Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр, Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн аль 2021 онд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан, улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.
Гэвч шүүх хурал нь он дамжин хойшилж сунжирсаар, шийдвэр гаргалгүй өдгөө хүрч байгаа нь мөнгөтэй хүмүүст шүүхт нөлөөлөх боломжтойг харуулж байна гэж хардахаас аргагүйд хүрч байна.
Д.Батбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал товлогддог ч ямар нэгэн шалтгаанаар,яаж ийж байгаад хойшлуулсаар өдий хүрлээ. Шүүх хуралдаанд гэрч ирээгүй, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нар олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж, ажил нь дуусаагүй үргэлжилж байгаа, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан, нэмж авсан өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлагатай зэргээр хойшилж байв.
Өнөөдөр 11.00 цагт Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр товлосон байсан боловч бас л хойшлогдлоо. Учир нь уг хэрэгт хяналт тавьсан, улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцох байсан прокурор М.Очбадрах эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон ба шүүх хуралдаанд томилолтоор оролцохоор томилогдсон прокурор Ж.Баянжаргал нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр болсон байна. Тодруулбал, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болсон гэж шүүхээс мэдээлжээ.
Шүүх хуралдаан өмнө нь 2021 оны 11 дүгээр сарын 18, 2021 оны 11 дүгээр сарын 30, 2022 оны нэгдүгээр сарын 04, 2022 оны нэгдүгээр сарын 27, 2022 оны хоёрдугаар сарын 10-нд тус, тус хойшилж байсан юм. 2022 оны хоёрдугаар сарын 28-нд шүүх хурал болж тав хоног үргэлжилсэн ч хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж байв. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 21, 2023 оны нэгдүгээр сарын 10-нд товлогдож байсан ч мөн л хойшлогдсон байдалтайгаар Д.Батбаяр, Т.Баясгалан нарын мөнгө угаах, залилах гэмт хэрэг шийдэгдээгүй удсан хэвээр байна.