СОР17 – УСНЫ ӨДӨР
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг УСНЫ ГАЗАР, НҮБХХ-ийн Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (BIOFIN) II төслөөс Монгол орны усны нөөц, үнэлгээ сэдвээр зэрэгцээ арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Монгол Улсын усны нөөцийн өнөөгийн байдал, өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээ, ялангуяа газрын доорх уснаас өндөр хамааралтай бүс нутгуудад тулгарч буй эрсдэлүүдийг хөндөн ярилцав. Мөн усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ, нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөх ус ашиглалтын норм, төлбөрийн тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага, байгаль орчинд сөрөг нөлөөтэй байж болзошгүй далд татаасыг бууруулахад баримтлах бодлого, гарц боломжуудын талаар санал солилцлоо.
Ус бол тэгш эрх. Ус бол ирээдүй хойч үеийн эрх. Ус бол эдийн засаг. Ус бол улс үндэстэн оршин тогтнохын асуудал.
Монгол Улсын нийт усны нөөцийн ердөө 2 хувийг газрын доорх ус эзэлдэг. Гэтэл бидний нийт усны хэрэглээний 70–80 орчим хувийг газрын доорх буюу гүний уснаас бүрдүүлж байна.
**Ус бол эдийн засаг.** Газрын доорх усны хомсдол, ган гачгаас шалтгаалан дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 5 хувиар буурсан талаар улс орнууд онцолж байна. Гаднын улс орнууд далайн усыг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр цаг минуттай уралдан ажиллаж байна.
Харин бид цэнгэг усаараа машинаа, хувцсаа угааж, ахуйн хэрэглээндээ ашиглаж байна. Ус бол зөвхөн нэг улсын асуудал биш. Ус бол зөвхөн нэг үеийн хэрэглээ ч биш. Ус бол шатахуун шиг дугаарлаад ч авч чадахгүй болох эрсдэлтэй байгалийн баялаг болоод байна гэж хэлэлцүүлгийн үеэр Усны газрын мэргэжилтнүүд санууллаа.
**CleanUP & Digital CleanUP** төсөл бол зүгээр нэг хог түүдэг цэвэрлэгээ биш. Энэ бол зөв сонголт хийж, байгаль орчинд ээлтэй дадлыг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх төсөл юм.

