Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын хуралдаанаар ёсоор болгожээ. УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөн байж Засгийн газарт дээлээ давхарласан нэг сайд ийнхүү “Хуулийн байгууллагад шалгуулж байгаа” гэх үндэслэлээр ажлаа өглөө. Хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ хамаг хүчээрээ хамгаалж, хуулийн цээрлэлээс бултуулж явахыг үзсэн болохоос хуулийн байгууллагад очоод шалгуулаа хө гээд танхим дотроосоо тахим өгүүлж байхыг харж байсангүй. Ийм “тэнэг” Засгийн газар, Ерөнхий сайдыг өмнө нь үзсэнгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ “тэнэглэл” шударга ёсыг хүсэмжилсэн монголчуудад бол таалагдсан. Хөгжлийн банкны, нүүрсний хулгайтай тэмцэхэд намтайгаа, найз нөхөдтэйгөө нүүр тулна гэдгийг гадарлаж л байсан байх. Танилын нүүр халуун байдаг бол нөхдийн нүүр улайссан тогоо шиг байх нь ойлгомжтой. Гэхдээ Хөгжлийн банкны хулгайн тухай шүгэл үлээж зүтгэснээр 1.4 их наяд төгрөгийг эргүүлээд олоод ирлээ. Нүүрсний хулгай тамтагаа алдсаныг хэлж сануулсаар байгаад авлигын сүлжээ рүү нэвтрээд авлаа. Хуулийнхан одоо ид мөрдөж байна. Төрд нүүрлэсэн хулгай, хулгайч хоёроос салах нь гэсэн итгэл олон нийтэд төрж эхэлсэн нь энэ тэнэглэлийг зөвтгөх цор ганц шалтгаан юм.
Авлигатай, хулгайтай тэмцэхэд улстөрчид дэгээ тавихаас биш дэмжиж тусалсан түүх байхгүй. Яагаад гэвэл улстөрчид өөрсдөө авлигач, хулгайч байх нь элбэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ олон их наядын хулгайтай тэмцэхэд улстөрчдөөс, нэг намын нөхдөөсөө нүүр буруулж, өргөдлийг нь өгүүлж байгаа нь зөв “тэнэглэл” болчхоод байгаа юм. Хулгайтай тэмцэхэд олон нийтийн дэмжлэг хамгийн том хүч байдаг. Тиймээс л олон нийтийг түшиж, Толгойд ч багтахгүй том мөнгөн дүнтэй, улсаа чирээд дампууруулчих эрсдэлтэй энэ олон хулгайг цэгцэлж авах нь хамгийн зөв нүүдэл. УИХ-ын хэд хэдэн гишүүн дахиад чөлөөлөгдөх өргөдлөө өгөх сураг гарсан. Өргөдлийг нь өгүүлж, халдашгүй эрхээс нь салгаж байгаад хуулийн өмнө улстөрчдийг аваачдаг энэ тэнэглэл үргэлжлээсэй.
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС