Дэлхий Онцлох Хятад улс Япон, БНСУ-ын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоолоо Editor - 2023 оны 01 сарын 11 17:21 0 Хятад улс иргэдийнхээ зүгээс гаргасан удаа дараагийн эсэргүүцлийн дараа дэлхийн хамгийн хатуу Ковидын эсрэг хязгаарлалтын дэглэмээ бууруулж, гурван жилийн дараа хилээ нээсэн. Үүнээс хойш ковидын хязгаарлалтын дэглэм, журамтай холбогдолтой үл ойлголцол улс орнуудын дунд үүсээд байна. Тодруулбал, Өмнөд Солонгос, Япон улс БНХАУ хоорондын нислэгүүдээ хязгаарлах, хятад жуулчдад тусгайлан халдвар хамгааллын журам мөрдүүлж, халдвар хамгааллаа чангатгах шийдвэр гаргасан. Тэгвэл хятад жуулчдад тавьсан COVID-19 хязгаарлалтын эсрэг БНХАУ анхны хариу арга хэмжээ авч, Өмнөд Солонгос, Японы иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоолоо. БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Хятад руу чиглэсэн зарим улс орны нэвтрүүлэх хязгаарлалт нь шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд хэт их сүржигнэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас Өмнөд Солонгосын иргэдэд аялал, бизнес, эмчилгээ, дамжин өнгөрөх тээвэр болон хувийн ерөнхий харилцаа зэрэг зорилгоор виз олгохоо больсон гэж “South China Morning Post” мэдээлэв. БНСУ болон Японы тал ковидын халдавар хамгаалалтай холбоогүй, өөр шалтгаанаар виз олголтоо зогсоож уйд харамсч буйгаа илэрхийлээд байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин Сөүлийн шийдвэр нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд Хятадын хариу арга хэмжээнд “гүн харамсаж байна” гэж мэдэгдлээ.