ХАЙРЫН ДУУЧ

Цэгц аравт нэгдлийн уран бүтээлч Г.Нэргүйн “Чөдөргүй морь” (2001), “Миний зурсан зүүд” (2007), “Дорно зүгийн хавар” (2011), “Монгол минь” (2018), “Гүмүда” (2022) зэрэг яруу найргийн түүврийн шүлгүүд бараг бүхэлдээ бүсгүй хүний гоо үзэсгэлэн, хайр сэтгэлийн сэдэвтэй байх юм. Ерөөс аливаа уран бүтээлч ийм тийм юмны тухай бичнэ хэмээн өөрийгөө хүчиллэхээр олигтой бүтээл төрдөггүй хяслан бас бий. Харин өөрт хамгийн ойр сэдвээр, хар аяндаа төрсөн сэрэл мэдрэмжээ буулгахаар цаанаа л нэг амьтай болдог. Бодвол онгод гэж тэр биз ээ.
Г.Нэргүй гадна талаасаа онцгой байдлын хурандаа, төрийн хар хүн боловч дотоод сэтгэл, мөн чанар, уг натур нь уян зөөлөн, өр нимгэн эр. Тийм ч учраас түүний уран бүтээлд дотоод мөн чанарынх нь илэрхийлэл болсон намуухан хөгжим мэт зөөлөн ай мэдрэгдэнэ. Товчхондоо мань эр бол гоо үзэсгэлэнгийн өмнө өвдөг сөхрөгч, дурлал хайрын дууч шувуухай мөн болой.
Ажиглаад байхад яруу найрагчид шүлэг бүтээлээ туурвих явцдаа реализм болон модернизмын олон урсгал чиглэлээр туршилт хийсээр өөрийн өнгө төрхөө олж авдаг. Тэдгээрийн нэг нь монголын уламжлалт сонгодог бичгийн хэл найруулга юм. Ийм найруулгаар шүлэг зохиол туурвиж туршаагүй зохиолч ховор, бүр модернист яруу найрагчид ч энэ төрлөөр бичсэн байдаг. Харин тэр болгон Г.Нэргүйн “Монгол бүсгүй” шүлэг шиг яруу зохистой болсон нь цөөн биз ээ.
МОНГОЛ БҮСГҮЙ
Мөрөө дарсан гэзэг нь газар шүргэн алдаж
Мөнхөд хоногших инээдэнд лавай цагаан шүд ярсхийж
Дүр мэт үзэсгэлэн гоо сэтгэлийн сайхан хослоод
Гүмүда цэцэг дэлгэрэх мэт аяа юутай тансаг агшин бэ?
Намуухан дэлдэх бэндүр ятгын зөөлөн эгшиг лугаа
Нахилзан бүжиглэх уран бэлхүүс чинь юутай гоо вэ?
Шинийн хоёрны саран мэт алаг нүд тормолзоод
Шөмбийсөн уруул булбарай царайд юутай сайхан зохицоо вэ?
Аяа сайхан монгол бүсгүй сэтгэл булаанам
Агшин ч холдохын аргагүй аашны сайхнаар аргамжнам
Тэнгэр заяа хэвлийдээ тээсэн бурхан зураг
Тэргүүн өнгө, төгс намба дарь эхийн бүрэлбаа
Юмдүүжин цэцгийн зөөлөн торгон дэлбээ шиг
Юутай ч зүйрлэшгүй сайхан монгол бүсгүй
Нүдээ тас анин зураглахуй
Нүгэлт орчлон ариусаж бүсгүйн дүр тодорном
Мөрөө дарсан гэзэг нь газар шүргэн алдаж
Мөнхөд хоногших инээдэнд лавай цагаан шүд ярсхийж
Дүр мэт үзэсгэлэн гоо сэтгэлийн сайхан хослоод
Дүрслэхүйеэ гүмүда цэцэг дэлгэрэх мэт

Аяа юутай тансаг агшин вэ?
Болор цомын эзэн яруу найрагч До.Болдхуяг 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...