УИХ-аар хэлэлцэж байгаа 2024 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа. Тэд эрх баригчид сонгуульд зориулсан авлигажсан, хувийн хэвшлийг дарамталсан төсөв батлах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:
-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-аар хэлэлцэж байгаа 2024 оны төсвийн хуулиар завсарлага авсан нь ирэх онд юмны үнийг өсгөж, авлигыг гааруулах гэж байгааг эсэргүүцсэн үйлдэл юм. Хэдийгээр эрх баригчид “Уул уурхайн компаниудын засаглал сайжирч байгаа гэж ярих ч сайжирсан зүйл огт байхгүй ирэх онд маш их татвар авна. 2024 оны төсөв сонгуулийн төсөв боллоо. 27 их наядын зарлагатай төсөв баталснаар ирэх жил үнийн өсөлт улам гаарна. Энэ том төсвийн үр дүнгээр, зардал хоёр дахин нэмэгдсэнээр бизнесийн орон зай хумигдана. Наанаа авлигатай тэмцэнэ, амьдрал сайжруулна гэх боловч бодит байдал дээр эрх баригчид хулгайг хуульчилж байна.
2024 оны төсвийн хуулийг дагалдуулж оруулж ирсэн Биржийн тухай хуулиар “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ тавина гэсэн. Биржээр нүүрсээ ил тод арилжаалахаар ашиг орлого нэмэгдэж байна гэдэг. Гэтэл одоо биржгүйгээр нүүрсээ арилжаална, БЭТ нүүрсээ зарах нь л дээ. Төрийн өмчит копанийн засаглал сайжирснаар байдал дээрддэг болохоос БЭТ томилсноор өөр хулгай л гарна. 2024 оны төсвийн бодит байдлыг судлан шинжилж цааш хүргэхийг хүсч байна. Улс орны эрх ашгийг бодоогүй, төрийг мангас болгосон, хууль бус зүйлийг өөгшүүлсэн төсөв болж байгаа учраас АН-ын бүлэг эсэргүүцэж байна.
УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:
-Дэлхийн улс орнууд төсвийн орлогоо өсгөхдөө болгоомжтой ханддаг, 15-20 хувиар л өсгөдөг. Татварын орлого дээр дарамт учруулдаг учраас болгоомжтой нэмдэг. Манайд уул уурхайн орлого нь нэмэгдэж байгаа ч 90 хувь нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр оногддог. 2021 онд ААНОАТ-аар 1.9 их наяд төгрөг төвлөрүүлдэг байсан бол 2024 онд 4.1 их наяд болгож, хоёр дахин нэмэгдсэн. НӨАТ 200 хувиар өссөн. Татвар төлөгчдийн нуруун дээр асар их ачаа ирж байгааг бид эсэргүүцэж байна. Уул уурхайн орлого өсөөд байгаа мэт боловч татварын орлого нь 2 дахин өсчихсөн. Хувийн хэвшлийнхэнд одоо байгаа дээр нэмээд 2 дахин их татварын ачаалал ирнэ гэсэн үг. Орлогынхоо 90 хувийг татварын орлогоор бүрдүүлэхэр байгаад сэтгэл зовж байна гэлээ.