НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 25-нд Усны өдрөөр үргэлжиллээ.
Энэ үеэр бид НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадаас цөөн асуултад хариулт авсан юм.
-COP17-оос гарах хамгийн чухал үр дүн юу байх ёстой гэж та үзэж байна вэ?
-Нэгдүгээрт, бэлчээрийн асуудал. Энэ чиглэлээр баасан гарагт шийдвэр гарна гэж найдаж байна. Цаашдаа ч энэ эрчээ алдалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Ялангуяа Египет бол бэлчээр, мал аж ахуйн олон янзын тогтолцоотой орон.
Хоёрдугаарт, тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын асуудал чухал. Египет асар өргөн цөлийн бүс нутагтай, усны хомсдолтой орон. Ийм нөхцөлтэй улс хүн амаа хэрхэн хүнсээр хангаж чадах вэ, хуримтлуулсан туршлага, шийдлээ цөлжилт болон усны хомсдолтой тулгарч буй Африк, Арабын бусад оронд хэрхэн түгээх вэ гэдэг нь чухал асуудал.
–Тэгвэл яг одоогийн байдлаар Монголд болж буй COP17-оос Та хамгийн түрүүнд ямар шийдвэрүүдийг хүлээж байна вэ?
–Бэлчээр, ган. Бид цаашид хүлээж болохгүй. Гантай холбоотой шийдвэр бидэнд хэрэгтэй. Мөн тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлыг урагшлуулах шаардлагатай.
Үүнээс гадна шинжлэх ухаан, бодлогын уялдаа болон Конвенцын стратегийн цаашдын хүрээг тодорхойлох асуудал чухал. Бид зөвхөн өнөөдөр тулгамдаж буй асуудлаа хараад байж болохгүй. Илүү өргөн хүрээнд, 2030 оноос цааш харж бодох хэрэгтэй.
Мөн хувийн хэвшлийн оролцоо, хамгийн гол нь хүмүүстэй холбоотой асуудал бий. Эдгээр асуудал энэ хурлаас хөтөлбөр, шийдвэр эсвэл өөр ямар хэлбэрээр бодит үр дүн болон гарах вэ гэдэг нь чухал байна гэсэн юм.

