Хүйтэн дайнд цэг тавих Улаанбаатарын яриа хэлэлцээ

Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний 5 дахь бага хурал Улаанбаатарт боллоо.
Хурлыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон энэ удаагийн хуралдааныг хамтран зохион байгуулж буй ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрэээлэнгийн захирал Б.Энхбайгаль нар хэлсэн үгэндээ “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний ээлжит хурал Зүүн хойд Азийн бүс нутагт олон эерэг өөрчлөлт гарч, харилцан дайсагналцсан сөргөлдөөнөөс харилцан ойлголцол, найрсаг байдалд шилжсэн таатай, нааштай уур амьсгал бүрдэж буй нөхцөл байдалд болж байгаа нь “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний гол зорилго, үйл ажиллагаа хэрэгжиж буйн нэг тод жишээ юм гэдгийг онцлон дурдав.
Сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Зүүн Хойд Азид Солонгосын хойгийн асуудлаар 6 талт хэлэлцээ зогссон байх үед “Улаанбаатарын яриа” хурлыг санаачилж, 2014 онд эхлүүлж, өнөөдөр тав дахь удаагаа болж байна. Энэ бол Монгол Улс өөрийн бүс нутагт аюулгүй байдлыг хангахад дипломат ажиллагааны хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм. Энэ бүс нутагт энх тайвныг цогцлооход ямар асуудалд анхаарах хэрэгтэй вэ гэдгийг хэлэлцдэг. Хоёр хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагчтай гар барин уулзсан түүхэн үйл явдлын дараа уг хурал болж, Пхеньяны төлөөлөгчид оролцож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Дэлхийн II дайны дараа өрнөсөн “хүйтэн дайн” 1990-ээд онд олон улсад зогссон боловч Зүүн Хойд Азид өнөөг хүртэл үргэлжилсээр ирсэн. Гэхдээ “хүйтэн дайн”-ыг төгсгөх яриа хэлэлцээ эхэлж байна гэж харж байна” хэмээн мэдэгдлээ.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин нөхцөл цаашдын төсөөлөл, хэтийн төлөвийн талаар ярилцаж тулгарах сорилт, боломжуудыг тодорхойлох энэ удаагийн бага хуралд АНУ, БНХАУ, Энэтхэг, БНСУ, БНАСАУ, Франц, Герман, ОХУ, Японы судлаач мэргэжилтнүүд болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч, мөн Засгийн газрын түвшинд БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, БНАСАУ-ын албан ёсны төлөөлөгчид тухайн улсуудын ГХЯ-ны төлөөлөл оролцож буйгаараа онцлог байв.
Хуралд оролцогсдын байр суурийг хүргэвэл ОХУ-ын ШУА-ийн дэргэдэх Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгос-Монгол судалгааны төвийн тэргүүн, доктор А.В.Воронцов,

“Манай бүс нутагт Солонгосын хойгийн асуудлаар АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт зэрэг  бүх үйл явц сайн тал руугаа явж байгаад сэтгэл хангалуун байна. Олон улсын харилцааны уур амьсгал ингэж нааштай өрнөж буй нөхцөлд бид хуралдаж буй учир Улаанбаатарын энэ удаагийн яриа уулзалт үр дүнтэй болно гэдэгт эргэлзэхгүй. Зүүн хойд Ази дахь Солонгосын хойгийн таатай уур амьсгал Монгол Улсад хэрхэн тусч нөлөөлөх вэ гэж сэтгүүлчид их асууж байна.Үүнд хариулахад Солонгосын хойгийн нөхцөл байдал жилийн өмнөхөн л цөмийн мөргөлдөөн эхэлж болзошгүй тийм хурцадмал байдалд орж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл ийм богино хугацаанд асуудлыг дипломат аргаар эерэг тал руу нь зохицуулаад Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг зогсоох тал руу явж байгаа үйл явдлыг харж байна. Энэ нь хоёр Солонгос төдийгүй тэдгээрийг тойрон оршиж буй Япон, БНХАУ, Монгол, ОХУ зэрэг хөрш зэргэлдээ улс орнуудад энхтайвны таатай нөхцөл бүрдэх юм.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Энэ удаагийн хурлын онцлог гэвэл, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь өмнө нь хоёрдугаар сувгаар буюу эрдэмтэн судлаачдын түвшинд яригддаг байсан бол өнгөрсөн оноос Засгийн газрын түвшинд болон эрдэмтэн судлаачдын хүрээнд давхар хоёр хэлбэрээр явдаг болж буй нь  чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаар энэ удаагийн хурал сүүлийн 70 жилийн түүхэнд гараагүй, АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний түүхэн уулзалтын хоёр өдрийн дараа болж байгаа нь онцлогтой. Зүүн хойд Азийн бүс нутагт оршдог манай улсын хувьд энэ бүс нутгийн аюулгүй байдал, энхтайван, тогтвортой байдал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, чухал байр суурийг эзэлж ирсэн.
АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар нэгдүгээрт, АНУ, БНАСАУ шинэ харилцаа тогтоохоор боллоо. Хоёрт, Солонгосын хойг буюу Зүүн хойд Азид энхтайван, тогтвортой байдлын дэглэм тогтоож үйлчлэхээр болж энэ талаар тохиролцлоо. Гуравт, Хойд Солонгос улс цөмийн зэвсгээс бүрэн ангижрах тал дээр хоёр тал харилцан тохиролцлоо. Дөрөвт, Солонгосын дайнд олзлогдсон АНУ-ын цэргүүдийн шарилыг сэргээх зэргээр 4 гол асуудлыг хэлэлцэж цогц байдлаар тохирсныг та бүхэн мэдэж байгаа. Зургаахан сарын өмнө хурцадмал байсан уур амьсгал ийнхүү богино хугацаанд БНАСАУ, БНСУ, АНУ-ын зүгээс онцгой ач холбогдол өгч идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлсний үр дүнд бүс нутагт тогтвортой байдал бий болох сайхан хандлага гарч ирлээ. Монгол Улсын хувьд Зүүн хойд Азид яриа хэлэлцээний механизм эхэлж, хамтын ажиллагаа, аюулгүй тогтвортой байдлыг хангах чиглэлд цааш яриа хэлэлцээ үргэлжлэн явагдах сайхан хөрс суурь бий боллоо гэж үзэж байна. Гэхдээ урт хугацаа шаардагдах энэ үйл явцад Монгол Улс идэвхтэй байр суурьтай оролцож явна” гэв.
Тэрээр Зүүн хойд Азийн бүс нутаг дахь Монгол Улсын онцлогийг, энх тайвныг эрхэмлэгч, ардчилсан, тогтвортой, бүс нутгийн бүх улс оронтой дипломат найрсаг харилцаа тогтоосон онцлогтой улсын хувьд манай орон тэр хэмжээгээр бүс нутгийн холбогдох орнуудыг хооронд нь уулзуулж холбох, яриа хэлэлцээр өрнүүлэх, зуучилж өгөх зэргээр харилцан ойлголцож итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн, үүгээр Зүүн хойд Ази дахь Монгол Улсын байр суурь тодорхойлогдож  байдгийг тэмдэглэн хэлж байв.

АНУ-ын Жорж Тауны Их сургуулийн Аюулгүй байдлын судалгааны профессор, доктор А.Мансуров,
“Америкийн хувьд “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэлдэг. Хойд Солонгосын асуудал болон Зүүн хойд Азийн улстөрийн аюулгүй байдалд “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г чухал үйл явдал болдог гэж хардаг. Янз бүрийн ашиг сонирхолтой олон талын оролцоог нэг ширээний ард суух боломжоор хангаж өгдгөөрөө онцлог юм. АНУ-ын хувьд аль ч бүс нутагт хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцааны хөгжлийг эрхэмлэж ирсэн, хамтарсан эдийн засгийн хөгжил дэвшил байх ёстой гэдэг дээр байнга зөвлөж хөрөнгө оруулалтыг сайжруулах, худалдааны таатай нөхцөд байдал бүрдүүлэхийн төлөө явдаг. Энэ бүхэн бүс нутгийн хэмжээнд тогтоосой гэж бодож байна” гэв.

Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь анх 2014 онд Монгол Улсын зүгээс төрийн тэргүүний санаачилгаар бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх хэрэгтэй байна гэсний хүрээнд эхлэн эрдэмтэн, судлаачид чуулан санал солилцож ирсэн бол 2017 оноос тус арга хэмжээ бүс нутгийн улс орнуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч байгууллагуудын хүрээнд шилжин шат ахиж албаны төлөөлөл, олон улсын мэргэжилтнүүд оролцдог болон өргөжжээ.

Б.БОЛД

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...