Төсвийн урамшууллын гадна орхигдсон ОЙН НӨХӨРЛӨЛҮҮД

Монгол Улсын Үндсэн хуульд мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасныг хотынхон андахгүй сайн мэднэ. Яахаараа мал малчин хоёрыг төр хамгаалж, хайрлаж, эрхлүүлдэг юм бэ гэх зэргээр барьцмаар санагддаг байх л даа. Тийм учраас энэ заалтыг цээжээр мэднэ. Яг үүн шиг газар нутгийн багахан хувийг эзэлдэг ой мод мөн л төрийн хамгаалалтад байх тухай заалттайг харин хэдэн хүн мэддэг бол. Ойн судалгаа, хөгжлийн төвөөс албан ёсоор мэдээлснээр манай орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 12.2 мянган га бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувьтай тэнцэнэ. Ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгнөөс бүрдэх бөгөөд 84.7 хувийг навч, шилмүүст, 15.3 хувийг заган ой эзэлдэг. Чамлахаар чанга атгамаар үндэсний баялаг гэж үүнийг л хэлнэ. Өөрийгөө нөхөн сэргээх чадвартай энэхүү баялагтаа бид жинхэнэ ёсоор эзэн байж чадаж байгаа билүү гэж өөрсдөөсөө асуух цаг болжээ. Мод хулгайлах болохоор ойтой гэдгээ санаж, түймэр дэгдсэн хойно нь нийгмийн сүлжээгээр хэсэг шуугицгаадаг ядмагхан зуршлаар ойгоо “хамгаалдаг” зарчмаар хол явахгүй нь ойлгомжтой. Тийм учраас энэ удаад ой бүхий аймгуудын нэг Хэнтийг зорьж, ойн нөхөрлөлүүдийн бодит байдлыг сурвалжиллаа.

Хүнээс шалтгаалсан ойн түймэр 30 хувь буурчээ

Монгол Улсын хэмжээнд ой бүхий аймгуудад нийт 1300 орчим ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. Нутгийн иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж ойгоо хамгаалах нэргүй, бас цаггүй үйлсэд хүчин зүтгэсээр 20 гаруй жилийг ардаа үджээ. Хэнтий аймаг найман сая орчим га нутаг дэвсгэртэйгээс 1.7 сая га нь ойн сан бүхий газарт хамаардаг. Их эзэн Чингис хааны өлгий нутаг ойн сангийн нөөцөөрөө дөрөвдүгээрт жагсдаг. Үүний 20 гаруй хувийг ойн нөхөрлөлүүд гэрээгээр эзэмшиж хамгаалдаг юм байна. Ойн нөхөрлөл гэхээр зарим хүн сайн мэддэггүй байж мэднэ. Товчхондоо бол ой модоо хамгаалахаар сэтгэл зүрхээрээ нэгдсэн орон нутгийн иргэд гээд ойлгочиход болно.

Булганаас дутахааргүй анхдагчдын өлгий гэгддэг Хэнтийн Батширээт суманд 18 ойн нөхөрлөл үй ажиллагаа явуулдаг ажээ. Онон багийн 2009 онд байгуулагдсан “Хамтын хүч” нөхөрлөлийнхөн 8335 га газрын 4944 га ой бүхий талбайг хариуцан ажилладаг, 25 өрхийн 44 хүн байгаль орчны төлөөх үйлсэд нэгджээ. Сэтгэлд гал байхад зууханд түлээ олдоно гэдэгчлэн нөхөрлөлийнхөө үйл ажиллагааг хандиваар санхүүжүүлдэг хэдий ч 31 га-д ойн цэвэрлэгээ хийж, хүнээс хамаарсан түймрийг 30 хувь бууруулж чадсан гэдгээ ярьж байлаа. Монгол Улс 1996-1997 онд ойн түймэрт 2.5 сая га газраа өргөж байсан гэж бодохоор нөхөрлөлүүд ажиллаж эхэлснээр хэчнээн тэрбумаар хэмжигдэх, бас юугаар ч хэмжиж, орлуулж боломгүй эрсдэлээс тойрч гарсныг ойлгож болмоор. Өнгөрсөн хугацаанд мод үржүүлгийн талбайтай болоод амжсан, цаашдаа зөгийн аж ахуй, нарийн ногооны хүлэмж байгуулах зорилт тавьжээ.

Нутгийн иргэд ой модоо хамгаалах үйлсэд нэгдэж нөхөрлөл байгуулснаар модны хулгайчид гишгэх газаргүй болж баларчээ. Хэт хуурайшилт, аянгаас үүдэлтэй түймрийг эс тооцвол аюул, эрсдэл хангалттай хэмжээнд буурсан тухай олон хүн хэлж байв. Сум дундын ойн ангиуд (СДОА)-ын ажилд нөхөрлөлүүд том дэмжлэг болдог тухай Батширээт сумын СДОА-ийн дарга Л.Энхтүвшин онцлон хэлж байлаа.

Хүсэл ба төсөл

Ойн нөхөрлөлүүдийн сэтгэлийн дуудлагаар хийж гүйцэтгэсэн ажлуудыг тоочвол нэлээн хэдэн өдөр шаадрдагдах болов уу. Нутгийн малчид голдуу хүмүүс байгаль орчноо хамгаалах үйлсэд зүтгэдэг учраас монголчуудын үндэсний баялаг болсон ой өнөөгийн төвшиндөө оршсоор байгааг онцлох ёстой. Тэд багагүй зовлон бэрхшээлийн дундуур туучиж ой модоо хамгаалдаг. Хулгайн анчидтай бол улаан гараараа тулна. Байгаль орчны байцаагч, эрх бүхий байгууллагад мэдэгдэж хариуцлага тооцуулахаар нөгөөдүүл нь өс зангидна. Хурдан буутай, хуяг дуулгатай машинтай хулгайчид “Муусайн матаачид та нар сайнаа үзэхгүй. Хөлөө хүрэх газар яваарай, юу олж долоохыг чинь харна аа” гэх зэргээр доромжилж, басамжлах нь хэвийн үзэгдэл болж хавтгайрчээ.

Ойн нөхөрлөлийнхөнд овоо хань болдог, тусалж дэмждэг нь НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлдэг “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төслийн хамт олон. Урт нэртэй энэ төслийн багийнхан Монгол орны ойг хамгаалах үйлсийнхээ хүрээнд урт зам туулж, байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалах, хамгаалах чин хүсэлтэй олон зуун хүнд урам өгчээ. Монголд 1300 орчим ойн нөхөрлөл ажиллаж байгааг эхэнд цухас дурдсан. Эдгээрээс 101 нөхөрлөлийн гишүүдтэй хамтын ажиллагаа тогтоож, анхан шатны мэргэжлийн чиг баримжаа олгох болон чиглэлээр бодитой дэмжлэг үзүүлж иржээ.

Нөхөрлөлийн гишүүд дотор жижиг дунд үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн хийж борлуулах сонирхолтой хүн цөөнгүй байдаг боловч гарааны мөнгөгүйгээс болоод хад мөргөх нь олонтаа. Ганц жишээ дурдахад Дадал сумын “Амирлангуй” нөхөрлөлийнхөн нарсны боргоцойн шүүс, эмийн ургамал, жимс, жимсгэнэ зэргийг бага хэмжээгээр борлуулдаг. Тус нөхөрлөлийн гишүүн ойн дагалдах баялгаар бүтээгдэхүүн хийх улсын уралдаанд түрүүлжээ. Ой хамгаалагчдыг орлоготой байлгах үүднээс “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төслөөс тоног төхөөрөмж авахад нь дэмжлэг үзүүлдэгт олон хүн талархаж явдгаа хэлж байна лээ. Ойн нөхөрлөлийн гишүүдийн орлоготой байх хүсэлд урт нэртэй төслийн багийнхан л гар сунгаж байна.

Ямаанд хуваарилсан цалинг ой хамгаалагчдад өгч болохгүй гэж үү

Ойн нөхөрлөлийн гишүүд ямар ч цалингүй ажилладаг. Итгэх аргагүй ч энэ бол үнэн. Хулгайн анчид, модны хулгайчид, улаан түймэр гээд ойд заналхийлдэг бүхэнтэй хамгийн түрүүнд нүүр тулдаг хүмүүс бол ойн нөхөрлөлийн гишүүд гэдгийг байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Харин төр, засаг ойн нөхөрлөлүүдийг монголчуудын үндэсний баялаг болсон, Үндсэн хуулиар хамгаалагдсан ойн хамгаалагчид гэдэг том зургаар нь дахин харах цаг болжээ. Хүний амьдралд урам, урамшуулал хоёр хэзээ ч илүүддэггүй. Урмын үг, урамшууллын мөнгө хоёрын аль аль нь ой хамгаалагчдад хэрэгтэй. Тээр жил ямаанд 30 тэрбумын цалин баталсан түүх хуучраагүй. Тариаланчдад үр тарианы, малчдад ноосны урамшуулал гэж төсвөөс мөнгө хуваарилдаг. Тэгэхдээ бүр чамгүй хэмжээний мөнгө хүртээдэг. Харин эх орныхоо ой хэмээх үндэсний баялгийг хамгаалан буй ойн нөхөрлөлийн гишүүдийг төрийн бодлогын гадна орхих учир байхгүй. Үндсэн хуулиар мал сүрэг ч, ой мод ч төрийн хамгаалалтад байхаар заасан байдгийг төгсгөлд дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...