2023 онд эдийн засагт сэргэлт авчрах үйл явдлууд

Амны билэгтэй монголчуудын хувьд шинэ он сайхан гарлаа. Амьдрал нь үнийн өсөлтөд хүчиндүүлж, ирээдүй нь нүүрсний хулгайч нарт алдагдлсан ч монгол айл бүр шинэ оноо эрвийх дэрвийхээрээ угтаж, амны билгээ бодож шинэ оноо сайхан угтсан юм. Шинэ гарсан 2023 онд монголчуудын амьдрал дээшлэх үү, элгээрээ хэвтсэн улсын эдийн засаг сэргэх үү, том төслүүд урагшлах уу, нүүрсний гэх мэт хулгайчид хуулийн гэсгээл хүртэх үү гээд хариултаа хүлээсэн олон асуулт он дамнав.

Ковид-19 цар тахал Монгол Улсын эдийн засгийг агшааж, эдийн засаг 7 хувийн уналт руу чирсэн. Халаагаа өгсөн оны бөгсөн дээр экспортын нийт орлого 11 тэрбум ам.доллар болж цар тахлын өмнөх түвшинд хүрсэн байна. Одоо өмнөд хөрш хилээ нээчихвэл улсын эдийн засаг уналтаас сэргэлт рүү бодитоор шилжинэ. Өнгөрсөн жил муу муухайгаараа өчнөөн дуудуулсан Хөгжлийн банк чанаргүй зээл гэх ангилалд орсон байсан 1 их наяд төгрөгийг хулгайчдаас эргүүлэн олж авлаа. Цаана нь дахиад ч төлөх ёстой өчнөөн мөнгө үлдсэн.

Монгол Улсын өрийн хэмжээ таазанд тулчихсан. Өртэй айл өөдөлдөггүйн үлгэрээр “саарал жагсаалт”-д хүртэл ороод амжсан. 2023 онд Монгол Улс өнөөх муу нэртэй хэдэн бондын өрөөсөө салж амрахаар байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох мөчид олон нийтэд дуулгав. “Чингис” бондын нийт 2 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломж бүрдсэн юм байна. Хар хурдаараа уруудаж явсан улсын эдийн засаг өсөлт рүү чиглэсэн нь 2023 оны аятай үйл явдлын нэг болох нь дамжиггүй.

2023 оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно. Энгийнээр хэлбэл Монгол Улсад Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой дээр нэмээд саалийн шинэ үнээтэй болно гэсэн үг. Том төсөл бодитоор урагшилна. Саалийн үнээ нэмэгдэхээр төсвийн орлого нэмэгдэнэ, гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ, ажлын байр олон мянгаараа бий болно. Том төслийн үр ашиг, хаялга нь ингэж мэдрэгддэг. Тийм ч учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 он сэргэлтийн жил болно гэж ам бардам хэлсэн байх.

Бүтэн жарны турш ярьсаар л ирсэн Эрдэнэбүрэний УЦС-ын ажил 2023 онд жинхэнээсээ эхэлнэ. Олон жил хууртагдсан болохоор хүмүүс итгэхгүй байх л даа. Гэхдээ эхлэх нь үнэн. Хойд хөршөөс валютаар авдаг эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэж, илүү гарсныг хөрш айлдаа өгдөг болох тийм чухал ач холбогдолтой Усан цахилгаан станц. Нэмээд Тавантолгойн Цахилгаан станцын ажлыг эхлүүлж, Амгалангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орох хүлээлттэй.

Цар тахлын аюул цаашилж буй тул аялал жуулчлалын салбарт сэргэлт гарах байх. Агаарын нислэгийн тоог нэмэгдлүүлж, визийн журмыг хөнгөвчилж, аюулгүй байдлыг сайтар хангаж чадвал жуулчид Монголыг сонгоно. НҮБ-ын дарга манайд ирээд дайн дажингүй, амар амгалан гоё улс байна гээп Монголыг тултал магтаад буцсан. Бид харин энэ магтаалд эзэн болох, сайтар хичээх өртэй үлдсэнээ ухамсарлах хэрэгтэй. Ер нь тэгээд хоёр хөрш ч юмуу, өөр бусад орнууд Монголыг хөгжүүлэх үүрэггүй. Эзэн нь юм бол энэ улсыг монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...