М.ЭНХЖАРГАЛ: Шар хаднаас төрсөн олимпын дараагийн аварга болмоор байна

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер, Алдар спорт хорооны тамирчин М.Энхжаргалтай ярилцлаа.

-Дэлхийн аваргаас хүрэл медаль авсанд баяр хүргэе. Медалийн тавцанд зогсох хүртлээ ямар орны тамирчдыг буулгаж авав?

-Эхний тулаанаа Вьетнам улсын тамирчинтай хийсэн. Нэгдүгээр үе дээрээ хожигдоод хоёрдугаар үе дээрээ хоёр гурваар ялсан. Гуравдугаар үе дээрээ өрсөлдөгчөө тоолуулж оноогоо нөхөж дараа нь  Марокко улсын тамирчинтай тоглосон. Чацаар надаас өндөр, хүчтэй тамирчин байсан, чухал тоглолтуудын минь нэг болж таарсан. Гуравдугаар үе дээрээ, Бразил улсын тамирчинтай тоглосон миний хувьд мундаг тамирчин санагдсан. Медалийн төлөө Италийн тамирчинтай тулалдсан тус тамирчин ажиллагаа сайн тамирчин байсан. Ажиллагааг нь багасгахын тулд аль болох гэдсэнд цохих тактиктай тулалдсан. Тав дахь тулаан Колумб улсын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тоглосон. Нэгдүгээр үе дээрээ хожоод хоёрдугаар үе дээрээ оноо тэнцсэн , гурав дээрээ өмнөх тоглолтуудаас тоглолтоо өөрчилж, арагшаа ухрах займрах, угтуулах зальдаж хуурсан тоглолт гаргахын тулд хичээсэн.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

-Маш их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Би дээрээ нэг эгч, доороо дөрвөн эрэгтэй дүүтэй хүн. Гэртээ тогтохгүй гадуур эрэгтэй хүүхдүүдтэй нийлж их тоглодог байсан. Анх аав, ээж боксоор хичээллээд ирэхээр нүд хөхөрсөн үед яаж байна, гайгүй юу гэж асуудаг ч боль гэж нэг ч удаа хэлж байгаагүй.

-Боксын спорттой холбогдсон түүхээсээ хуваалцвал?

-“Алдар” спортын хороон дээр хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан. Хөлбөмбөгийн бэлтгэлээ хийж байгаад заалны буланд нэг жижиг мишок байсан. Тэрийг цохиж үзээд энэ юу юм гэсэн чинь бокс гэж хэлсэн. Ингэж бокс гэдгийг мэдсэн, бокс гэхээр ийм зүйлийг цохидог юм байна гэж бодоод өнгөрсөн. Удалгүй ээжтэй “Алдар” спорт хорооны урдуур өнгөрч явтал ээж миний охин сонирхож байгаа спорт байвал  бүртгүүлэх үү гэж асуусан. Орох үед боксын бэлтгэл орж таарсан. А.Гантулга багштай уулзаад боксын бэлтгэлд явъя гэж гуйсан. Ингээд  2015 онд 12 настайдаа боксоор хичээллэж эхэлсэн.

-Анх 12 настай боксоор хичээллэж эхэлжээ. Оролцоод урам авч байсан анхны ямар тэмцээн байв?

-“Шижир алт” тэмцээнд 2014 онд анх удаа тулалдахдаа нүдээ аньж зодолдсоор байгаад мөнгөн медаль авч байсан. Тэрнээс хойш урамшаад өдөр бүхэн бэлтгэлээ хийхээр ирэхдээ илүү том зорилго тээж, урамтай хийдэг болсон. Өсвөрийн хоёр удаагийн улсын аварга, залуучуудын хоёр удаагийн улсын аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын алт, мөнгөн медальтай. Энэ онд улсын аварга болсон.

-Баянзүрх дүүргийн 79 дугаар сургуулийг төгссөн гэсэн. Танай сургуулиас олон алдартай тамирчид төрсөн байдаг. Яагаад энэ сургуулиас алдартнууд төрөөд байна вэ?

-Миний хувьд хүмүүст нөлөөлж, үлгэр дуурайл авдаг гэдэгт итгэж байна. Манай сургуулиас олимпын аварга Э.Бадар-Ууган, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт, Шатрын дэлхийн аварга Г.Мөнхбаяр зэрэг хүмүүс төрөн гарсан. Үүнээс улбаалан би ч гэсэн чадна гэж өөрийгөө урамшуулдаг. Хүмүүс танай гэр хаана вэ гэж их асуудаг. Тэр үед нь би Шар хад гэж хариулдаг. Чи 79-д сурдаг уу гэж араас нь асуудаг. Би тиймээ гэхээр “Чи тэгвэл аварга болох нь ээ” гэдэг. Энэ үед маш их урам авдаг. Ерөөл ч юм шиг. Би анхнаасаа аварга болох заяатай төрсөн гэсэн тэр мэдрэмжийг дошноосоо, сургуулиасаа авдаг.

-Тэмцээнүүдэд орохын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Энэ бүхнийг яах гэж анх эхлүүлсэн тэр цэгтээ буцаж очдог. Одоо ухрах зам байхгүй, урагшаа алхах хэрэгтэй, одоо л боломж гарсан, дахиж гарахгүй шүү гэж өөртөө хэлдэг. Сүүлийн тэмцээн дээр сэтгэл зүйчтэй цуг бэлдсэн. Энэ нь илүү өгөөжтэй санагдсан. Өөртэйгөө ярилцсанаас хамаагүй дээр байсан.

-Тамирчдын хувьд бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрөлт чухал гэдэг. Яаж төвлөрдөг вэ?

-Нэхмэлийн утсаар оёно, зүү ороож оёж төвлөрдөг. Одоо аавдаа даалин оёж байна. Сүүлийн нэг жилийн турш даалин оёсон, удахгүй дуусгаад бэлэглэнэ. Бухимдах, хээрийн бэлтгэлд гарсан, тэмцээнд орохын өмнө унтаж чадахгүй тэмцээнээ бодоод  сэтгэлзүй тогтворгүй болсон үедээ илүү их оёдог.

-2012 онд боксоор хичээллэж эхэлсэн Энхжаргал, одоогийн Энхжаргал хоёрын хооронд гарсан өөрчлөлтүүд?

-Багштайгаа хоёулахнаа харилцдаг байсан. Одоо бол туслах дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Ж.Отгонбаяр багштай цуг бэлдэж байна, шигшээ багийн дасгалжуулагч багш нар, сэтгэл зүйч гээд олон хүмүүстэй хамтарч зорилгынхоо төлөө урагшилж байна.

-Дэвжээн дээр хэр шатаж тоглодог вэ?

-Би ер нь шатаж тоглодог төрлийн хүн биш. Хүмүүс цохиулсан үедээ их уурладаг, би тэгж байгаагүй. Өрсөлдөгч тамирчин чинь инээхээр уур хүрдэг үү гэж надаас их асуудаг. Өрсөлдөгч тамирчин инээхээр миний инээд хүрдэг. Яах ёстой юм бол, тоглолтоороо илүүрхэх талаар л тухайн үед боддог.

-Шантарч, зорилгоосоо буцмаар болж байсан үе олон бий юү?

-Байсан шүү, бэлтгэлд гараад хамаг бие буларсан. Тэсэхийн аргагүй өвдөөд гэртээ ирээд хэвтээд хэдэн өдөр бэлтгэлдээ очоогүй. Тэр үед багш ирээд аав ээжтэй уулзаад намайг загнаад аваад заал руу явсан. Хүмүүс хожигдохоороо шантардаг уу гэж их асуудаг. Хожсон, хожигдсон ялгаагүй дараа нь яах билээ гэдгээ боддог. Шантарсан үедээ Аав, ээж, багшийгаа их боддог. Тэд надад итгээд хүлээж байгаа гэхээр ухрах замгүй  санагддаг.

-Дараагийн оролцох тэмцээний тов гарсан үед өрсөлдөх тамирчдаа хэр судалдаг вэ?

-Судалдаггүй байсан. Өөрөө л болж байвал, өөрийнхөө бэлтгэлийг сайн хангавал хэн ч намайг дийлэхгүй гэж боддог байлаа. Харин саяын тэмцээний өмнө бичлэг үздэг болсон. Би өөрийнхөө тулааны бичлэгийг ерөөсөө үздэггүй, ялагдаж байгаа тэр цохиулж байгаа, бичлэгээ үзэхээр бачимдаад  байдаг. Гэхдээ одооноос илүү их бичлэг үзэж судалж байгаа.

-Боксчин Энхжаргал өөрийнхөө ирээдүй амжилтыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Том мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Дэлхийн аварга болох нь миний зорилго. Удахгүй энэ оны есдүгээр сард Азийн аварга болно. Шагналт байрт шалгарсан тамирчид олимпын эрхийн төлөө тоглоно. Иймээс тэмцээндээ бүх анхаарлаа хандуулж байгаа. Өдөр бүр тогтмол цагаар бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийхдээ өөрийгөө нэг ч удаа хууралгүй, чин үнэнчээр хийхийг зорьдог. Анх хичээллэж эхлэхдээ 2024 оны олимпод түрүүлэх нь миний зорилго байсан. Зорилгынхоо төлөө хичээнэ.

-Эмэгтэй хүний хувьд Энхжаргалын хийх дуртай зүйлс юу вэ?

-2024 оны Олимпод түрүүлчхээд зодог тайлна гэж боддог. Чөлөөт цагаараа ном унших нь их тайвшрал өгдөг. Одоо ажил, бэлтгэл гэхээр илүү өөртөө зарцуулах цаг бага гарч байна. Нүүрээ будаад өсгийтэй гутал өмсөөд алхах дуртай.

-Гэр бүлийнхэн нь боксын амжилтыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Анх тэмцээн үзээрэй гэхээр ирж үзэхгүй, ирэхээрээ гарч ороол тогтохгүй байсан. Одоо бодох нь ээ, их хэцүү байдаг байсан байх. Дотроо сандраад, өндөлздөг байсан байх гэж боддог. Аав нүд хөхөрсөн үед “Миний охин харин ч гайгүй байна муухай харагдахгүй байна, хөөрхөн шүү” гэж байнга хэлдэг.

-Гэр бүл төлөвлөлтийн хувьд, найз залуутай юу?

-Найз залуу байхгүй, гэхдээ харж явдаг хүн байгаа.  Ирээдүйд зорилгодоо хүрээд гэр бүлтэй болно гэж төлөвлөсөн олон зүйлс бий. Мөн боксоо больсон үедээ бэлтгэл хангагч болно гэж боддог.

                                                                                                                                                                                                                                   Ярилцсан  Г.Тунгалаг

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Сэрэмжлүүлэг: Телеграм ашиглан нийт 10,3 тэрбум төгрөгийн залилан хийжээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой...

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...