“CLEAN UP- BUBBLE FESTIVAL” буюу гэрэлт Монголын эзэд

Өнөөдөр сайхан өдөр байлаа. Юу нь сайхан бэ гэж үү? Тоосонд дарагдсан хотоо залуус нь цэвэрлэж эхэлж байгаад. Тоостой байна аа огцор!!! Гээд лоозон барьж орилоогүй. Тортгоос нь бага ч гэсэн салгая гээд алчуур сарван бариад зүлгэж зогсоо залуусыг хархаар үнэхээр хайр хүрэм сайхан байлаа. Шүлс үсчүүлэн шүүмжлэх нэг хэрэг шүүр хүрз бариад үлгэрлэх огт өөр байдаг юм байна. УБИС-ын өмнөх хэсгийн гудамж талбайг цэвэрлэж буй залуусын цэвэрлэгээг дагаад бусад байгууллагууд ч гадна орчноо угааж зүлгэж харагдана лээ. Сайхан үйлс л ингэж саруул гэгээнээр бусдад нөлөөлдөг. Энэ залуусын үйлдлээс бид олон дүгнэлт хийж болно.

Монголчууд бид сүүлийн жилүүдэд залуусаа намаар нь талцуулж хувааж аваад элдэв хурал, лекц, семинар, аялал зугаалга гээд сэтгэхүйг нь сэглээд, баруун зүүний хагас дутуу сохор доголон онолоор хандлагыг нь хамхчаад хаячихсан. МАН, АН гээд олон намуудын дэргэд байдаг залуусын байгууллагууд. МЗХ, МОХ, АЗХ, НАМЗХ гээд олон арван холбоод юу хийв дээ? Илтгэх урлаг, ярих чадвар, уран илтгэл. Залуу улс төрч, залуу манлайлагч, залуу илтгэгч юу юу ч билээ. Түй чёрт дандаа л ярьж донгосох, элийрч цэцэрхэх хоосон онолоор залуусынхаа сэтгэлгээний хөдөлмөрч орон зайг түйвээж орхисон. Ярьж л байвал ухаантай болж харагдана. Жагсаж тэмцэж байвал улс төрч болж олонд танигдана. Ийм л үлгэр дуурайллыг тэд олон зуун залууст өгсөн.

Тэдгээр хоосон хийрхэл, ярих урлагийн мастерууд нь хар нялхаараа улс төрийн оёг цээж өвчин тусаж. Эргээд улс төр, нам цаашлаад Монгол төр, түүх соёлынхоо эсрэг хийрхэн. Баруун солгойгүй жагсаж тэмцсэн төлгөн улс төрчид болдог. Төлбөртэй эзэдтэй жагсаалын баатрууд болж шизордог. Ингэж бэлтгэгдсэн залуус нь эсрэг намынхаа эсрэг туу гэх масс бэлтгэл ар тал болдог. Сошиал сүлжээгээр довтлох, улс орноо, төр засгаа шүлсдэн доромжлох бүхэл бүтэн тролл арми болон бэлтгэгдсэн нь бий. Үүнд залуус биш улс төрийн намууд, улс төрчид өөрснөө хамгийн их буруутай. МОНГОЛД ИЙМ Л ЗАЛУУС ГЭРЭЛ ГЭГЭЭГ АВЧ ИРНЭ .

Миний хувьд “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” -ын залуусыг хараад ингэж итгэсэн. Энэ залуусаас ихээхэн өөдрөг мэдрэмж авсан. Хүн ярих нь шүүмжлэх ихдээд ирэхээр дордож доройтож, хийх хөдөлмөрлөх нь ихсэхээр өөдөлж хөгждөг. Улс гэр ч ялгаагүй. Тэгвэл энэ залуус тоостой хот, тортогтой талбай, хогтой гудамж гэж хоосон шүүмжилж. Лоозон барьж жагссангүй. Туузан даавуу намируулсангүй. Нэг ч гэсэн хэсгийг нь угааж цэвэрлэе гээд биечлэн манлайлж байгаа нь Монголын залууст хагас жаранд лав үзэгдээгүй үзэгдэл. Залуусыг хувин алчуур бариад цэвэрлээд эхлэхээр орчныхон нь хүртэл гаднахаа угааж арчаад эхэлж байгаа нь гоц содон гэгээлэг МСЖ, гойд сайхан үйлсийн эхлэл байлаа.

Энэ давлагаа Улаанбаатарын гудамж бүрд хүрээсэй. Хуурайшилтай тоос шороотой Монгол орны төв суурин газар бүрд хавар бүрийг эхлүүлсэн уламжлал болоосой. Нөгөө эвэнт гэгч нь болчихвол нэн сайн сан. Яах Вэ дуулж хуурдаад бүжиж цэнгэсэн залуусын Монгол орны хаврыг эхлүүлдэг цэвэрлэгээний наадам болгож орхих юм сан. БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГазар нэг юм бодоосой доо. Үүнийг л ёстой хөхиүлэн дэмждэг газар ш дээ. Залуус чинь эхэлчихлээ шүү дээ сайд дарга нар аа! Монголд ийм л залуучууд гэрэл гэгээг авч ирнэ. Жагсдаг ярьдаг шүүмжилдэг залуусаас энэ улсын хөгжлийг битгий хай!!! Хуцдаг нохой хаздаггүй шиг ярьдаг шүүмжилдэг шүлсээ үсэргэдэг хүн ажил хийж бүтээмж гаргадаггүй юм!!!

МОНГОЛЫН ТӨР ЗАЛУУСЫГ ҮГ РҮҮ БИШ ҮЙЛДЭЛ РҮҮ ХӨТЛӨХ ЦАГ БОЛСОН

Хүний хөгжил гэж ярих. Хүний хөгжлөө онолын мэдлэг. Илтгэх урлаг ярих чадвар , баруун зүүний онол гэж улиглан ярьж ирсэн. Лекц сургалт, зөвлөгөөн хуралдаанаа одоо цөөлчих өө. Төрийн ордноосоо эхлээд энэ тэнд хурал танхимд 30 жил нойрмоглон байж чууллаа. Дөч жаран жилээр хоцорлоо. Цэцэрхэгчид надаас эхлээд гудамжаар нэг хөглөрч онолдож, шүүмжилж шүлсдэж хараагаад хэдэн зуун мянгаараа болчхоод байна. Яагаад гээч? Ажилгүй хүн ам хэлээрээ л зугаа хийдэг. Завтай хүн завхайрдаг гэдэг шиг. Завтай ажилгүй нийгмийн олонхи болсон хүмүүс хэл амаа билүүдэхээс өөр яах вэ дээ. Дээр нь нам, улс төрчид, элдэв эвсэл холбоод та нар ярих цэцэрхэх, бүлтрэх илтгэх бүх урлагийг нь заагаад өгчихсөн. Олон улсын байдал, улс төр, нийгэм эдийн засаг гээд мэдэхгүй ч юм алга шүүмжлэхгүй ч юм алга.

Захын архичин гадаад ертөнцөөс эхлүүлээд улс төр, банк санхүү, нүүрсий хулгай ярьж. Яаж асуудлыг шийдэх талаар ярьж онолдож, хэрэлдэж маргаж энэ улс чинь бүрэн элийрч гүйцлээ. Нээх л их ярьсан онолдсон шүүмжилсэн шүүсэн хүмүүсээр эх орон минь хуустаж орхисон. . Харин өнөөдрийн “CLEAN UP- BUBBLE FESTIVAL”-ын залуус шиг олныг хамруулсан хөдөлмөр, бодит ажлын давлагааг энэ мэтээр хот хөдөө, газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн салбарт өрнүүлье л дээ. Залуусаараа манлайлуулж иргэдээ татан оролцуулаад намар нь ядаж ургацаа хураагдаад авъя. Үгээр хөөцөлдөх биш үйлдэл хийдэг хүрз барьдаг залуус иргэдийн хүрээг тэлье. Төр аж ахуйн нэгжүүд ийм санал санаачилгыг бодлогоор бодит мөнгө санхүүгээр дэмжээд өгөх сөн. . “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” шиг ийм сайхан ажлыг үндэсний хэмжээнд хүртэл эдийн засгаар нь дэмжээд өгчих л дөө.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” хөдөлгөөнд ингэж л жирийн ард иргэд, залуучуудаа хамруулмаар байна шүү дээ. Албан газар, төрийн байгууллагууд, уул уурхайн та хэд хүчрэхгүй байгаа бол. Үндсэн ажлын хажуугаар завдахгүй байгаа бол ийм л залуучуудад төсвийг нь гаргаж өгөөд модоо тариулчих, ургацаа хураалгачих л даа. . . Аливаа олон нийтийг хамрах том ажилд албан хаагчид, ажилчдаа албадахаасаа илүү ард иргэдээ татан оролцуулж байж бүтээлч Монгол чинь аандаа би болно. Иргэд олон түмэн хөдөлмөрч зуршил сууж олноороо дарвиж доргиж ажиллахын сайхныг мэдэрч, хамт олонтой байхын чухлыг ойлгож, ажлын бүтээмжээсээ урам зориг авдаг зөв зуршилтай болно доо. Дараа дараагийн олон нийтийн ажлыг хүсдэг хүлээдэг болно. Үүнийг л хэрэгжүүлье эрхэм мэргэн дарга сайд нар аа.

Нийтлэлч: Оросоогийн Түвшиндэмбэрэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро...

ШИНЭ ХОРШОО: Өнөөдрийн зээл, маргаашийн өр

Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн...

Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар болгох ажил эхэллээ

НИСЭХИЙН аюулгүйн тойргийн ТЭЗҮ, зураг төсвийн ажил дуусаж ГҮЙЦЭТГЭГЧИЙН...

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...