Кино урлагт ШАР ГЭГЭЭ авчирлаа

Цаг хугацааны тоосонд дарагдаж үрэгдэх бус, дарайж үлдэх кино үзчихлээ. Монгол кино хэмээх алтаар бичигддэг сан хөмрөгт сав зайчлан бууриа дугуйллаа даа. Найруулагч Батдэлгэрийн бүтээл “Шар гэгээ” үйл явдлын холбоос, өгүүлэмж, жүжигчдийн ур чадвар, агуулга утга санаа, хэлж буй философи гээд аль ч талаас нь харсан жинхэнэ кино болж чаджээ. Нүүр будалтын тухай ярьмааргүй байна, энэ киноны ганцхан дутагдал нь жүжигчин болгоны нүүрэн дээр хэтийдүүлж шавсан бор будаг байсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ юу гээч, өнөөх шавар шиг бор будгийг марттал үйл явдал өрнөж, учир зангилаа хөвөрч, гол дүрүүд гол гогодон сэтгэл дотор минь амьдарлаа. Энэ кинонд сөрөг дүр байхгүй гэж хэлж болно, хэнийг ч үзэн ядаад үсээ зулгаагаад байх шаардлагагүй.
Үрээ алдсан залуу хосыг буурин дээрээ хаяад нүүж байгаа айл, хол ойрыг холбосон панзчин эр…аль аль нь амьдралд байдаг л дүр, бусдад буруу, өөртөө зөв явж л байдаг. Үр хүүхдийнхээ үүрэх тавиланд үсний ширхэг тоолон үйл болж буухыг нь мэдсээр байж анд мордож буй Дашжил…өргүүлсэн ганц хүүг нь алдчихаад ороод ирж байгаа хоёр залууг зайл хэмээн хөөх Хоролгарав, тэднийг буруутгах гэхээр хувь тавилангийн ээдрээг хувь дутан туулж байгааг нь хараад сэтгэл өвдөнө. Ламтныг буруутгах гэтэл үйлийн үрийн үнэн төрхийг тэр хүн л атгаж сүлэх нь сонин.
“Шар гэгээ” сүүлийн үед Монголын кино урлагт хайрцаг болтлоо хоногших болсон хэд хэдэн зохиомол дадлыг эвдэж чадсан. Заавал ямар нэгэн муугаас муу, муухайгаас муухай сөрөг дүр бодож олж, түүнийгээ балбан байж эерэг дүрээ өндийлгөдөг, үүний тулд хүний ёсноос гажууд үйлдлүүдийг эсрэг дүртээ үүрүүлдэг зуршлыг “Шар гэгээ” ардаа хаялаа. Мөн зохиолч, найруулагч, гол дүрийн жүжигчин, продюссерээ ганц хүн хийгээд холион бантан зуураад давхичихдаг эгоны ард бас гарч чадлаа. Үйл явдлын логик холбоос, дүрүүдийн сэтгэлзүйн задаргаа дээр ч чамбай ажиллажээ. Энэ киноноос сөрөг дүр хаймаар байвал тэр нь хүмүүний алдаа оноотой хувь тавилангийн ээдрээ аж. Энэ киноноос эерэг дүр хаймаар байвал тэр нь бас л хүмүүний нулимс баяр хослуулан туулдаг хувь тавилангийн нугачаа аж.
Гурав хоногийн өмнө үзсэн атал өнөөдрийг хүртэл Дашжил, Дарим хоёрынх хоёр гэрээрээ өвөлжиж байгаа болов уу, яасан бол хэмээн бодогдох нь Ш.Гүрбазар, Б.Батдэлгэр нарын сэтгэлд үлдээсэн шар гэгээ аж. Жижжалам, Батнямбуу гэж хоёр дотортой, тоглолттой жүжигчин дэлгэцийн урлагт дээврээ тавьж буйг олж харж бахархлаа. Энэрэлийн ур чадвар улам бүр чамбайрсныг үзээд чангаас чанга тэвэрмээр санагдлаа. За Ялалт бол угаасаа харцаараа жүжиглэхэд л хамаг киноны амьд судлыг сэрээнэ дээ. Ийм нэгэн шинэ кино мэндэлжээ, монгол хүний оршихуйн үнэнийг, ойлголтын учигийг, сэтгэлийн чин халууныг, итгэлийн гүн амийг багтаажээ, кино багийн хамт олонд баярлалаа.
Сэтгүүлч, нийтлэлч Р.Эмүжин

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...