Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчныг хөгжүүлэх, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр сүүлийн 20 гаруй жилд хүчин чармайлт гаргаж, “Жендэр ба хөгжил” хандлагын хүрээнд иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, түүний ажлын алба, Азийн хөгжлийн банк хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго: ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны даргын ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа 2018 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Олон улсын хурлын гол зорилго нь “Жендэр ба Хөгжил” хандлагын хүрээнд ололт амжилт, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлж, “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны платформ үүсгэхэд чиглэгдэж байгаа юм. Хуралд Канад, Япон, БНСУ, АНУ, Австрали зэрэг нийт 5 орны зочин илтгэгчид болон гадаад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл мөн төр, төрийн бус, иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллага хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 250 зочид, төлөөлөгчид оролцоно.
Бага хурлын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа”, “Амьдралын чанарыг дээшлүүлэхэд жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд ашиглах боломж, арга зам”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээрх олон улсын түншлэл хамтын ажиллагаа” гэсэн гурван салбар хуралдаан зохион байгуулагдана. Бага хурлаас Тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон улсын түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар “Улаанбаатар тунхаглал”-ыг дэвшүүлэхээр төлөвлөж байна.