Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдад аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх зорилгоор НИТХ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг эхлүүллээ. Өдгөө ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ.
Арга хэмжээнд их, дээд 21 сургуулийн 150 оюутан шалгарсан юм. Оюутан цагдаа нар жуулчид ихээр төвлөрөн зорчдог газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Мөн тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг, байршлын талаарх шаардлагатай мэдээллийг шуурхай хүргэх үүрэг хүлээнэ. Оюутан цагдаа нар өдөрт дөрвөн цагаар буюу 10:00-14:00, 14:00-18:00 цагийн хооронд хоёр ээлжээр эргүүлд гарах бөгөөд ажлын нэг цагийн хөлс нь өмнөх жилүүдээс өсөж таван мянга болсон байна. Энэ жил төвийн бүсэд ажил үүргээ гүйцэтгэж буй оюутан цагдаа нарыг унадаг дугуй, скүүтэр, олон улсын хэлтэй орчуулгын төхөөрөмжөөр ханган ажиллаж буйгаараа онцлог.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Энэ жил Улаанбаатарт Зүүн Азийн залуучуудын спортын наадам, Үндэсний их баяр наадам, “Даншиг наадам – Хүрээ цам” шашин, соёлын наадам, “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадам, Жюү-Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон арга хэмжээ болно. Эдгээр арга хэмжээ, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монголыг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж буй энэ үед тэдэнд түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг нь ханган ажиллахаар сонгогдсон оюутан цагдаа нартаа амжилт хүсье хэмээсэн юм.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд “Энэ жилийн хувьд нэг өдөрт дунджаар 2400 орчим гадаадын иргэн манай улсыг зорин ирж байна. Цаашдаа энэ тоо өсөж 3000 гаруй болох төлөвтэй. Үүнтэй холбогдуулан бид оюутан цагдаа нарын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг шуурхай шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэлд нь мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, нягт хамтарч ажиллана” гэлээ.
Түүнчлэн гадаадын иргэд, жуулчдын дамжин өнгөрөх гудамж, талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, тэдний аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг эергээр зөв тайлбарлах мэдлэг чадвар олгох сургалтыг хоёр өдрийн турш зохион байгуулсан байна.