-СОЛОНГОСЫН ХАНСОН ИХ СУРГУУЛИЙН ГОО САЙХНЫ АКАДЕМИ МОНГОЛД АЛБАН ЁСООР НЭЭГДЭЖ БАЙНА. САНАЛ АЛЬ ТАЛААС ГАРСАН БЭ?
-2 жилийн өмнө Хансон их сургуулиас INECS ХХК-аар маань дамжуулан холбогдсон. Манай компанийг удаан судалсны дүнд боловсролын салбарт 11 жил ажилласан туршлага, өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудыг маань үнэлэн, Хансон их сургуулийн зүгээс гоо сайхны академиа Монголд нээх тухай хүсэлтийг гаргасан. Хансон их сургууль гоо сайхны чиглэлээр Солонгостоо хамгийн анх боловсрол олгож эхэлсэн их сургууль. Энэ утгаараа гоо сайхны салбар сургуулиараа Солонгостоо хамгийн шилдэг нь гэсэн үг. Гоо сайхны академи маань маш олон хүний хүч хөдөлмөр, хамтын ажиллагааны үр дүнд нээгдэж байгаа. Яагаад гэвэл энгийн нэг сургалтын төв биш, академийн хэмжээнд Хансон их сургуулийн хөтөлбөрөөр мэргэжлийн багш нар хичээлийг удирдан явуулах, суралцаад төгссөн төгсөгчиийг сургуулийн шалгалтын комисс ажиллан шалгалт авч диплом гардуулах, ажлын байраар хангах, дотуур байраар хангах зэрэг маш олон ажлууд хийгдэж байна.
-ГОО САЙХНЫ САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛД ЯАГААД АНХААРАЛ ТАВЬЯ ГЭЖ БОДСОН БЭ? ЭНЭ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА БИЙ ЮУ?
-Яг би өөрөө гоо сайхны салбарын хүн биш, гэхдээ бизнесийн хүрээнд, өөрөө эмэгтэй хүний хувьд энэ зах зээлийн онгорхой цоорхой ч гэх үү, замбараагүй байдлыг олж харсан. Хэн дуртай нь өнөөдөр хөмсөг шивээд, үс засаад нүүр будаад байгаа, наад захын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг мэдэхгүй, тухайн хүнээ уг үйлчилгээ хийх эрхтэй үгүйг ч мэдэхгүйгээр мэргэжлийн бус хүнээс үйлчилгээ аваад хохирсон тохиолдлууд олон байна.
Тэгэхээр энэ зах зээлд бид “мэргэжлийн” боловсон хүчин дутмаг байгааг маш сайн олж харсан. Гоо сайхны салбарт шинэчлэл хийх цаг нь болсон. Манайд мундаг мэргэжилтнүүд олон байдаг ч, шинээр гарч ирж байгаа мэргэжилтнүүдийн хувьд үнэхээр чадвартай, мэргэшсэн нь ховор байна.
-ГОО САЙХНЫ САЛБАРЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ ЯМАР ТҮВШИНД БАЙНА ВЭ? ТА БҮХЭН МЭДЭЭЖ СУДАЛГАА ХИЙЖ ҮЗСЭН БАЙХ?
-Бид 2016 оноос санал хүлээж авсан цагаас эхлэн 2 жилийн турш судалгаа хийсэн.
Гоо сайхны салбарт мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа.
Энэ чиглэлээр мэргэжил олгодог мэргэжлийн профессортой сургууль ховор, сургалтын төвүүд анхан шатны мэдлэг олгох хэмжээнд суралцуулдаг.
Тэгэхээр тэр хүмүүс маань бүгд мэргэжлийн түвшинд суралцаад, шалгуурыг нь хангаад гарч ирж байна уу гэхээр тодорхой бус байгаа юм.
Жишээ нь БНСУ-д аль нэг салон гоо сайхны газраар үйлчлүүлэхэд тэр газрын үйл ажиллагааны зөвшөөрлөөс эхлээд өөрийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн диплом сертификатыг өлгөсөн байдаг.
Манай академи нь маш өндөр шалгуураар суралцагчидаа төгсгөнө. Учир нь маш сайн сургалтын хөтөлбөртэй, чадварлаг профессорууд хичээлийг удирдана, ахлах профессорууд улиралдаа нэг удаа Солонгосоос ирж тусгай сургалт хийх юм.
Одооноос ер нь салонууд манайд захиалгаа өгөөд эхэлчихсэн байгаа. Эхнээс нь хамтран ажиллах газруудтайгаа гэрээ байгуулаад эхэлчихсэн байгаа.
-СОЛОНГОСЧУУДЫН ГОО САЙХНЫ САЛБАРЫН АКАДЕМИК МЭДЛЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХЭРХЭН ҮНЭЛЭГДДЭГ ВЭ?
-Солонгос улс гоо сайхны салбарын хөгжлөөрөө дэлхийд 1-т ордог гэхэд хэн ч маргахгүй байх.
Гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны арга техник, гоо сайхны мэс засал зэргээрээ маш алдартай.
Солонгос тэр тусмаа Хансон их сургуулийн гоо сайхны сургуулийг төгссөн төгсөгчид улсдаа төдийгүй бусад улс оронд ч мөн өндрөөр үнэлэгддэг.
-ХИЧНЭЭН ТӨРЛИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ ВЭ?
Эхний ээлжинд нийт 6 төрлийн сургалтын хөтөлбөртэй байна.
-Мэргэжлийн гоо засалч
-Мэргэжлийн шивээсчин
-Мэргэжлийн хумс засалч
-Мэргэжлийн үс засалч
-Мэргэжлийн хуйх арчилгаа
-Мэргэжлийн арьс арьчилгаа буюу aesthetic гэсэн чиглэлүүдтэй. Эдгээр сургалтууд маань бүгд онол болон практик хосолсон байдлаар явагдана.
Цаашид бусад нарийн мэргэжлийн сургалт нэмэх төлөвлөгөө байгаа.
-СУРГАЛТАД ХАМРАГДСАН ХҮНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭ ӨСНӨ ГЭДЭГТ ТА БҮХЭН ЯМАР БАТАЛГАА ӨГӨХ ВЭ?
-Манай сургалт 1-т Хансон их сургуулийн профессоруудын удирдлага дор явагдана.
2-т Хансон их сургууль Монгол дахь академидаа зориулан тусгай хөтөлбөр гаргасан.
3-т элсэн орсон хүн бүр төлбөрөө төлсөн учраас төгсөх ёстой гэсэн ойлголт байхгүй учир нь ахлах профессорууд өөрсдөө ирж шалгалт авах юм.
Өөрөөр хэлбэл сургагч багш нар нь мэргэжлийн түвшний дээр нь суралцсан хүн бүрт сертификатаа өгөөд байхгүй, шалгалтыг давсан хүмүүс төгсөж гарах учраас бид энэ салбарт мэргэжлийн зэрэглэл тогтоох хэмжээний боловсрол олгоно.
-ӨНӨӨДӨР НЭЭЛТ БОЛНО. НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭ ХЭРХЭН ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН БЭ?
-Манай академийн нээлтэнд зориулж гайхалтай шоу үзүүлбэр үзүүлж ур чадвараа гайхуулахаар ахлах 5 профессор ирсэн байгаа.
Нээлтийн үед үс засалт, нүүр будалт зэрэг хувиргалтын үзүүлбэр үзүүлэх болно.
Олон хүн нэгэн зэрэг хүлээн авах боломжгүй учраас 100 хүний л урилга гаргасан байгаа.
Мэдээж уг шоунд Монголын ахлах мастер зэрэгтэй үсчид болон, гоо сайхны салбарт олон жилийн туршлагатай салбарын мэргэжилтнүүдээс эхлээд, улс төр, урлаг соёлынхон уригдсан байгаа.
-АНХНЫ СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД ХЭЗЭЭ ХААНА ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Бүртгэл эхэлсэн. Эхний ээлжинд цөөн тооны суралцагч бүртгэнэ.
Хэрэв бүртгүүлэхийг хүсвэл MN тауэр дахь манай академи дээр ирээд бүртгүүлж болно.