмжийг мууртай төстэй болгон гэрэлтүүлгийн хэрэглээг эрс буруулах, эрэгтэй хүний биеийг 21%, эмэгтэй хүний биеийг 25% хүртэл тус тус жижигрүүлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийг бүрэн арилгах зоримог санааг агуулж байна. Мөн хүний ухамсарын түвшинг дээшлүүлэх замаар бусдад санаа тавьдаг, энэрэнгүй үзэлтэй болгож, байгальтай илүү зохицсон хүн бий болгох тухай дурджээ.

4. Генийн өөрчлөлттэй хүн
Бусад амьтдын онцлог шинжийг хуулбарлан авч, тун шийдэмгийгээр хүний генитэй хольж орхиё. Гени өөрчлөх технологи ашиглавал хүний бие бусад амьтадтай эрлийзжиж, хязгааргүй боломжийг гартаа оруулна. Нохойн үнэрлэх, сонсох мэдрэмж төгс хөгжсөн, шөнө муур шиг сайн хардаг амьтан үгүй, шимпанзийн ой тогтоолт хүнээс хол давдаг, шувууны харах мэдрэмж ямар ч амьтныг дагуулдаггүй гэдэг. Тэгвэл бүргэдийн нүдтэй, гүрвэлийн хайрстай, халим мэт шумбах чадвартай олон хүн бий болно. Мартсанаас муурны чих ч бас муугүй сонголт шүү.

5. Аварга тархитай наймаалжин хүн
Хүний зөвхөн тархи нь хөгжиж, бие нь давжаарсаар наймаалж шиг хэлбэртэй болон хувирах тухай онол дээр үеэс оршсоор ирсэн. Херберт Уэлсийн 1893 онд бүтээсэн “Сая жилийн хүн” зохиолд технологиос хэт их хамааралтай болсон хүний бие жижгэрч, тархи нь томорно гэж бичсэн байдаг. Тэгвэл энэ санаа бодит байдалд биелэх магадлал хэр өндөр бол. Дарвины “хувьслын онол”-оор өдөр тутам хэрэглэдэггүй эрхтэн, биеийн хэсэг аажим устана гэдэг. Гэтэл өнөөдрийн хүн “бодож сэтгэх” ажиллагааг компьютерт бага багаар даатгаж байгааг тооцож үзвэл тархи хэд дахин томроно гэдэгт үл итгэх сэтгэл төрнө. Гэхдээ өнөөгийн цагаан арьст америкчүүдийн толгойн хэмжээ жил бүр томорч байгаа нь судалгаагаар нотлогддог гэсэн шүү.

6. Бүлийн оюун санаа
Энэ нь хүмүүсийн оюун ухааныг ямар нэгэн аргаар хооронд нь холбож, шоргоолж, зөгий шиг бүлээр амьдрах шавьж мэт болгох хувилбар. Зөгнөлт зохиолд дүрслэгдсэн жишээ нь “Оддын аялал” цувралын Борг юм. Ийм нөхцөлд хүний хувийн бодол санаа оршин байхгүй бөгөөд бүхий л үйлдэл бүлийн шаардлагын дагуу, эсвэл хатан зөгий мэт хэн нэгний тушаалын дагуу хийгдэнэ. 20-р зууны сүүлийн хагаст үзэгдсэн дарангуйлан захирах (тоталитар) дэглэм бүлийн оюун санаатай төстэй боловч бодит байдалд түүнийг хэрэгжүүлэх технологи байгаагүй нь олон үндэстний хувьд аз болсон. Гэхдээ цаашид, алс ирээдүйд юу болох бол. Наноробот, тархинд суулгах төхөөрөмжийг ашиглан хүний бодол санаа, үйлдлийг захирах технологи аль хэдийн, хаа нэгтээ нууцаар хийгдэж эхэлсэн ч байж магадгүй.

7. Хүйсийн нэгдэл
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үр дүнд эрэгтэй, эмэгтэй эсэхээс хамааралгүйгээр үр удмаа үлдээх чадвар эзэмшвэл хүйсээр ялгагдах шаардлагагүй болно. Хүйсгүй шинэ хүн эрэгтэй, эмэгтэйн аль алины давуу талыг шингээж, аль нэгнийх нь шинж давамгайлах байдал үгүй болно. Бас ирээдүйд эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гуравдагч хүйс бий болж, тухайн нөхцөл байдлаас хамааран аль нэгэнд нь шилжих чадвартай хүн бий болж магадгүй гэсэн таамаглал бий. Өнөөгийн ямар ч хүний бие үржлийн эрхтнүүдийг эс тооцвол эр, эм шинжийг давхар агуулж, гол ялгааг дааврын систем зохицуулж байдгийг дурдахад илүүдэхгүй биз ээ.

8. Гениэр жолоодох хүний биеийн засвар
Генетикийн шинжлэх ухааны хөгжил эцэг эхчүүдэд төрүүлэх хүүхдийнхээ бие махбодийн онцлогийг урьдчилан сонгох боломж олгоно. Мөн генийн эмчилгээний технологи хөгжиж, хүний биеийн гениэс хамаарах онцлогуудыг төрсний дараа ч өөрчлөх боломжтой болно. Гэхдээ иймэрхий генийн жолоодлого онцлог салбарт ашиг олох зорилгоор хийгдвэл хүний биеийн засварлалтын ширүүн өрсөлдөөн явагдана. Спортоор жишээ авбал сагсан бөмбөгийн тамирчид биеийн өндрөөр, усанд сэлэлтийн тамирчид дөрвөн мөчний уртаар тус тус өрсөлдөнө. Мөн шинжлэх ухааны оролцоогүйгээр байж боломгүй хэлбэр бүхий хүн ч бүтээгдэж магадгүй.

9. Сансарт зохицсон хүн
Хүн бүхний мэдэж байгаагаар одоогийн бидний бие сансарын орчинд амьд үлдэх боломжгүй. Иймд сансарт чөлөөтэй зорчих чадвар бүхий бие бялдартай болвол зохилтой. Энэ талаархи эрдэмтдийн санаа ч тун зоримог. Нанотехнологийн шинжээч Роберт Прэйдас хүнийг уушиггүй, улмаар амьсгалах шаардлагагүй болно гэсэн бол Рэй Курцвэйл ирээдүйд хүний биеийн эсүүдийг энергиэр хангах наноробот бүтээгдэх тул хооллох шаардлагагүй болно хэмээн таамаглажээ. Генийн судалгаагар нэрд гарсан Грег Вэнтэр тээврийн хэрэгслээр зорчих үед дотор муухайрдаг явдлыг арилгахын тулд дотоод чихний өөрчлөлт, яс нөхөн сэргээх генийн, цацраг туяанаас хамгаалах ДНХ-ийн засварын судалгааг тус тус хийхийг уриалж байна. Мөн хүнийг жингүйдлийн нөхцөлд чөлөөтэй хөдлөж чадах мэлхий хэлбэртэй болвол дээр гэх мэтийн санаа ч бас бий. Ер нь бидэнд тэгтлээ их сансарт тэмүүлэх шаардлага бий бил үү.

10. Тархины мэдээлэл
Хүний тархины бүхий л мэдээллийг компьютерт шилжүүлж, бие хүн зөвхөн түүн дотор л оршин байна. Зах зээлийн таамаглалаар мэргэшсэн эдийн засагч Робин Хансон хүмүүсийн тархины олон тооны хуулбар хийж, олон янзын үйлдлийг нэгэн зэрэг хийх боломжтой болно хэмээн таамаглажээ. Өөр нэгэн хувилбараар бол компьютер доторхи тархи цаг хугацааны харьцангуй хурдыг удирдаж чадна. Тухайлбал цагийн зүүний эргэлтийг удаашруулах замаар уул өөд өгсөх, уруудах мэтийн геологийн орон зайг богиносгож, орчноо өөрчилж чадна. Мөн бодит ертөнцөд байгаа робот биеэс өөр робот биед шилжиж, хэлбэр дүрсээ өөрчилнө. Тэр ч байтугай хийсвэр ертөнцөд орж, бодит байдалд байж боломжгүй өөр хэмжээст орон зай, цоо шинэ үзэгдлийн гэрч болж чадна. Матрикс киноны Неогийн адил сумнаас бултана гээд төсөөлөөд үз дээ.

Эх сурвалж http://robomec.blogspot.com

1 сэтгэгдэл

  1. I not to mention my buddies happened to be checking out the great points from your site while at once came up with a horrible suspicion I had not expressed respect to the website owner for them. All the young men became as a consequence warmed to learn them and have in effect clearly been taking advantage of those things. I appreciate you for actually being so considerate and for deciding on these kinds of decent topics millions of individuals are really needing to know about. Our own honest apologies for not expressing gratitude to earlier.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...