BTS-ийн гишүүн Жимин “Face” нэртэй анхны бие даасан цомгоо баасан гарагт худалдаанд гаргана. Цомгийн өмнө тэрээр Японы Nikkei сайтад ярилцлага өгчээ. Жимин өөрийн шинэ цомогт багтсан уран бүтээлийн талаар болон BTS 2025 онд хэрхэн эргэн ирэлтээ хийхээр зорьж буйгаа ярьсан байна. Ярилцлагыг дор сийрүүлэв.
“Face” анхны бие даасан цомгийнхоо талаар ярихгүй юу? Хэр удаан цомгоо бэлдсэн бэ?
–Би “Face” цомог дээрээ COVID-19 тахлын үеэр ажиллаж эхэлсэн ч 2022 оны эхнээс илүү эрчтэй ажиллаж эхэлсэн гэхүү дээ. Намайг цомог гаргахад түлхэц болсон нэг зүйл бол “BTS”-ийн гишүүд маань. Тэд намайг өөрийн бодол, мэдрэмжээ хөгжмөөр илэрхийлэхийг санал болгосон. Миний цомог дэлхий дахинд гарах гэж байна гэхээр нэг л сандарч, бүр чичирсэн. Энэ бол миний анхны бие даасан цомог. Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж нэлээд санаа зовж байна.
-Энэ цомог таны жинхэнэ дүр төрхийг илэрхийлнэ гэж та хэлсэн байсан. Жинхэнэ Жимин гэж ер нь хэн бэ?
Амьдралын сорилт, туршилгуудын дараа хүн янз бүрийн л сэтгэл хөдлөл, мэдрэмжийг авдаг. Хүн бүр л сэтгэлдээ нүүр тулахыг хүсдэггүй нэг тийм мэдрэмж, гүн нууцтай гэж би боддог.
Би өөрийнхөө гүн дэх тэрхүү мэдрэмжийг ажиглаж соло цомгоо хийсэн. “Face” гэдэг үгийг нэр үг, эсвэл “нүүр тулах” гэдэгтэй адилтган ашиглаж болно. Би цомгоороо өөрийнхөө үнэн нүүр царайг харуулж тантай шударгаар яримаар байна. Тайзан дээрээс миний дур булаам талыг харж дассан хүмүүст энэ цомог миний нөгөө талыг харуулж, ганцаардал, тэмцлээ хэрхэн хөгжмөөр даван туулахыг харуулах болно.
Бие даасан уран бүтээлийнхээ хувьд ирээдүйн ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
Миний хувьд энэ бие даасан цомог маань өөрийгөө сорих сорилт байсан учраас дуучны хувьд нэгэн шинэ эхлэл болсон бодож байна. Би өөртөө маш том зорилго тавихаас илүү надад их итгэл найдвар тавьж байгаа хүмүүсийн сэтгэлд хүрэхийг хүсч байна. Хүмүүс миний өөрчлөлтийг олж харвал би баяртай байх болно.
“BTS”-ийн гишүүд надад үргэлж надад эерэгээр нөлөөлж эрч хүч, урам зориг өгдөг. Надад сүүлд Taeyang-тай (Big Bang хамтлагийн Соло артист) хамтран ажиллах боломж олдсон. Тэр миний төсөөлж байснаас хамаагүй илүү гайхалтай уран бүтээлч байсан. Надад ч гайхалтай эерэгээр нөлөөлсөн.
“BTS” хамтлаг 2013 онд дебют хийж гар ирснээс хойших амжилтыг та хэрхэн дүгнэх вэ?
Шүтэн бишрэгчдийнхээ дэмжлэгийн ачаар үнэхээр мөрөөдлийн гэмээр амжилтад хүрсэн. Грэмми-д нэр дэвшсэн, Billboard-ын Hot 100 чартын 1-р байранд орсон зэрэг амжилтыг “арми” наргүйгээр \BTS-ийн шүтэн бишрэгчид\ үзүүлж чадахгүй байсан гэж боддог. Бидэнд ирж буй энэ их дэмжлэг, халуун сэтгэлийг өөрийнхөө хамаг хүч нөөц бололцоог дайчлан хариулах ёстой гэж боддог.
BTS-ийн бусад гишүүд ч соло төслүүд дээрээ ажиллаж байгаа. Тэдний талаар юу хэлэх вэ?
Бусад гишүүд маань бүгд л бие даасан цомгоо гаргахаас өмнө сандарч байсан. Тэдний хөгжим өөр өөрсдийн өнгийг ил гаргасан, өөрсдийн хандлага, онцлог шинж чанараар дүүрэн байдаг. Гишүүдийн маань зөвлөгөө намайг бие даасан цомгоо гаргахад түлхэц болсон. Тэдний хэлсэн үг цомгоо ямар чиглэлээр туурвихад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Бусад гишүүдийнхээ цомгуудыг хараад бид ямар өөр, өөр өнгө төрх мэдрэмжтэйг мэдрээд их гайхсан шүү. Би гэхэд соло цомгоо гаргахдаа өмнө нь бусад гишүүддээ хэт их найдаж ажилладаг байснаа ойлгосон. Бусад маань ч адил соло цомог дээрээ ажиллахдаа надтай адил бэрхшээлийг туулж, туршлага олж авсан байх. Энэ туршлага, мэдрэмжүүд бид эргэн нэгдэж уран бүтээл хийхэд ихээхэн тус болно гэж бодож байна.
Цомог гаргахаас гадна 2023 оны төлөвлөгөөг чинь сонирхож болох уу?
Энэ жил миний хувьд шинэ сорилтуудаар дүүрэн байх болно. Яг одоогоор бол би зөвхөн цомогтоо анхаарлаа хандуулж байна. Гэхдээ өөрийгөө хэрхэн өөр талаас нь шүтэн бишрэгчиддээ харуулж, шинэлэг ямар зүйлүүд бүтээх вэ гэдгээ бодож байгаа. Бас энэ онд шинэ хоббитой болно гэж төлөвлөж байна.
К-поп дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн урсгал болж чадсаны нууц юу вэ?
Хэцүү асуулт байна. К поп хөгжмийг бүтээж байгаа, энэ дунд амьдарч байгаа хүмүүсийн нэг учраас би үүнийг бодитойгоор харахад хэцүү. Гэхдээ олон хүн К-попыг хил хязгаар, хэлний бэрхшээлээс үл хамааран хайрлаж, таашааж байгааг хараад сэтгэл минь маш их хөдөлдөг. К-поп дэлхийд хөгжмийн хүчийг харуулсаар байх болно гэж найдаж байна. BTS, мөн би ч үүний тулд чадах бүхнээ хийх болно.