Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Нийслэлийн Прокурорын газраас Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаярыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;
түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Баясгаланг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;
түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Боржигон овогт Нүрзээгийн Болормаа, Монгол овогт Бөнтөгийн Цэрэндорж нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлж чадаагүй буюу буруу тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдал нь хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч Батбаяр, Баясгалан нарыг Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтын газруудыг залилсан гэх үйлдэлд хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хохирогчоор тогтоогдсон бөгөөд тус яамнаас тухайн газруудыг зөвхөн ашиглах зориулалтаар гэрчилгээг олгосон болох нь хавтас авагдсан гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж хуульчилсан.
Тодруулбал, залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.
БАЯНГОЛ,ХАН-УУЛ,СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР