“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас цаг үеийн зарим асуудлаар тодруулснаа хүргэж байна.
-2023 он гарснаас хойш Эрдэнэс Тавантолгой ХК–ийн борлуулалт ямар хэмжээнд байгаа вэ? Төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахаар байна уу? ЭТТ борлуулалт буурч зогслоо гэсэн мэдээллүүд гараад байсан үнэн үү?
-Өчигдөр буюу 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 999.3 сая ам.долларын үнэлгээтэй, 9.6 сая тн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 дахин өссөн, компанийн 12 жилийн түүхэн дэх өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр борлуулалтын үзүүлэлт болж байна. Компани 2019 онд 15.5 сая тонн нүүрс худалдаж, хамгийн өндөр борлуулалт хийж байсан. Энэ борлуулалтын 60 орчим хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтыг энэ оны эхний 4 сард хийгээд байна. Борлуулалт зогссон гэдэг нь ташаа мэдээлэл юм.
-Биржээр нүүрс арилжаалж эхэлснээс хойш хэдэн удаагийн арилжаагаар хэдэн тонн нүүрс арилжсан бэ? Биржийн арилжаа, ам нөхцөлөөр худалдах хоёрын зөрүү тоо, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар тоон мэдээлэл өгнө үү.
-Монгол Улсын Засгийн газар 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ийг баталсан. Энэ тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулах анхны дуудлага арилжааг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт 14 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 768 мянган тонн нүүрсийг борлуулсан нь манай улсын нийт биржээр арилжсан нүүрсний 60 орчим хувийг эзэлж байна. Манай компани 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрчим хүчний нүүрсний, мөн оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хагас коксжих нүүрсний анхны дуудлага арилжааг амжилттай зохион байгуулсан. Биржээр борлуулсан коксжих нүүрсний үнэ 140.3-182.1 ам.доллар, эрчим хүчний нүүрсний үнэ 70.3-73.3 ам.доллар, хагас коксжих нүүрсний үнэ 97.4-117 ам.доллар байна.
Нүүрсийг биржээр борлуулснаар олон эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Борлуулалтын ил тод, нээлттэй байдал, оролцоо хангагдаж байна. Одоогийн байдлаар биржийн арилжаанаас 32 орчим сая ам.долларын нэмэлт орлогыг олоод байна.
-Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох урд хөршид нүүрсний үнэ огцом буурч байна гэсэн мэдээллүүд байна. Энэ бодитой мэдээлэл үү? Танай компанид хэрхэн нөлөөлж байна?
-БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний үнэ сүүлийн саруудад огцом буурч байгаа нь үнэн. Судалгаанаас харахад БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн идэвхжил саарч, улмаар коксын үнэ буурснаас үүдэн коксжих нүүрсний үнэ сүүлийн саруудад тус улсын зах зээл дээр огцом буурсаар байна. Тодруулбал, манай улстай хил залгаа БНХАУ-ын Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ энэ оны 3 дугаар сарын эхээр 1780 орчим юань байсан бол өнөөдөр 1220 орчим юань болж, даруй 31.5 орчим хувиар буурсан.
Энэхүү үнийн огцом уналт нь манай компанид гэлтгүй, манай худалдан авагч, хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Үнэ ийнхүү огцом буурч байгаагаас шалтгаалж худалдан авагчид эрсдэлээ үнэлж, ачилтаа бууруулах хандлагатай байна. Гэхдээ бид борлуулалтаа бууруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч өнгөрсөн 4 дүгээр сард 1.8 сая тн нүүрс борлуулсан. Түүнчлэн, 4, 5 дугаар сард нийт 7 удаагийн биржийн арилжаагаар 352 мянган тн нүүрсийг амжилттай борлуулаад байна.
-Цаашдаа ЭТТ ХК борлуулалт, тээвэр, экспорт дээрээ ямар бодлого барих вэ. Засаж залруулах, сайжруулах ямар ажлууд хүлээгдэж байна вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ хүрээнд олборлосон нүүрсээ биржээр борлуулах үйл ажиллагааг тогтмолжуулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Биржээр борлуулсан нүүрсийг тусдаа гарцаар гаргах Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
Олборлосон бүх төрлийн нүүрсээ сорчлохгүйгээр чанар, стандартыг сайжруулах, баяжуулах, нэмүү өртөг шингээх замаар борлуулахад онцгой анхаарч ажиллана. Энэ ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, шуурхай ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж байна.
Экспорт болон тээврийн хувьд шинэ гарцуудыг бий болгож, тухайн гарцуудаар экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлд төмөр замаар тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, Цагаандэл Уул боомтоор нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Экспортын шинэ гарц бий болгох төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна.
-Та ЭТТ ХК-д ирснээр борлуулалтын шинэ гэрээ байгуулсан уу?
-Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, намайг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Томилогдсоноос хойш өмнө байгуулсан гэрээний худалдааны нөхцөлийг сайжруулж, уурхайн ам нөхцөлөөс хил нөхцөл рүү шилжүүлэх чиглэлээр холбогдох нэмэлт, өөрчлөлт хийсэн.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох үед борлуулалтын нийт 178 гэрээ хэрэгжиж байсан, бүгд уурхайн ам нөхцөлтэй. Эдгээр гэрээнээс хугацаа нь дууссан бүх гэрээг дуусгаад, дахин сунгахгүй байх бодлого барьсан. Мөн хугацаа нь дуусаагүй байсан гэрээнүүдийг энэ оны 1 дүгээр улирлын сүүлээр хил нөхцөлөөр, биржийн үнээр худалдан авах эсвэл зогсоох нөхцөл тавьсан. Үүний дагуу ам нөхцөлтэй гэрээний тоо буурч хил нөхцөл рүү шилжсэн. Биржээр, хил нөхцөлөөр борлуулснаас өөрөөр нэг ч борлуулалтын гэрээ шинээр байгуулаагүйг хариуцлагатайгаар мэдэгдье.
Эх сурвалж: Өдрийн сонин