Залуу зураач Б.Орчлон уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ

Соёлын төв өргөөн дэх Хүүхдийн төв номын санд “Хөгжил” цогцолбор сургуулийн 11А ангийн сурагч Бүргэдийн Орчлонгийн “Миний зургууд” үзэсгэлэн өнөөдөр гал морин цагт нээгдлээ. Б.Орчлон хүү энэ жил 16 настай. Түүний анхны бие даасан үзэсгэлэнд гурван настайдаа зурсан зургуудаас нь эхлээд сүүлийн үеийн бүтээлүүд нь тавигджээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, “Монгол уламжлал” академийн Ерөнхийлөгч, доктор, профессор, зохиолч, яруу найрагч Л.Дашням, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Болдхуяг, Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд, яруу найрагч Ч.Пүрэвдорж тэргүүтэй эрхэм хүмүүс морилон ирж залуу уран бүтээлчийн анхны үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ хуваалцав.

Тухайлбал, Ардын багш Л.Дашням нар Б.Орчлон хүүгийн удмын авьяас билэг, уйгагүй хөдөлмөрч занг олзуурхан тэмдэглэж, урлагт шунан дурлаж сэтгэл зүрхээрээ тэмүүлж байгааг онцлоод цаашдын уран бүтээлд нь ташуур болох үгсийг хэлсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Аюурзана урлагийн хүний хэцүү атлаа бахархалтай замыг сонгосон Б.Орчлонд баяр хүргэж, 16 насандаа үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь Надя Рушеваг санагдуулж байна гэлээ.

Энэ үеэр Б.Орчлонг Монголын хүүхдийн ордны “Эрдэм” алтан медалиар шагнасныг гардуулан өглөө. Мөн “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид анхны үзэсгэлэнгээ нээсэн Б.Орчлон хүүд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүссэн.

Анхны үзэсгэлэнгээ дэлгэж буй сурагч Б.Орчлон уран бүтээлч гэр бүлд төрж өссөн юм. Түүний аав нь МЗЭ-ийн гишүүн, “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлийн гишүүн, Хутагтын нэрэмжит шагналт яруу найрагч Балжийн Бүргэд юм. Ээж Дэгмүү нь Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн “Гэр” урланг хичээллүүлдэг бөгөөд хүүгээ багаас нь уран зурагт дурлуулж, авьяасыг нь дэмжин хөгжүүлсэн гол нь нь аж. Б.Бүргэдийн гэр бүл Дээд Монголоос Улаанбаатарт ирж суурьшин улмаар Монгол Улсын иргэншил авсан юм. Монголын түүх, соёл, хэл бичгээ дээдэлдэг энэ гэр бүлийн ууган хүү Б.Орчлон ийнхүү зураач болох замыг эргэлт буцалтгүй сонгосон гэдгээ үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлж, олны итгэлийг дааж, сайн уран бүтээлч болохоо амлалаа.

Б.Орчлонгийн “Миний зургууд” үзэсгэлэнгээ Хүүхдийн төв номын сангийн “Бахархал” танхимд зургадугаар сарын 23-ныг дуустал дэлгэгдэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...