УИХ-ын чуулганы хуралдаанаар бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон тул Д.Одбаяр, Н.Чинбат нарыг Цэцийн гишүүнээс чөлөөлөв. Шинээр гурван гишүүн томилсноор Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй буюу бүрэн бүрэлдэхүүнтэй боллоо. Цэцийн дарга байсан Н.Чинбат чөлөөлөгдсөн учраас одоо Үндсэн хуулийн Цэцийн нийт гишүүний хуралдаанаар даргаа сонгох учиртай.
Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн:
- Ш.Солонго
- Б.Буяндэлгэр
- Г.Туулхүү
- Г.Баясгалан
- Ж.Эрдэнэбулган
- Д.Гангабаатар
- О.Мөнхсайхан
- Э.Энхтуяа
- Л.Өлзийсайхан.
Шинээр томилогдсон Цэцийн гишүүдийн байр суурь:
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан: Үндсэн хуулийн зорилго, зориулалт нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн аливаа дур зоргыг хязгаарлахад оршдог. Тийм учраас Үндсэн хуулийн үзэл санаа, заалт бүрд шингэсэн хэм хэмжээ агуулгыг тайлбарлан хамгаалдаг оюун ухааны онолын шүүх бол Үндсэн хуулийн цэц билээ. Миний бие Үндсэн хуулийн зарчимд үнэнч ажиллана. Үндсэн хуульд үнэнч ажиллана. Мөн мэргэжилдээ үнэнч ажиллана.
Монгол Улсын Үндсэн хуульд “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага бөгөөд Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж хуульчилсан байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Үндсэн хуульд захирагдаж, аливаа байгууллага, албан тушаалтан бусад хүнээс хараат бусаар ажиллана.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Э.Энхтуяа: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол Үндсэн хуулийг чандлан сахиулах чиг үүргийнхээ хүрээнд хууль дээдлэн ажиллана. Хуулийн салбарт 23 жил ажиллахдаа хууль дээдлэх зарчмыг баримталж ирсэн.
Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөөг бататгасан, үндэсний тусгаар тогтнол, суурь харилцааг зохицуулсан улс төрийн чухал баримт бичиг. Монгол Улсын үнэт зүйл болсон хуулийг чандлан сахиж, хууль дээдлэн ажиллана.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр миний бие томилогдвол өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, Үндсэн хуульд захирагдаж, хараат бус төвийг сахиж ажиллана гэж бодож байгаа.
Өнгөрсөн хугацаанд хийж ирсэн судалгааны туршлага маань хэрэг болох болов уу. Б.Чимид багшийн хэлсэнчлэн Үндсэн хуулийн цэц бол алганд багтсан Монгол Улс. Тиймээс Үндсэн хуулиа хамгаалж, бэхжүүлж, үзэл санааны хувьд оновчтой тайлбарлаж, хараат бусаар төвийг сахиж ажиллана.
Хуульд заасан бүрэн эрхийн дагуу О.Мөнхсайханыг Дээд шүүхээс, Э.Энхтуяаг Монгол Улсын Ерөнхийлөгч, Л.Өлзийсайханыг УИХ-ын дарга томилуулахаар нэр дэвшүүлсэн юм.